Мэндчилгээ

UB Info

Өнөөдөр 2020 оны 3 сарын 31- ний өдөр. Монголын социал демократчуудын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр. Чухамхүү яг 30 жилийн тэртээ 1990 оны 3 сарын 31- нд Монголын хүүхдийн ордонд Монголын Социал Демократ Нам анхдугаар зохион байгуулах их хурлаа хуралдуулж, намын хөтөлбөр, дүрмээ баталж, дүрмийнхээ дагуу зохион байгуулагдсан анхны улс төрийн нам болон мэндэлсэн билээ.

Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд өөрийн түүхэн үүргийг гүйцэтгэж, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ардчилал, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эх орондоо цогцлоохын төлөө Монгол орны сэхээтний давхаргыг эгнээндээ нэгтгэж, оюун ухааны цөмийг бүрдүүлэн “Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл” гэсэн уриагаа өндөрт өргөн тэмцэж, хөдөлмөрлөж, өөрчилж, бүтээж ирсэн Монголын Социал Демократ Намын анх байгуулагдсаны 30 жилийн ойн баярт өдөр, энэ намыг санаачлан байгуулалцаж, хамтран зүтгэж явсан, болон хожим нь дэмжин нэгдэж, өөрчлөлтийн давлагааг эх орныхөө өнцөг булан бүрт хүргэлцсэн гишүүд дэмжигчиддээ намынхаа суурин дээр дахин байгуулагдаж, ажил үйлсийг нь залгамжилж яваа МСДН – ны удирдлага, гишүүд, дэмжигчдийн өмнөөс халуун баяр хүргэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд одоо ч та өөрийн хувь нэмрээ оруулж, “Төр түвшин, түмэн амгалан” байхын төлөө, төрийн алба шударга ариун байхын төлөө, хувь хүний хөгжил, хууль ёсыг дээдэлсэн хүмүүнлэг аз жаргалтай нийгмийн төлөө Монголын социал демократ нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёс намуудтай хамтран байгуулсан “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЛИЙГ дэмжиж, хамтарч ажиллахыг уриалж байна.

Монгол орон хүний баялаг, байгалийн баялгаар арвин, газар нутаг уудам, мал сүрэг олонтой, аж үйлдвэрийн уламжлалтай, хот суурин, зам харгуй харьцангуй хөгжсөн, гадаад харилцаа бэхэжсэн, ардчилсан хуульт тогтолцоотой атлаа хүний хөгжлийн амин судас болох эрүүл мэнд, боловсролын тогтолцоо сул хөгжсөн, шударга ёс, тэгш бололцоо алдагдсан, төлөөлөхөөр сонгогдсон түшээд нь ард иргэдийнхээ төлөө биш, өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө ажиллах нь цөөнгүй болж, байгалийн баялгийг захиран зарцуулах, эзэмшихийн төлөөх олигархуудын тэмцэл өрнөж байгаа энэ бурангуй байдлыг залруулан, Монгол хүний эрх чөлөөг хангах, авьяас чадварыг нь бүтээлчээр хөгжүүлэх, эрүүл орчинд амьдрах, боловсрох, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрэн бүрдүүлэх энэрэнгүй, хүнлэг, шударга, ардчилсан, иргэний нийгмийг байгуулж, Монгол улсын улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх зорилт бидний өмнө дахин тулгараад байна.

Дэлхий дахин ковид19 вирусийн өмнө хүч тэнцвэргүй тулаанд ороод байна. Манай улсад ч зөөвөрлөгдөн ирсэн халдварын эсрэг бүх нийтээрээ хамтран тэмцэж байна. Дэлхий дахины эдийн засаг түүний дотор манай орны эдийн засаг ч тодорхой бус хугацаагаар хямрах нь гарцаагүй болж байна.

Ийм хүнд нөхцөлд УИХ-ын ээлжит сонгууль явагдахаар, нам эвслүүд оролцохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Монгол улс байгуулагдсан цагаас хойш эх орныхоо төлөө зүтгэх халуун зүрх, бүлээн амиар дутаагүйн хүчинд өнөөг хүртэл оршин тогтносоор ирсэн билээ. Сайхан Монгол эх орныхоо төлөө хүн бүр дор бүрнээ хичээж, “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх алдарт үгийг хэрэгжүүлцгээе. Монгол улс мандан бадарч, Монгол хүний оюун санаа, ёс суртахуун, эв нэгдэл ялах болтугай.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ

САНАЛ БОЛГОХ