1998

“Rio Tinto” группийн шинэ гүйцэтгэх захирал ажлаа хүлээн авлаа

Уул уурхай

“Rio Tinto” группийн шинэ гүйцэтгэх захирал Жан- Себастьян Жак бямба гарагт ажлаа хүлээн авч, группийн түүхэн дэх хамгийн залуу гүйцэтгэх захирал боллоо. Тэрбээр ажлаа хүлээн авсан өдрөө өнөөдрийн төслүүдээ үргэлжлүүлж, бүтээмжээ дээшлүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгджээ. Харин шинжээчдийн таамаглаж байсанчлан нэгдэн нийлэх хэлцэл ойрын хугацаанд хийхгүй байж магадгүй байна. Жан-Себастьян Жак “Нэгдэн нийлэх хэлцэл өнөөдрийн гол зорилго биш. Хувьцаа эзэмшигчдэд үнэ цэн бий болгож чадах уурхай зөв үнээр олдохгүй бол худалдан авахгүй” гэжээ. Хэдий тийм боловч зэсийн уурхай худалдан авч магадгүй гэх утга бүхий мэдэгдэл хийжээ. Ямар ч байсан зэсийн хувьд голлох эрдэс бодисуудаас хамгийн түрүүнд нийлүүлэлтийн илүүдлээс гарна гэж таамаглаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. Үүнээс гадна тус групп ашиг багатай бизнесүүдээ үндсэн бизнесээсээ салгаж, тусад нь гаргана гэсэн таамгийг үгүйсгэжээ.


“Rio Tinto”-ийн сүүлийн жилүүдэд хийсэн худалдан авалтуудыг харвал сайнаасаа саар нь их байгаа бөгөөд тухайлбал, 2007 оны “Alcan” компанийн 38 тэрбум ам.долларын хэлцэл, 2011 оны Мозамбик дахь нүүрсний уурхайн 2.9 тэрбум ам.долларын хэлцлийг дурдаж болно. Эдгээр хэлцэл группт ашиггүй тусаж, багагүй хэмжээний өрөнд унагаж байсан аж. Жан-Себастьян Жакт ажлаа хүлээлгэн өгсөн Сэм Уолшийн хувьд өмнөх удирдлагуудын энэ алдааг засахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Сэм Уолшийн удирдлага дор “Rio Tinto” 2013 оноос хойш зардлаа зургаан тэрбум ам.доллараар бууруулж, салбартаа хамгийн өндөр ашигт ажиллагаатай компани болж чаджээ.
САНАЛ БОЛГОХ