Бяцхан түүх өгүүлье...

UB Info

Тэртээ 2002 оны 1 дүгээр сарын нэгэн сайхан өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Гома гэх хотын 40% нь сүйдсэн үйл явдал болжээ. Тус хотын ойролцоо нэгэн идэвхтэй галт уул байсан нь Мт. Нийрагонго гэх страто галт уул юм. Тус нутагт оршин суугч галт уул судлаач мэргэжилтэн нутгийн захиргаанд долоо хоногийн өмнө галт уул дэлбэрэх аюул нүүрлээд байгааг мэдэгджээ. Үүний дүнд НҮБ-ээс тухайн бүсэд очиж ажиллаад аюулгүй хэмээн дүгнэлт өгөв. Харамсалтай нь долоо хоногийн дараа галт уул дэлбэрч их хэмжээний хохирол амссан байдаг. Тэрхүү мэргэжилтэн тухайн бүс нутгийн рельеф буюу газрын гадаргын төрх байдалд өөрчлөлт гарсныг анзаарсан ба хоёр жилийн өмнө мөн дэлбэрч байсан харьцангуй жижиг галт уулын дэлбэрэлтийг ажигласан байна. Энэ том жижиг хоёр галт уул нь доогуураа нэг сувгаар холбоотой болохыг мэдэж байсан тул удахгүй Мт. Нийрагонго -г дэлбэрнэ гэдгийг ойлгосон байж.

Бусад байгалийн гамшгаас өөр нь галт уул дэлбэрэлтийг үйл явдал болохоос хэдэн минут хийгээд жилийн урьдаас таамаглах боломжтой байдаг. Энэхүү үйл явдлыг урьдчилан мэдсэнээр гарч болох үр дагавар, хор хөнөөлийг тодорхойлох, урьдчилсан арга хэмжээ авах зэрэгт тустай.

Галт уул дэлбэрэх үйл явцыг урьдчилан мэдэх талаар судалгаанууд 1990 ээд оноос хойш эрчимтэй хийгдэж ирсэн. Тэгвэл галт уул дэлбэрэлтийг дараах шинжүүдээс анализ хийн мэдэх боломжтой:

1. Тухайн галт уулын идэвхжлийн түүх буюу хамгийн сүүлд дэлбэрсэн хугацаа болон өмнөх дэлбэрэлт хоорондох хугацааны хамаарлыг судлах. Зүй тогтол болон хугацааны давтамжид шинж нь галт уулын дараачийн дэлбэрэлтийг таамаглахад тус болдог

2. Газрын гадарга доор хөдөлгөөнд оршиж буй магма нь газрыг чичирхийлэхэд хүргэх ба дэлбэрэлтээс өмнөх хэдэн саруудад олон тооны том жижиг газар хөдлөлтүүд бүртгэгддэг. Газар хөдлөлтийн давтамж, хүч зэргийг хамааруулан судлах нь урьдчилан таамаглах боломжийг олгоно.

3. Магма газрын гадаргад хүрэхийн өмнө гадаргаас зарим төрлийн хийнүүд гадагшилж эхэлдэг. Хүхрийн хий, нүүрстөрөгчийн хий, HCl, зарим тохиолдолд усны уурын хэмжээ мэдэгдэхүйц ихэсдэгийг тусгай хэмжигч багаж болон хиймэл дагуулын мэдээнээс авах боломжтой.

4. Хиймэл дагуулын технологийн тусламжтайгаар газрын гадаргын хэв шинжид өөрчлөлт орсон байдал, шилжилт, температурын өөрчлөлтийн талаар цогц мэдээлэл авснаар судлаачдын тооцооллыг улам баттай болгож өгдөг.

Монгол орны нөхцөлд олноор суурьшсан нутагт галт уул дэлбэрэх аюул харьцангуй бага байдаг бол Италийн Наполи, Филиппиний Легазпи зэрэг дэлхийн зарим хотууд уг аюулд өртөх эрсдэл өндөр байдаг учир урьдчилан таамагласан мэдээний тусламжтай засгийн газар, хотын удирдлагууд нүүлгэн шилжүүлэх, хорогдох байр бэлдэх гээд аврах үйл ажиллагааг урьдчилан төлөвлөх боломжийг олгодог байна.

Зураг: Brunel University London (2018 онд Индонезод болсон Анук Кракатоу галт уулын дэлбэрэлт)

САНАЛ БОЛГОХ