Амин чухал аминт нэгдэл буюу Витамин

UB Info

Польш улсад төрсөн Америкийн биохимич Casimir Funk 1912 онд бери бери, чийг бам, пеллагра-арьс ярших, сульдаа зэрэг өвчний шалтгаан болдог хүнс тэжээлтэй холбоотой дутагдалд ордог тусгай химийн нэгдэл байдаг хэмээн таамаглалыг дэвшүүлснээр витаминыг цааш судлах үүдийг нээв.

Тэрээр үүнийг Витамин буюу "Vital amines", "Life amine" (Амин чухал амин) хэмээн нэрлэсэн байдаг. Дорнын улс орнуудад ихэд тохиолдож байсан бери бери гэх өвчин нь цайруулсан цагаан будааны өндөр хэрэглээний улмаас Витамин В1 дутагдаж, мөн захын мэдрэлийг гэмтээдэг өвчин бөгөөд үр тариа, бор гурил хэрэглэх, бүхэл үрийн талх зэрэг хүнс, витамин нэмэлтээр хэрэглэж эмчилдэг байна. Английн биохимич Frederick Gowland Hopkins амин хүчил триптофанийг нээсэн ба 1929 онд бери бери болон арилгаагүй будааны хоорондын хамаарлыг судалж нээснээр хамтрагч Christiaan Eijkman-н хамт Нобелийн шагнал хүртжээ. Оросын нэрт невропсихатрист-мэдрэлийн тогтолцоо, сэтгэцийн эмгэг судлаач, эмч Сергей Сергеевич Корсаков 1890-ээд оны үед архины хэт их хэрэглээтэй холбоотой шим тэжээлийн дутагдалд орж олон мэдрэлийг гэмтээдэг эмгэгийн сэтгэцийн талаас илрэх өөрчлөлтүүдийг судалж байжээ.

Тэрээр сэтгэцийн эмгэгийн солиорлын төрлийн эмгэгүүд дунд алкохолик сэтгэцийн өөрчлөлтийг ялгаж өгссөн. Түүнчлэн 12 дугаар Олон Улсын Анагаах Ухааны Их хурлаар тавьсан илтгэлийн дүнд "Корсаковын өвчин" гэж нэрлэсэн юм. Энэ өвчний үед тиамин буюу Bитамин В1-ийн маш ноцтой дутагдалд орсон байдаг ба захын мэдрэлүүд саажсанаар хөдөлгөөний саажилт, нүдний мэдрэл саажих, солиорол гэсэн гурван шинж давамгайлж илэрдэг билээ. Витамин В1 нь энерги үүсэх гол урвалын (Кребсийн цикл) эсгэг (энзим) болох, мэдрэлийн бүрхүүлийн нийлэгжилтэд оролцох, бие махбодын зайлшгүй хэрэгцээт амин хүчлийн нийлэгжилтэд оролцдог учраас хүний мэдрэлийн тогтолцоонд асар чухал хэрэгцээтэй нэгдэл юм. Лууванд их хэмжээгээр агуулагддаг бета-каротин хэмээх бодис нь хоол боловсруулах замын нарийн гэдсэнд өөх тосны тусламжтай шимэгдээд исэлдүүлэгч фермэнтээр исэлдэж задраад А аминдэм болон хувирч бидний бие махбодод хэрэгцээт үүргээ гүйцэтгэхэд бэлэн болдог байна. Чихэрлэг төмс, лууван, хулуу, априкот, манго, амтат гуа, тоор, спинач, броколи, гич, навчит байцаа гэх мэт жимс, ногоонд бета-каротин агуулагддаг. Витамин А нь тосонд уусдаг, хүний элэг, өөхөнд ихэнх хэсэг нь нөөцлөгдөж, хэрэгтэй үед ашиглагдахаар оршдог ба хүний харах мэдрэхүйн үйл явцад онцгой нөлөөтэй. Үзэгдэх гэрэл нүдний торлогийн савханцар эс дээр тусахад Витамин А-гаас нийлэгжсэн цис-ретиналь ба опсин уургийн нэгдэл болох родопсин нь транс-ретиналь болон изомержих урвалд орж тогтворгүй төлөвөөс эргэн цис-ретиналийг үүсгэдэг фото-химийн урвалын дүнд мэдрэлийн импульс үүсэж харааны мэдрэлээр цааш тархинд мэдээлэл дамжуулна.

Лонхонцор эс дээр энэ урвал нь ижил явагддаг харин өнгө ялгах чадвар нь илүү байдаг. Энэ мэт хүний эд эсэд явагддаг биохимийн урвалууд дааврын нарийн зохицуулаг дор, энзим, хэт ягаан туяа гэх мэт нөлөөлөх каталистуудын (урвалын хурдасгуур) тусламжтай, асар олон химийн нэгдлүүд оролцож явагддаг тасралтгүй үргэлжлэх гинжин хэлхээ юм. Харьцангуй эрүүл хүмүүс амин дэмийн хэрэгцээгээ хоол хүнсээрээ хангавал зохистой. Энэхүү бичвэр нь зөвхөн мэдээллийн чанартай оруулж байгаа юм шүү, молекулуудаа! Тиймээс эмчийн зөвлөгөөгүйгээр ямар ч бодис хэрэглэхийг хориглож байна.

Зураг: www.expatspoland.com Проф. Касимир Фанк

САНАЛ БОЛГОХ