Трамп ДЭМБ рүү дайрсан нь дэлхийн түншлэлийг бусниулав

ЗГМ: Сэдэв


  • Дэлхий даяар 130 мянган хүний амийг аваад буй цар тахлын үед Трамп ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн
  • Вирус хүнээс хүнд дамждаггүй гэсэн Хятадын нотолгоог дэмжлээ хэмээн буруутгаж ДЭМБ-ын эсрэг авсан Трампын хориг олон мянган хүний аминд хүрч болзошгүй


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу шууд довтолсон нь улс орнуудыг хямралаас сэргийлэхэд тусалдаг олон улсын бас нэг институцид цохилт болж, дараагийн онцгой байдлын бэлтгэлийг сулруулах уршиг тарьж магадгүй байна. Дэлхий даяар 130 мянган хүний амийг аваад буй цар тахлын үед Трамп пүрэв гарагаас эхлэн ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн. Үүнийг мөн АНУ болон Хятадын дэлхийд тэргүүлэх өрсөлдөөний нэг илрэл гэж үзэх шалтгаан бий. Хоёр их гүрэн бусад улсад нэр нөлөө олж авах, олон нийтийн саналыг татахын тулд өөрийн дутагдлыг нуун хаацайлж, вирусийн дараах ертөнцөд байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Цар тахлын эхэн үед алдаа гаргасан хэмээн шүүмжлэгдэж буй Хятад улс халдварт хүндээр нэрвэгдсэн орнуудад үзүүлэх эрүүл мэндийн хэрэгслийн тусламжаа ихээхэн нэмэгдүүлж байгаа ч илгээсэн бүтээгдэхүүн нь хугацаа дууссан, ажилладаггүй гэх хэл ам дагуулж буй. Мөн үеэр АНУ гадаад орнуудад вирусийн эсрэг тэмцэхэд 300 сая ам.доллар хандивлахаа зарласан ч Египет, Тайвань, Вьетнам зэрэг орноос ирүүлсэн амин чухал хэрэгсэл нийлүүлэх хүсэлтийг нь няцаасан юм. Дэлхийн хамгийн баян гүрэн дотооддоо тархсан тахлыг дарахаар тоног төхөөрөмжөө нөөцөлж, харан Хятад улс тэргүүлэх үүргийг хүлээх эсэхдээ эргэлзэж буй нь COVID-19 өвчлөлийн үеийн олон улсын бүүдгэр өнгө төрхийг илэрхийлнэ. Вирусийн эсрэг тэмцэлд дэлхийн лидер байхгүй учир улс орнууд дадал болсноороо Вашингтон буюу Бээжин рүү тусламж хүсэхээр хандаж байгаа ч аль алинд нь найдах арга алга. Хоёулаа ачааллыг дааж чадахгүй байна. Хятад судлалын төвийн шинжээч Жүд Бланшетт  “Трампын захиргаа доголдож болно, Хятад ч бас ялгаагүй. Гэхдээ хоёулаа хариуцлага хүлээх болно”  хэмээв. Вирус хүнээс хүнд дамждаггүй гэсэн Хятадын нотолгоог дэмжлээ хэмээн буруутгаж ДЭМБ-ын эсрэг авсан Трампын хориг олон мянган хүний аминд хүрч болзошгүй. Ялангуяа Ливи, Сири зэрэг эмзэг улсуудад туслах чадамжийг бууруулна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан Америкийн алхмыг шүүмжлэн “ДЭМБ-ын чадамжийг сулруулж, олон улсын хамтын ажиллагааг бусниуллаа” гэжээ. Трамп түүнчлэн халдварын эхэн үед Хятадаас хийх нислэгийг хягзаарлаагүй гэж ДЭМБ-ыг буруутгасан юм. Associated Press агентлагийн олж авсан баримтаас үзэхэд Хятадын удирдлага коронавирусийн аюулыг нийтэд мэдээлэх ажлыг зургаа хоног саатуулжээ. Энэ хугацаанд олон мянган хүн Уханиас дүрвэж зугатсан гэж үзэж буй. Үүнээс гадна Трампын шийдвэр НАТО, НҮБ, ДХБ, ЕХ гээд олон байгууллагад АНУ-аас үзүүлж дарамт шахалтын нэг юм. Энэ нь бас л Америк, Хятадын сөргөлдөөнөөс үүдэлтэй гэж шинжээчид тайлбарладаг. НҮБ-д суугаа Германы Элчин сайд Кристоф Хейсген “Яг ижил биш ч хамгийн сүүлийн маш хүнд хямрал 2008 оны санхүүгийн хямрал байсан. Тухайн үед хямралд нэгдмэл хариу өгөх манлайлал, хүчин чадал аль аль нь байлаа. Харин одоо манлайлал, хүчин чадал хоёрыг хослуулж чадахгүй байна” хэмээв.

САНАЛ БОЛГОХ