Муу түүхтэй хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлана

ЗГМ: Сэдэв

  • Аймаг, сумын удирдлагууд компаниудын хариуцлагагүй байдлыг улам өөгшүүлж, өөрсдийн тулгамдсан асуудлаа тэднээр амар хялбар шийдүүлэх гэж зорьдог болоод удаж байна
  • Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлахаа мэдэгдсэн. Тэдний гаргасан хар жагсаалт дотор байгаль орчинд хор хөнөөл үзүүлсэн, нийгмийн хариуцлагаа огоорсон, аваар осол хамгийн их гаргасан компаниуд багтжээ

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нийгмийн хариуцлагатай, хариуцлагагүй гэж хоёр ангилахад л хангалттай. Эндээс хэн нь хэн болохыг мэдээд авна гэсэн үг. Зөвхөн тухайн сум орон нутгаас цөөн хэдэн хүнийг ажлын байртай болгох төдий, сумын ой, сургууль, цэцэрлэгт хандив өргөж, тусламж үзүүлэх нь чухамдаа нийгмийн хариуцлага гэж үзвэл энэ нь ихээхэн өрөөсгөл ойлголт болох биз ээ. Аймаг, сумын удирдлагууд ч компаниудын энэ мэт байдлыг улам өөгшүүлж, өөрсдийн тулгамдсан асуудлаа тэднээр амар хялбар шийдүүлэх гэж зорьдог болно. Орон нутгийн төсөв гэж бий. Үүнээс аймаг, сум, баг гээд засаг захиргааны нэгж болгонд төсөв хуваарилдаг. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанитай тохиролцох, эсвэл давхар давхар дарамт, шахалт үзүүлэх гэж оролддог нь орон нутгийнхны гэм биш зан болжээ. Аж ахуйн нэгжүүдтэй уулзахад улсад төлөх татвар, хураамжаас гадна албан бус татвар, хураамж их байдаг тухай дурдаж байсан юм. Энэ байдал орон нутагт хамгийн түгээмэл байна. Нийгмийн хариуцлага нэрийн дор компаниудыг ялгаварлах, компаниуд мөн адил орон нутгийн иргэдийг хохироох тохиолдол цөөнгүй. Тэрчлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ удаад алтны компаниудыг онцоллоо. 2020 оны эхний сард төв банк аж ахуйн нэгж, иргэдээс 3.5 тонн алт худалдан авсан. Жилийн өмнөх үетэй харьцуулахад алтны тушаалт тав дахин өссөн байна. Харин хоёрдугаар сард 4.3 тонныг худалдан авчээ. Жилийн өмнөх үеэс 856 кг-аар өссөн дүнтэй. Алт олборлож буй компаниудын олонх нь Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байна. Эргэн сануулахад, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын аманд алт олборлож байсан “Эко Алтан Заамар” компанийн уурхайд осол гарч, таван иргэн амь насаа алдсан. Компани аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас ажлын байран дээрээ амь насаа алдах тохиолдол алтны салбарт хамгийн их гарч байжээ. Дээр дурдсан аймгуудын нэг нь Завхан. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт түшиглэн хөгжихөө зарлаж, уул уурхайгаас ангид бүс нутаг болох зорилго дэвшүүлсэн. Хэдий тийм боловч алтны бизнес тус аймагт цэцэглэж, олгогдсон лицензийн тоогоор улсад дээгүүрт тооцогдож байна. Хамгийн сүүлд гэхэд л Отгонтэнгэр хайрхны ойролцоо олгогдсон алтны лицензийг Ерөнхий сайдын захирамжаар цуцалсан билээ. Монгол түмний шүтээн болсон төрийн тахилгат ууланд хүртэл лиценз олгосон байна гэхээр нөхцөл байдал орон нутагт хэр хүндэрсэн нь харагдана. Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй “Баян айраг Эксплорэйшн” компанийн талаар иргэд тэр болгон мэддэггүй. Үйл ажиллагаа нь ихээхэн нууцлагдмал бөгөөд 10 гаруй жил Завхан аймгийн Дөрвөлжин суманд алт олборлож байгаа тус компани хэдий хэмжээний алт Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасан талаар тодруулах гэсэн боловч төв банкны зүгээс энэхүү мэдээллийг нууцалдаг болохоор нарийн тоо хэлэх боломжгүй гэв. Төсөл нь хэрэгжиж эхэлсэн цагаас хойш багагүй хэл ам дагуулж, орон нутгийн эсэргүүцэл, тэмцэлтэй нэлээд тулгарсан. Хэдий тийм боловч уг төсөл зогсох бус харин урагшилсаар өнөөдөртэй золгов. Шувууд олноор үхсэн, химийн бодис хөрсөнд алдагдсан гээд өнгөрсөн хугацаанд багагүй асуудал дэгдсэн билээ. Хариуцлагагүй компанийн хэнэггүй үйлдлээс болж уул уурхайн салбар нэр хүндээ барж боломгүй. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлахаа мэдэгдсэн. Тэдний гаргасан хар жагсаалт дотор байгаль орчинд хор хөнөөл үзүүлсэн, нийгмийн хариуцлагаа огоорсон, аваар осол хамгийн их гаргасан компаниуд багтжээ. Үүнд алт олборлох компаниуд цөөнгүй бий. Тэрчлэн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо мөн адил өөрсдийн салбар доторх хариуцлагагүй компаниудаа нэрлэнэ гэв. Дэлхийн зах зээл дээр өдөр ирэх тусам алтны үнэ өсөж байна. Гэтэл алт олборлож буй аймгуудын хөгжил сул дорой хэвээр. Тухайлбал, Аймгуудын өрсөлдөх чадварын 2019 оны судалгаагаар, 21 аймгаас 16-д Завхан аймаг эрэмбэлэгджээ. Алтны салбарын нэр хүндийг өргөж, улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй компани цөөнгүй. Тэдний сайн нэр дор саар компаниуд ч үйл ажиллагаа явуулсаар. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Баянхонгор аймагт гэхэд хариуцлагагүй компанийн балаг дуусахгүй байна. Хэдий алт эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий стратегийн бүтээгдэхүүн боловч уул уурхай салбарын муухай харагдуулах болсон компаниудтай салбарынхан өөрсдөө хариуцлага тооцох цаг ирснийг хэлж байсан юм.
САНАЛ БОЛГОХ