Хавар биеийн хий хямардаг тул хонины мах, шар тос, хайлмаг түлхүү хэрэглэ

ЗГМ: Сэдэв


  • Энэ улиралд мацаг барьж огт болохгүй. Таван махбодоос бүтсэн хоол тэжээлээр биеэ тэтгэх ёстой
  • Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байдаг аж. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог байна
Монголчууд эртнээс дөрвөн улиралдаа зохицуулан идээ ундаагаа хэрэглэсээр ирсэн. Хаврын улиралд бүх зүйл урган өсөж, уур амьсгал дулаарч цаг агаар хувьсамтгай байдаг. Энэ цаг үед хоол ундаа нарийн тохируулан хэрэглэх ёстой. Хаврын улиралд халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн гаралтай идээ хэрэглэхийг уламжлалтын эмч Б.Уянга зөвлөж байна. Хуй салхи ихтэй хэдий ч нарны эрчим наашилдаг улирал тул шар идээ хэрэглэх нь зохистой гэж номлодог байна. Тослог, хөнгөн, илчлэг ихтэй идээний төрлийг шар тосоор төлөөлүүлэн шар идээ хэмээн нэрлэжээ. Хаврын улиралд улаан идээ буюу мах хэрэглэхийг багасгаж, шар идээг түлхүү хэрэглэнэ. Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, хайлмаг зэрэг орно. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэдэг тул хаврын хавсрагатай өдрүүдийг давахад тустай аж. Эртний монголчууд зуны улиралд сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг байсан. Цагаан идээ идэж мацаг барьж, биеэ цэвэршүүлэх нь дулааны улиралд шар хөөрөхөөс сэргийлэх гол арга байжээ. 



Хоол хүнсийг хэрхэн тохируулах вэ?

Хоол хүнсийг хэрхэн тохируулах вэ? Уламжлалт анагаах ухаанд “Идээ ундааны хэмжээг тэнцүүлж чадсанаар сайн тариалангийн газар мэт ходоодны галын илч хэвийн үүсэж, хоол боловсруулалт хэвийн явагдаж, амь нас бөх оршиж, архаг өвчин бүгдийн үндэс болсон эс шингэсэн өвчин үүсэхгүй” хэмээн бичсэн байдаг. Эс шингэсэн өвчин гэдэг нь хоол ходоодонд буруу, дутуу боловсорсноос болж өвчин үүсэхийг хэлнэ. Хоол унд зөв шингэж байвал шинэ цус үүсч, эрхтэн системийг дэмжиж, биеийг хэвийн үйл ажиллаагаатай болгодог. Хэрвээ буруу шингэсэн тохиолдолд муу цус, шар ус гэдэг зүйлийг бий болгодог. Энэ нь өвчин үүсэх эхлэл болдог. Тиймээс хоолныхоо хэмжээг зөв барих хэрэгтэй ажээ. Уламжлалт анагаах ухаанд “Бурхан багш өдөрт нэг хоолтой, ерийн хүн өдөрт хоёр хоолтой, араатан өдөрт гурав хоолтой байна” хэмээн үздэг. Энэ нь хоолныхоо хэмжээг маш сайн барих хэрэгтэй гэсэн үг. Хоол хүнсийг идэж хэрэглэхдээ “нэг битүү” буюу хоёр алганы хооронд нийлүүлж барьсантай адил хэмжээтэй хоол хэрэглэх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, ходоодыг дөрөв хуваасны хоёрт нь идээ, нэг хувьд нь ундаа байвал зохицно гэж үздэг. Хоол хүнсийг идэж хэрэглэхдээ анхаарах нэг зүйл нь хоорондоо үл зохицолдох идээ ундаа гэж байдаг. Үүнд бүрэлдээгүй таргийг архитай хамт хэрэглэж болохгүй. Загасны мах сүүтэй, шувууны өндөг, загасны мах, сүү зэргийг хольж хэрэглэж болохгүй. Мөөгийг тосонд хуурч шарж идэж болохгүй мөн зөгийн балтай тос холивол хор болно. Ямар ч махыг уурыг нь гаргалгүй халуунаар нь идвэл хортой. Өмнөх идсэн хоол ходоодонд шингээгүй байхад араас нь хоол идэж болохгүй. Яагаад гэвэл шөнө идсэн хоол өглөө шингэдэг, өглөө идсэн хоол үдэд шингэдэг ажээ. Хоолыг бага бага хэмжээтэй, дасгаж идвэл хор болохгүй.

Хавар мацаг баривал хий хямарна

Үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хий махбодын билэг чанар хүний биед харьцангуй давамгайлдаг тул энэ үед бага зэрэг ядрах мэдрэмж төрнө. Тийм учраас өглөөний унданд идэж, ууж байсан шигээ хөнгөн хооллох ёстой. Оройн хоолоо 20:00 цагаас оройтуулалгүй идэж дадах хэрэгтэй. Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байдаг аж. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог байна. Бадгана нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Хий хямардаг хаврын улиралд мацаг барьж огт болохгүй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр, тухайн өвчлөлтэй холбоотойгоор маш нарийн дэглэмээр барих ёстой. Сүүлийн үед мацаг барих нь ихэслээ. Зарим нь нэгэндээ мацаг барихыг зөвлөж байна. Энэ бол туйлын буруу аж. Таван махбодоос бүтсэн биеийг таван махбодоос бүтсэн хоол тэжээлээр тэжээх ёстой. Мөн хавар хий хямарснаас болоод сэтгэл гэгэлзэж тогтворгүй болдог байна. Иймээс аль болох тайван байж сэтгэл зүйгээ удирдах хэрэгтэйг эмч Б.Уянга эмч зөвлөлөө.
САНАЛ БОЛГОХ