Цар тахлын үед Исаак Ньютон ч мөн гэрээсээ ажиллаж байсан

UB Info

Тэр цагийг ихэд ухаалгаар ашиглаж байлаа...

Лондонг их тахал нөмрөхөд Исаак Ньютон 20-иод настай байв. Тэр "sir" ч цолгүй, айхавтар том хиймэл үс ч үгүй, Тринити Коллеж дэх энгийн нэгэн оюутан байсан юм. Тахал үүсгэгч бактерийг нээн илрүүлэхэд ахин 200 жил шаардагдахаар байсан тэр үеийн нөхөд айхтар өвчин эмгэгийг газар авахаас урьтаж одоо ч бидний авдаг арга хэмжээг авдаг байсан байж. COVID19-ээс сэргийлэн Засгийн газар, сургууль цэцэрлэг, хувийн хэвшлүүд гэх мэтийн газрууд үйл ажиллагаагаа хорьж, одоогийн бидний нийтийн хөл хориог тогтоож, гэрээсээ ажиллах аргыг 1665 онд ч хэрэгжүүлж байв.

Кембриджийн их сургууль оюутнууддаа гэрээсээ хичээллэх боломж олгов. Ньютоны хувьд энэ нь Кембриджээс баруун хойшоо 100-аад км-ийн зайд орших Вүүлсторп Мэйнор хэмээх газар байрлах гэрээсээ суралцана гэсэн үг байлаа. Тэр өөрийг нь хөтлөн, заавар зөвлөгөө өгөх профессоруудгүйгээр Ньютон нэлээдгүй амжилттай суралцаж байж. Дараах жил нь энэ хэвээрээ суралцсаар, түүний "Гайхшралын жил - Annus mirabilis" гээч ер бусын жил тохиосон гэдэг. Эхлээд тэр Кембриджид байхдаа эхлүүлсэн байсан математикийн гаргалгаануудаа (хожим бидний мэдэх calculus) үргэлжлүүлэн гүнзгийрүүлж судалж байв. Дараагаар нь Ньютон призмийг судалсаар, унтлагын өрөөндөө төрөл бүрээр туршиж, бүр сүүлдээ шагайвчаа гэрэл үл ялиг багтахаар цоолж нүхлэв. Эндээс л түүний оптикийн хуулиуд мэндлэх эхлэл тавигдах нь тэр.

Тэгтэл бас Вүүлстропын ойролцоох гэрийнх нь дэргэд нэгэн мод байж гэнэ... Өнөөх мод. (Исаак Ньютоны таталцлын хуулийн учрыг олоход тусалсан өнөөх жимсний модны үр удам нь Гатерсбургийн Стандарт, Технологийн Үндэсний Их Сургуулийн кампусд ургаж байгаа юм байна.) Модны дэргэд сууж байтал нь Ньютоны толгой дээрээс алим унаж ирэн, гэнэт татах хүч, хөдөлгөөний хуулийг ойлгуулсан тухай түүх үнэн бодит эсэхийг бид мэдэхгүй.

Ер нь ч худал байх магадлал туйлын өндөр. Харин түүний туслах Жон Кондуийн хэлснээр үнэний зах зухаас зуурч магадгүй нь: ‘- ... цэцэрлэгтээ бодлогоширч явахдаа алимыг модноос нь унагахад хүргэдэг тэр л татах хүч Дэлхийгээс хамаарах зай нь хязгаарлагдмал биш, харин ч өөрийнх нь бодож буйгаас ч өргөн цар хүрээг хамарч болох талаар эргэцүүлсэн бололтой. Яагаад Сар хүрэх хэмжээний хол байж болохгүй гэж?’ гэж өөртөө хэлэв... Лондонд 1665-1666 онд хүн амын тэн хагас нь тахалд нэрвэгдсэн. 400 жилийн өмнө Европ даяар дарангуйлсан Хар Үхэл гээч тахлын дараах хамгийн нүсэр үймээн тэр байсан юм. Ньютон 1667 онд Кембриджид "тэвэр дүүрэн" теоремтой эргэн ирлээ.

6 сарын дотор судлаач болж, 2 жилийн дараа гэхэд профессор болсон байв. Тиймээс дараагийн хэдэн долоо хоногуудад та гэрээсээ ажиллаж, суралцах бол Ньютоны дээрх жишээг санахыг молекулууд бид зөвлөж байна. Баримжаагүй тавлаг байдал, аливааг гайхшрах болон туршилт хийж, тунгаах цаг байсан нь Ньютоны амьдралыг нэг мөсөн өөрчилсөн. Ньютон гуай ч, магадгүй та ч нээлтээ хийж байхад аль, аль нь унтлагын хувцастай байна уу, ёслолын хувцастай байна уу хамаагүй. Эцсийн үр дүн л юм даа.

Зургийн эзэн: Jean-Leon Huens (1921 - 1984).
Зургийн нэр: Sir Isaac Newton
Үнэ: 1'000 - 1'500 Ам.Д Тосон будаг

САНАЛ БОЛГОХ