Пи тооны өдрийг тэмдэглэхээс гадна гайхамшигт физикчдээ магтан дурсахуй

UB Info

Өнөөдөр бол Алберт Эйнштейн мэндэлсэн өдөр ба Стивен Хокинг мөнх бусыг үзүүлсэн өдөр билээ. Алберт Эйнштейн бол орчин үеийн физикийн үндэс суурийг цогцлоосон хосгүй эрдэмтэн байсныг бид бүгд мэдэх билээ. Түүний 1905 онд бичсэн дөрвөн шинжлэх ухааны өгүүллүүд нь тухайн үедээ физикийн ертөнцийг доргиосон бөгөөд хожим нь үүнийг "Annus Mirabilis papers" буюу "Гайхамшигт жилийн өгүүллүүд" хэмээн нэрийдсэн.

1. Эхний өгүүлэл "On a Heuristic Viewpoint Concerning the Production and Transformation of Light" хэмээх нэртэй байсан бөгөөд фото-электрик үзэгдлийг тайлбарлан харуулснаар Макс Планкийн дэвшүүлсэн энергийн квантчиллын санаанд дэмжлэг үзүүлэн Квант физикийн үндэс суурийг тавьжээ. Энэ өгүүллээрээ 1921 онд Нобелийн шагналыг хүртсэн боловч амьд ахуй насандаа Квант физикийг бүрэн бус онол хэмээн үзэж байсан билээ.

2. Дараачийн өгүүлэл нь "On the Motion of Small Particles Suspended in a Stationary Liquid, as Required by the Molecular Kinetic Theory of Heat" хэмээх нэртэй бөгөөд тухайн үедээ асуудалтай хэмээн тооцогдож байсан хийн кинетик онолыг ашиглан шингэн дотор байгаа молекулууд нь Броуны хөдөлгөөн хийн хэмээн онолоор баталсан. Тухайн үед атомыг онолд ашиглагдаж болох хэрэгтэй санаа боловч оршдог эсэх дээр нь физикчид болон химичид маргалддаг байсан. Энэ өгүүлэл нь атом үнэхээр оршин байдгийг харуулах туршилтын үндэс болсон бөгөөд Статистик механик үнэн болохыг харуулсан.

3. Гурав дах өгүүллийн нэр бол "On the Electrodynamics of Moving Bodies" бөгөөд Харьцангуйн тусгайн онолын хоёр постулатыг дэвшүүлсэн. Эхний постулат бол бүх физикийн хууль инерциал (хурдатгалгүй) тооллын системд ижил , харин хоёрдугаар постулат бол бүх тооллын системд гэрэл тогтмол хурдтай байна. Энэ хоёр постулат тухайн үед байсан эрдэмтдийн толгойг эргүүлж, классик механикийг төгс онол биш гэдгийг харуулж физикийн ертөнцийг доргиосон билээ. Цаг хугацаа, орон зай, масс , энерги хэмээх хэмжигдэхүүнүүд цахилгаан соронзон оронтой нийцэхүйц онолыг дэвшүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэн харьцангуйн ерөнхий онолыг 1915 онд боловсруулсан. Энэ онолынх нь төлөө Нобелийн шагнал авах эрхтэй хэмээн олон эрдэмтэд үзэж байсан ч Нобелийн хорооны зарим эрдэмтэд туршилтаар бүрэн батлагдаагүй онол хэмээн үзэж байсан билээ.

4. Дөрөв дэхь өгүүллийн нэр бол "Does the Inertia of a Body Depend Upon Its Energy Content" буюу масс энерги хоёрыг эквивалент хэмээн харуулсан билээ. Өчүүхэн бага масс ч гэсэн агуу их энерги өөртөө агуулж байдгийг харуулсан бөгөөд тухайн үед химийн аргаар энерги ялгаруулан тэсрэлт үүсгэдэг байсан аргыг халж цөмийн харилцан үйлчлэлээс гарган авах энергийг ашиглан маш хүчтэй тэсрэлт хийж болохыг энэ өгүүлэл харуулсан билээ. Өөрөө ч үүнийгээ ойлгож амьдралынхаа сүүлийн он жилүүдийг цөмийн зэвсгийн эсрэг байр суурьтайгаар нийгэмд нөлөө үзүүлж байсан билээ.

Энэ агуу эрдэмтний хийсэн үйл хэргийг товчлон бичсэн ч их тул бид дараа дараагийнхаа постонд илүү дэлгэрэнгүй бичье гэж шийдлээ.

Харин одоо өөртөө ойртсон бүхнийг залгигч биетийг автомат тэргэнцэр дээрээс ялсан хүний тухай бичье. Стивен Уильям Хокинг бол Британийн онолын физикч байсан бөгөөд хажуугийн хатингарт хатуурал өвчний улмаас биеэ удирдах чадвараа алдсан. Жил ирэх тусам түүний өвчин хүндэрч ажлаа хийхэд нь хэцүү болж байсан ч тэрээр үүнд төвөгшөөлгүй ажлаа үргэлжлүүлэн хар нүхний тухай өвөрмөц шинж чанарыг олж нээсэн билээ. Хар нүх бол өөртөө ойртсон бүхнийг залгигч биет бөгөөд гэрэл ч түүнээс зугтаж чадахгүй тул оршдог эсэх нь тодорхойгүй онолын хүрээнд орших биет байсан билээ.

Харин хар нүх цацаргалт хийдгийг Стивен Хокинг квант механикийн дагуу боломжтой гэдгийг харуулсан бөгөөд үүнийг Хокингийн цацаргалт хэмээн нэрлэсэн. Хар нүхний үйл явдлын хаяавчны (event horizon) зааг дээр квант флуктаци (өмнө пост дээр тайлбарлаж байсан) хэмээх үзэгдэл явагдаж хар нүхнээс атом цацаргагдсаар байгаад хар нүх өөрөө алга болно хэмээн онолын тооцоог хийсэн билээ. Үүнээс гадна тэрээр "Цаг хугацааны товч түүх" хэмээх олон нийтэд зориулагдсан физикийг тайлбарласан номыг бичсэн бөгөөд энэ ном нь 237 долоо хоног шилдэг зарагдсан номын жагсаалтыг тэргүүлж физикийн шинжлэх ухааны гайхамшгийг олон нийтэд ойлгуулж олон олон хүмүүст физикч болох урам зоригийг хайрласан билээ.

Эх сурвалж: www.bbvaopenmind.comwikipedia.orgwikipedia.org

Зургийг: society6.com

САНАЛ БОЛГОХ