Улс орнууд ажлын байраа хадгалж, нийгмийн халамжaaр иргэдээ дэмжиж байна
ЗГМ: Сэдэв
- АНУ болон БНХАУ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хувийн хэвшлээ “халамжилж” байна
- АНУ-д сүүлийн хоер долоо хоногт гэхэд 10 сая иргэн ажлаа алдаж бүртгүүлсэн бол энэ сард ажилгүйдлийн түвшин даруй хоёр оронтой тоонд хүрч болзошгүй
Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сульдаах COVID-19 цар тахлын эсрэг өөрсдийн хамаг байдаг нөөц боломжоо хүн төрөлхтөн шавхаж буй. Хүмүүс олноор ажилгүй болж, өрхийн орлого буурч, бараа таваарын эрэлт эрс багасаж байгаа учраас эдийн засгаа дэмжих бодлого дэлхий нийтийн чиг хандлага боллоо. Засгийн газрууд өндөр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэж, түүхэнд байгаагүйгээр улс орнууд мөнгөний бодлогоо зөөлрүүлж байна. Тэр жишгээр манай улсын төв банк бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар бууруулж, ес болгосон. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжихээ илэрхийлсэн ч тодорхой болсон нь цөөн байна. Тэгвэл дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын Засгийн газраас COVID-19 цар тахлын тархалтын үед жижиг, дунд бизнесээ аварч үлдэхийн тулд чек хэлбэрээр олгох 350 тэрбум ам.долларын нөөц өнгөрсөн пүрэв гарагт дууссан байна. Зээлдэгчийг 14 жил хангаж чадах хэмжээний мөнгө 14 хоногт дууссан ч зээлэнд хамрагдах хүсэлттэй хүмүүс эсвэл хүсэлтээ илгээсэн ч хамрагдаж чадаагүй бизнес эрхлэгчид зээлийн хүсэлтээ цахимаар илгээсээр. Энэхүү санхүүжилт нь ажлын байраа авч үлдсэн, цомхотгол хийгээгүй, цалингаа тогтмол өгч байсан 500-гаас цөөн тооны ажилчинтай жижиг бизнес эрхлэгчдэд нэг удаагийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдох юм байна. АНУ-ын Сангийн сайд 250 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах талаарх асуудлаар конгресст мэдэгдэл хэдийн хүргүүлжээ. Мухардалд ороод байгаа ард иргэдэд, ялангуяа бизнес нь маш хүнд байдалтай байгаа, мөн жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дээрх хөрөнгөнөөс санхүүжилт олгохоо илэрхийлжээ. Эдийн засгийн хямралд хамгийн их өртөж буй хэсэг бол жижиг, дунд бизнес эрхлэгчид. Үйл ажиллагаа нь хараахан тогтворжиж чадаагүй, хөрөнгө оруулалтаа нөхөж амжаагүй, тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлалгүй шинэ бизнесүүд ташраараа хүнд байдалд ордог. Үүнээс сэргийлэх үүднээс АНУ дээрх арга хэмжээг аваад байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк зах зээлийг тогтворжуулах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс бондын худалдан авалтаа эрчимжүүлж, 1.5 их наяд ам.доллараар нэмэгдүүлж 5.8 их наяд ам.долларт хүргэжээ. Энэ нь түүхэн дээд түвшинд тооцогдох аж. Бондын худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь эдийн засгийн уналтыг сааруулж, хувийн хэвшлээ дэмжсэн алхам гэж үзэж байна. Улс орнуудад ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа. Тухайлбал, АНУ-ын ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сард 7.1 сая давж, ажилгүйдлийн түвшин 4.4 хувьд хүрсэн. Зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт гэхэд 10 сая иргэн ажлаа алдаж бүртгүүлсэн бол энэ сард ажилгүйдлийн түвшин даруй хоёр оронтой тоонд хүрч болзошгүй байна. Дэлхийн гурав дахь том эдийн засаг Япон ДНБ-ийхээ 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийг дэмжих багц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөнгөн дүнгээр 989 тэрбум ам.доллар бөгөөд тус багц арга хэмжээний хүрээнд бага орлоготой өрхүүдэд 300 мянган иен буюу 2800 ам.доларын мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон байна. БНХАУ-ын хувьд COVID-19 цар тахалтай холбоотойгоор татварын хөнгөлөлт, нийгмийн халамжийн бодлогоос гадна тусгай зориулалттай бондын хэмжээ нэмэгдэж, төсвийн алдагдал нь энэ онд 6.4 хуь буюу түүхэн дээд хэмжээнд хүрэхээр байна. Тус улсын Засгийн газраас нэмэлт төсвийн дэмжлэг зарлах тохиолдолд төсвийн алдагдал нь оны эцэст ДНБ-ий 9.5 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа аж. Дотоод эрэлтийг дэмжих татварын хөнгөлөлтүүд болон нийгмийн халамжийн бодлогын хүрээнд төсвийн орлого нь 900 тэрбум юань буюу ДНБ-ий 0.8 хувьтай тэнцэх хэмжээгээр тасрах нь. Хятадын Ардын банк жижиг банкны заавал байлгах нөөцийн хувийг нэг хувиар бууруулсан. Цаашид ч заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж магадгүй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй