Төрийн алба эзгүйрч, тэнцэх хүн ч олдохоо болилоо

ЗГМ: Сэдэв


  • Орон нутагт төрийн албаны сул орон тоо ихсэж, шалгуулагчид нь төрийн албаны шалгалтад тэнцэхгүй бүдэрч байна
  • Завхан аймгийн хувьд 302 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч, 43 нь тэнцжээ. Шалгалтад тэнцэх хүн цөөрснөөс болоод нэг хүн 2-3 орон тоон дээр ажиллах тохиолдол хөдөөд энгийн үзэгдэл болоод байгаа аж
  • Хөвсгөл аймагт 350 иргэн шалгалт өгснөөс ердөө 42 иргэн л тэнцжээ. Гэтэл аймгийн хэмжээнд төрийн жинхэнэ албан тушаалын 108 сул орон тоо байгаа аж

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж ирээд л өвөө маань өглөө бүр төрийн сүлдэндээ залбирдаг байж билээ. Гэтэл төрийн ёс ёмбогор байхаа больж, алба хаагчид нь ашиг хонжооны төлөө ажилладаг болоод удлаа. Төрийн албанд ажилладаг хүмүүсийн хөрөнгө өдрөөс өдөрт өсөж буй нь олны нүднээ илт. Төрийг ингэж мөнгөний машин мэтээр харах болсон нь төрийн албан хаагчдын шалгалт өгөх хүний тооноос бэлхэн харагдана. Ялангуяа шинэ үеийн залуус төрийн алба руу хошуурах боллоо. 2019 оны төрийн албаны шалгалт өгсөн хүмүүсийн олонх нь Z үеийнхэн гэж нэрлэгдээд буй 1990-ээд оныхон байжээ. Манай улс 2017 онд Төрийн албаны шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, улмаар 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс орон даяар мөрдөж эхэлсэн. Тиймээс өнгөрсөн жилийн төрийн албаны шалгалт шинэчилсэн найруулгад заасны дагуу болсон гэсэн үг. Статистик сөхвөл 2019 онд төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 8894 хүн бүртгүүлсний 7616 нь шалгалт өгчээ. Үүнээс 1588 иргэн эхний шатны шалгалтад тэнцсэн байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрх нь бүрдэх учиртай. Ийм байдлаар шигшигдсээр эцэстээ 200 орчим нь тэнцэлгүй хасагдсан байна. Шинэчилсэн найруулгаар төрийн албан хаагчийн шалгаруулалт нэлээд чангарчээ. Тухайлбал, шинэчилсэн хуулиар тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд төрийн албаны шалгалтад тэнцсэнд тооцож, нөөцөд бүртгэх юм байна. Гэтэл шалгаруулалт чангарснаас болоод хөдөө орон нутагт төрийн албаны шалгалтад тэнцэх хүн эрс цөөрчээ. Уг нь хөдөө орон нутагт төрийн албаны сул орон тоо цөөнгүй байгааг аймаг бүрийн цахим хуудсанд бичээстэй ажлын зараас харж болно. Харамсалтай нь шалгалтын босго давах хүн олдохоо болиод буйг зарим аймгийн Засаг дарга нар хэлэх боллоо. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн тайланд тэмдэглэснээр 2019 онд нийт 420 хүн бүртгүүлж, үүний 350 нь ерөнхий мэдлэгийн шалгалтад оролцсоноос 63 иргэн буюу нийт оролцогчдын 18 хувь нь 35 ба түүнээс дээш оноо авч, дараагийн шатанд шалгарсан байна. Ингээд эцсийн шалгаруулалт болоход ердөө 42 нь л тэнцжээ. Гэтэл аймгийн хэмжээнд төрийн жинхэнэ албан тушаалын 108 сул орон тоо байсан байна. Тиймээс дахин шалгалт явуулах саналыг ТАЗ-д явуулжээ. Харин Завхан аймгийн хувьд 302 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч, 43 нь тэнцжээ. Шалгалтад тэнцэх хүн цөөрснөөс болоод нэг хүн 2-3 орон тоон дээр ажиллах тохиолдол хөдөөд энгийн үзэгдэл болоод байгаа аж. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон сумын сургуулийн захирал нь нийгмийн ажилтан, биеийн тамирын багшийн ажлыг давхар хийж байна. Нөгөөтэйгүүр, хөдөөгийн дорой хөгжил шинэ цагийн залуусыг зугтахад хүргэж буй нь нууц биш. Мэдлэг, ур чадвартай залуус нь хот газар бараадаж, дулимагхан мэдлэгтэй үлдсэн хэсэг нь хөдөө очиж, төрийн албанд шургалахаар санаархаад шалгалтад бүдэрч буй нь эмгэнэл гэлтэй. Угтаа бол улсын хөгжил сумаас эхэлдэг байх учиртай. Сайн боловсон хүчнээ амьдралд нь дэм болохоор тэтгэмж өгөн орон нутагт ажиллуулж, хөдөөг хөгжүүлэхэд хувь нэмрийг нь оруулах хэрэгтэй болов уу. Шинэ үеийн илгээлтийн эзний бодлого Монголын төрд үгүйлэгдэж байна. Тиймээс хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ. Хөгжилд хөтлөх чадвартай боловсон хүчнээр хөдөөгийн сумдыг хангахад төр засаг анхаараач ээ. Төрийн албаны тухай хуульд заасан ёс зүйн хэм хэмжүүрүүд ч сүүлдээ мартагдахад хүрлээ. Хуулийг гууль болгодог бүдүүлэг байдал дахиад л давтагдлаа. Зарим суманд бичиг үсгийн мэдлэг нэн маруухан нөхөр багийн Засаг дарга хийгээд явж байна. Даяаршлын энэ эринд буйд суурингийнхан дөрөвдүгээр ангийн боловсролтой даргаар удирдуулаад сууж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Тодруулбал, Өвөрхангай аймгийн нэгэн сумын багийн дарга залуу дөрөвдүгээр ангийн боловсролтой, бичиг үсэг бүрэн эзэмшээгүй гэдгийг нутгийн малчид толгой сэгсрэн хэлж байсан удаатай. Гэтэл багийн дарга гэдэг албан тушаал улс төрийн албанд хамаардаг. Улс төрийн албан хаагч нь мэдлэг боловсролтой, туршлагатай, мэргэшсэн байх ёстой гэж холбогдох хуульд заажээ. Гэвч хөдөө орон нутагт хууль гууль болж хувираад байна. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал байсхийгээд л сөхөгдөх боллоо. ТАЗ-ийн тайлангаас харвал ёс зүйн зөрчил гаргасан төрийн захиргааны албан хаагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Тодруулбал, 2016 онд 193, 2017 онд 334, 2018 онд 384 албан хаагч ёс зүйн зөрчил гаргажээ. Энэ бол төрийн захиргааны албан хаагчдын ёс зүй, мэдлэг чадвар хэр хэмжээнд байгааг харуулсан үзүүлэлт. Иймээс цаашдаа орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулж, хөдөөг хөгжүүлэхэд анхаараач, засаг төр минь.
САНАЛ БОЛГОХ