Хөдөлгөөн хаасанд иргэд бухимдалтай байна

ЗГМ: Сэдэв


  • Энэ үед зүүнээс баруун тийш буюу хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн харьцангуй сийрэг байв. Гэтэл эсрэгээрээ баруунаас зүүн буюу хотоос хөдөөг зорих урсгал нэлээн ачаалалтай байсан юм
  • Хотоос гарч буй тээврийн хэрэгслийн урсгал хот руу чиглэсэн хөдөлгөөнөөс хоёр дахин их байсныг тээврийн цагдаагийн албаныхан тэмдэглэжээ. Хөдөлгөөнийг нээснээс хойш хоёр цагийн хугацаанд 200 гаруй машин хотоос гарсан гэх барагцаалсан тоо гаргасан байлаа
  • Улсын хэмжээнд байнгын 62, нэмэгдлээр 36 пост байрлуулсан байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэхээр зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн замд хөдөлгөөнт байдлын хяналт шалгалт зохион байгуулж байгаа аж
  • Багануурын пост дээр урт цуваа бий болсон байна. Тэнд бас цаг их алдлаа. Зохион байгуулалт жаахан муу байна уу гэсэн тал ажиглагдсан
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өчигдөр өглөө 06.00 цагт нээсэн. Үүнтэй холбогдуулан нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор асуумж авч байна. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг 19 асуултаас бүрджээ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч бүрийн халууныг үзэж байлаа. Бид өчигдөр Налайхын хяналтын цэгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Тус хяналтын цэгт Тээврийн цагдаагийн алба, ОБЕГ, НМХГ, НЭМГ, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн ЗДТГ-ын төлөөллөөс бүрдсэн 31 хүн ажиллаж байв. Хяналтын ажилтнууд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэхийн сацуу жолооч, зорчигч иргэдийн халууныг хэмжиж, хаанаас хаа хүрч яваа мэдүүлгийг хуудсаар бөглүүлэн бүртгэж байна. Мөн нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндийн байдлыг хуудсаар авч байлаа. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ “Улаанбаатарт найман хяналтын цэг ажиллаж байна. Алба хаагчид өглөөний 04:00 цагт бэлэн байдалд цугласан. Хоёр цагийн хугацаанд бүхий л бэлтгэлээ хангалаа. Хүмүүс ажилдаа явж байгаа учраас иргэдэд аль болох саад болохгүй, хугацаа алдахгүй, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэд мэдээлэл сайтай байгаа учраас асуумжаа сайн бөглөж, бидний ажилд бүх талаараа тусалж, тавьж буй шаардлагыг зөвөөр хүлээн авч байгаад талархмаар байна” гэв. 06:30-08:30. Энэ үед зүүнээс баруун тийш буюу хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн харьцангуй сийрэг байв. Гэтэл эсрэгээрээ баруунаас зүүн буюу хотоос хөдөөг зорих урсгал нэлээн ачаалалтай байгаа харагдав. Хотоос гарч буй иргэдийг онцгой, мэргэжлийн хяналт, эмнэлгийн мэргэжилтнүүд ээлж дараалан хаанаас хаа хүрэхийг нь асууж, хэдий хугацаанд, ямар зорилготой хэдүүлээ явж буйг нь “байцааж” автомашиных нь улсын дугаарыг нэг бүрчлэн бүртгэж байв. Иргэд ч асуумжид хариулж, халуунаа хэмжүүлээд постоор гарч байна. Улаанбаатар хотоос гарч буй Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батзаяа “Дорноговь аймаг орох ажилтай. Тэндээ 2-3 хонох болов уу” хэмээн тайлбар өгсний дараа түүнтэй уулзахад “Хэд хоног хот хоорондын зорчих хөдөлгөөн хааснаас болж чухал ажил маань хойшлоод байна. Аливаа шийдвэр гаргахдаа дарга нар иргэдээ бас бодолцмоор байгаа юм. Тэгвэл хэн хэндээ хэрэгтэй. Манайхан дор бүрнээ ариун цэврээ сайн сахиж, төрөө дэмжиж ажиллаж байгаа ийм үед зам харгуйг ингэж удаан хугацаагаар хаах хэрэггүй байсан болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Зөвхөн Налайхын товчоо ийм байна уу гэтэл үгүй аж. Баруунтурууны товчоогоор ч мөн цагийн үед орон нутгийг зорьсон цуваа маш их байсан аж. Бүр хот руу чиглэсэн хөдөлгөөнөөс даруй хоёр дахин их байсныг Тээврийн цагдаагийн албаныхан тэмдэглэжээ. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш хоёр цагийн хугацаанд дунджаар 200 гаруй машин хотоос гарсан гэх барагцаалсан тоо гаргасан байлаа. 08:30-10:30. Энэ үед баруунаас зүүн тийш чиглэх хөдөлгөөн ачаалал ихтэй хэвээр л байв. Гэхдээ зүүнээс хот руу чиглэсэн ачаалал ч нэлээд нэмэгдэв. Иргэд асуумж хуудсыг төвөгшөөлгүй бөглөж байгаа ч зарим нь сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Иргэн Н.Бат-Ундрал “Би Налайхаас явж байна. Гэтэл надаар заавал асуумж бөглүүлэх шаардлагагүй. Халуун хэмжихэд л хангалттай. Надаас хол газраас ирж буй олон хүн бий. Тэднээс авбал зохилтой. Асуумж хуудас бөглөсний дараа дахин өөр хүн хэд хэдэн асуулт асууж байна. Энэ мэт ажлуудаа цэгцлэх хэрэгтэй болов уу” хэмээн ярилаа. Тухайн иргэнийг бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсанаас хойш хэсэг хугацааны дараа хөдөлгөөн зохицуулж буй замын цагдаагийн хүсэлтээр Налайхын автобус, тээврийн хэрэгслийг зогсоолгүйгээр шууд нэвтрүүлж эхэлсэн. Энэ талаар лавлахад “Машин бүрийг шалгахад маш их хугацаа орно. Дээрээс нь иргэдэд их чирэгдэл учрах төлөв харагдлаа. Хэдхэн машинаас асуумж асуухад урт цуваа үүсэж байна шүү дээ. Ачаалал ямар их болсныг та харж байгаа биз” гэв. Багануураас ирсэн иргэн Б.Батбаяр “Багануурын пост дээр урт цуваа бий болсон байна. Тэнд бас цаг их алдлаа. Зохион байгуулалт жаахан муу байна уу гэсэн тал ажиглагдсан. Энд бол арай дээр юм. Миний хувьд хязгаарлалт сунгаснаас болж гурван өдрийн ажлаа алдсандаа бухимдалтай явна. Гэхдээ төрөө хүндэтгээд чимээгүй л хэлснийг биелүүлээд явж байна. Ийм бүртгэлжилт хийхдээ хугацаагаа сайн тооцох хэрэгтэй. Нэг иргэнээр асуумж бөглүүлж, хэдэн асуулт асуухад багадаа л таван минут зарцуулж байх шиг. Энэ нь бага мэт боловч их цаг хугацаа” гэж ярилаа.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын газрын дарга Н.Байгалаас хоёр асуултад хариулт авав

