Энхсүрэн Эрдэнэбат: Дэлхийн дурлалыг гэрчилцгээе!

UB Info

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан хэдэн долоо хоногийн өмнө хуудас дээрээ зарлаж байсан шүлгийн тэмцээний ялагчийн бичсэн бүтээлийг танилцуулъя аа!

'Дэлхийн дурлалыг гэрчилцгээе!', Энхсүрэн Эрдэнэбат, 2020

Дэлхийн дурлалыг гэрчилцгээе!

Хараач... тэр нар, сар, одод, гараг эрхсийн
Хязгааргүйн уудмыг, өнө мөнхийн учралыг
Тэд үргэлжид ширтэлцэх, үл уйдам болзоо юм
Үнэнд тэмүүлсэн үл анирлах цэнхэр орчил юм
Хэн ийм төгс дурлаж чадах билээ, хэлээч...
Хэн тэдэн шиг өнө мөнхөд учрах билээ

Дэлхийн дурлалыг гэрчилцгээе!
Хараач... ийм хязгаар нь үгүй тийм алсхан
Холдвол хөлдчих атал, ойртвол шатчих байтал аа
Хүсэл үгүй, шунал үгүйн хүчээр л тэд
Ийм төгөлдөр, тийм эгэлхэн оршдог болов уу
Авснаараа бус өгснөөрөө улам бүр гийх
Алтан наран ариун гэрлээ бөхөөсөн билүү
Хэн ийм төгс дурлаж чадах билээ, хариулаач...
Хэн тэдэн шиг хайрын зүйн тогтлыг буй биеэрээ үлгэрлэх билээ

Дэлхийн дурлалыг гэрчилцгээе!

Зураг: Зүрхэн мананцар, Rick Wiggins/NASA Blueshift

САНАЛ БОЛГОХ