Төгрөгийн хадгаламж ганцхан сарын дотор ₮371.3 тэрбумаар буурчээ

ЗГМ: Сэдэв


  • Валютын хадгаламж өнгөрсөн сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 тэрбум төгрөгөөр өсжээ


Өвөлжилт хүндэрч, зуд турхан тохиох үед өвс, тэжээл арвин бэлдсэн айл өрх бага хохирол амсаж, найр наадмын хөлд намаржин автаж, налайж назгайрч явсан нь хэцүүхэн байдалд ордог. Монгол Улсын хувьд ийм үзэгдэл орон нутагт их түгээмэл. Үүнтэй адил дэлхий нийтэд тулгарч буй эдийн засгийн хямрал улс үндэстэн, өрх айлын амьдралд томоохон шалгуур болж, зардлаа эргэн харах, зөв зохистой хэмнэх ухаалаг дадал зуршилд сурах, сургах дохио өгч байна. COVID-19 цар тахлын аюул дэлхий даяар өрх гэр, аж ахуйн нэгж, ажилгүй, орлогогүй гэртээ тодорхой хугацаагаар удаан суухад хүргэж буй. Хөл хорионоос үүдэн хүмүүсийн орлого тасалдаж, амьдралын хэв маяг хүртэл дагаад өөрчлөгдөх болов. Ийм үед санхүүгийн хуримтлалгүй хувь хүн, компани, улс хүнд байдалд гулсан орж, стресс бухимдал тэр хэрээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хямралыг сөрөх, эрсдэлийг хаах зэвсэггүйгээр “дайн”-ы талбарт гарч байна гэсэн үг. Хурааж, хуримтлуулсан хадгаламжгүй хүн гэнэт ажилгүй болбол шууд л ядуурлын ангал руу ойчих эрсдэлтэй. Зах зээлийн нийгмийн хамтуу хуулиар хуримтлалгүй хүн өвдөх, ажилгүй болох эрхгүй. Энэ нь амьдрал зогсохтой ижил эрсдэл. Тиймээс хэн ч үүнийг хүсэхгүй нь лавтай. Хэдий тийм боловч цар тахлын уршиг хуримтлалгүй олон мянган өрх, аж ахуйн нэгжийг эс хүссэн ч дээрх зам руу шахаж байна. Их мөнгөтэй, их орлоготой хүн л хадгаламж үүсгэдэг гэвэл энэ нь дэгс ойлголт. Хадгалах, хуримтлуулах дадалд суралцах нь хямралын үед биш юм гэхэд хямралыг давсан хойно ажил, амьдралдаа нэвтрүүлэх дадал болох ёстойг энэ өдрүүд ухааруулж байна. Хажуу хөршөө авч үзвэл, Хятадын айл өрх орлогынхоо 36.1 хувийг хадгалдаг гэж олон улсын судалгааны тайланд дурджээ. Жилийн дундаж цалингийн хэмжээгээр дэлхийд БНХАУ хойгуур байранд жагсдаг хэдий ч өрхийн хуримтлалын түвшнээр тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны гуравдугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буюу 465.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Он гарснаас хойш борлуулалт нь унаж, үйл ажиллагаа нь хэдийн хүндэрч эхэлснийг ахуйн нэгжүүд хуримтлал руугаа ороод эхэлсэн гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага мэдэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн сард гэхэд төгрөгийн хадгаламж 371.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 88.1 хувь нь иргэдийн хадгаламж байна. Үлдсэн нь аж ахуйн нэгж, байгууллагынх. Үүд хаалгаа барьж, ажилгүй, орлогогүй болж буй хүмүүсийн хэд нь өнөөдрийн эрсдэлийг төвөггүйхэн даваад гарах хадгаламжтай байна вэ. Үүний хариултыг төв банкны гаргасан судалгаанаас хайж үзвэл, нийгмийн тун өчүүхэн хэсэг нь хямралыг гэтлэх хуримтлалын дархлаатай байна. Учир нь төгрөгийн хадгаламж агшиж, валютын хадгаламж нэмэгдсээр. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн ханшийн уналтаас үүдэн валютын хадгаламжийг илүүд үзэх болжээ. Валютын хадгаламж өнгөрсөн сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

САНАЛ БОЛГОХ