-Орж, гарч байгаа хүмүүсийн халууныг үзэж байна. Хэрэв халуунтай хүн байвал ямар арга хэмжээ авах вэ?

-Юун түрүүнд тухайн иргэнийг машинтай нь замаас гаргана. Улмаар цагдаа, онцгой албаныханд хүлээлгэж өгөөд ХӨСҮТ-рүү мэдээлэх үүрэгтэй. Манайх дүүрэгтээ тусгаарлах эмнэлэг бэлдсэн учраас шууд Налайхдаа тухайн хүнийг тусгаарлана. Одоогоор хүн халуурсан тохиолдол гараагүй байна.

-Өнгөрсөн хугацаанд хориог давахын тулд байгаа газрынхаа Онцгой комисс, эмнэлгийн бичиг шаардаж байсан. Хорио цээрийн хугацаанд танай байгууллагад ийм тохиолдол хэр их гарав?

-Нэлээд байсан. “Хойшлуулж болшгүй чухал ажилтай учраас хот руу орох хэрэгтэй байна. Ажилдаа явж чадсангүй. Тодорхойлолт авъя” гэсэн маш олон хүн ирлээ. Замын ачааллын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ “Улаанбаатараас гарах, Улаанбаатар руу орох хөдөлгөөн нэлээд ачаалалтай байна. Үдээс хойш гэхэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь чиглэлийн автомашинууд олноор орж ирдэг. Тэр ч үүднээс ачаалал одоо байгаагаасаа хоёр дахин нэмэгдэх хандлагатай. Тиймээс иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Ер нь зөвхөн өнөөдөр ч гэлтгүй энэ сарын 30-ныг хүртэл хотоос гарах, хот руу орох хөдөлгөөн нэлээд ачаалалтай байх төлөвтэй” хэмээн ярилаа.

Улсын хэмжээнд 98 цэгт хяналт, шалгалтын пост байрлуулжээ

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд байнгын 62, нэмэгдлээр 36 пост байрлуулсан байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэхээр зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн замд хөдөлгөөнт байдлын хяналт шалгалт зохион байгуулж байгаа аж. Мөн зөөврийн хурд хэмжигчийг олон газар ойрхон зайтай байрлуулсан гэнэ. Замын хөдөлгөөнд жолоочоос гадна оролцож байгаа иргэд тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах, жолоочид анхаарал, хяналт тавьж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд 21 аймгийн хэмжээнд цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам халтиргаа гулгаа ихтэй байгааг албаныхан сануулаад хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж хэллээ.
САНАЛ БОЛГОХ