Зайнаас ажиллаж, сургах эдийн засгийн виртуал ирээдүй

ЗГМ: Сэдэв


  • Дэлхийн эдийн засгийн удирдагчид энэ долоо хоногт виртуал уулзалтад оролцоно
  • Microsoft Teams платформ ашиглагчдын тоо эрс өсөж, ганц өдөрт 2.7 тэрбум уулзалтын минут бүртгэгдсэн нь ердөө гуравдугаар сарын 16-нд 900 сая уулзалтын минут байсантай харьцуулахад 200 хувиар өссөн шинэ амжилт болжээ
Дэлхийн эдийн засгийн ихэнх хэсэгт хөл хорио тогтсон нь эртнээс тунхаглаад байсан дижитал ирээдүйн real-time стресс тест болж байна. Оффисын хурал зөвлөгөөнийг албан бус виртуал уулзалт орлож, сургуулиуд интернэт суурьтай сургалтад шилжив. Олон Улсын Валютын Сан (ОУВС) хаврын хуралдаанаа энэ долоо хоногт онлайн явуулна. АНУ-ын Дээд Шүүх түүхэндээ анх удаа телефон утсаар тайлбар сонсож, шууд аудио дамжуулалт явуулахыг зөвшөөрөх гэж байна. Хөл хорионы улмаас зөөгч, үйлчлэгч, фитнесийн зааварлагч зэрэг үйлчилгээний салбарын сая сая хүн ажлаа алдав. Онлайн горимд ажиллах чадвартай салбаруудыг дэмжих нь Их хямралын үеэс хойш тохиолдож байгаагүй бараан цаг үетэй тулгарсан дэлхийн эдийн засагт чухал болов. Дижитал эдийн засгийн хэмжээг нарийн тодорхойлох хэцүү. Улс бүрт өөр энэхүү хэмжээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (Conference on Trade and Development) тооцоогоор дэлхийн ДНБ-ий 4.5-15.5 хувьд хэлбэлзэж байна. Улс орон, компаниуд худалдааны ихэнхийг онлайн болгосноор хөл хорионы сөрөг үр дагаврыг багасгах бүрэн боломжтой. “Футуристуудын цаг үе” хэмээн Колумбийн тойрог дахь Eversheds Sutherland LLP-ийн олон улсын хууль зүйч Марк Херлах тайлбарлав. “Та бидний хотоо бүтээн босгодог, бүтээн босгосон хотдоо зорчдог арга хэлбэр өөрчлөгдөх нь. Энэ өөрчлөлттэй уялдан эрчим хүчний хэрэглээ ч хувирах нь. Ар араасаа үргэлжилсэн нөлөөтэй цуврал олон өөрчлөлт айсуй.” Хямд интернэт холболтын ачаар ажлын онлайн хэрэглүүр огцом нэмэгдсэн нь цагаан захтнуудад гэрээсээ ажиллах, захирал, бизнес эрхлэгчдэд ажилтан, ажиллагсадтайгаа зайнаас холбогдох шинэ боломж үүсгэв. Microsoft Teams платформ ашиглагчдын тоо эрс өсөж, ганц өдөрт 2.7 тэрбум уулзалтын минут бүртгэгдсэн нь ердөө гуравдугаар сарын 16-нд 900 сая уулзалтын минут байсантай харьцуулахад 200 хувиар өссөн шинэ амжилт болсныг мэдэгдлээ. Оффисын ажилтнууд хэрэглэдэг Zoom хэрэглэгчдийн тоо хэдийгээр өгөгдлийн аюулгүй байдлын асуудалтай ч 10-200 сая хүртлээ өсчээ. Вирусийн аюул намжсаны дараа үйл ажиллагаагаа хэрхэн өөрчлөхөө зарим компани одоогоос тооцож байна. Олон компани өртөг зардал ихтэй ажил, аяллын томилолт, үл хөдлөх хөрөнгийн төсвөө танаж, оронд нь технологио шинэчлэн сайжруулах, гэрийн оффис үүсгэхэд ахиу хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг Bain & Company Asia-Pacific-ийн бүс нутаг хариуцсан захирал Сатиш Шанкар тайлбарлав. ЮНЕСКО-гийн тооцоогоор дэлхийн нийт суралцагчдын 90 хувь буюу 1.5 тэрбум гаруй хүнийг хамарч буй сургууль хаагдсантай уялдан боловсролын салбар хамгаас илүү өөрчлөгдөж байна. Багш нар урьдчилсан бэлтгэлгүйгээр онлайн сургалтын хөтөлбөр боловсруулахаас аргагүй болсон нь эдийн засагт дам нөлөөлж, эцэг эхчүүд ч ажлынхаа хуваарийг хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлж зохицуулахад хүрлээ. “Өнөөгийн хямрал нь танхимын сургалтын хөтөлбөрт хатуу баригдалгүйгээр гэрийн нөхцөлд юу сургах ёстойг нарийн тодорхойлох шаардлагатайг харууллаа” хэмээн Хонконгийн мэргэжлийн багш нарын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, бага сургуулийн багш Вон Мо Йе ярьжээ. Гэрийн сургалтаас шалтгаалж дэлгэцийн урд өнгөрөөх цаг хэт ихэссэнийг тэрбээр анхааруулсан байна. “Гэрийн сургалт бол огт өөр зүйл, харилцан хамаарал нь өөр, видео хичээл гээд байгаа сургалтын динамик эрч ч бас өөр. Видео сургалтад сурагчдыг татан оролцуулна гэдэг хэцүү ажил” гэжээ.
САНАЛ БОЛГОХ