COVID-19-тэй өвчтөнийг хиймэл оюунаар хянана
ЗГМ: Сэдэв
- Энэхүү хиймэл оюуны технологийг анх архаг хууч өвчтэй хүнийг хянахад зориулж бүтээсэн ч цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн хэрэглээг нь өөрчлөхөөр шийджээ
Шаардлагатай бүхий л арга хэмжээ авлаа ч COVID-19-өөр өвдсөн хүнтэй харьцаж, эмчлэх нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад эрсдэлтэй ажил. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөний биеийн байдлыг алсаас хянахад эмч нарт туслах үүрэгтэй Emerald системийг Массачусетсын Технологийн Их Сургуулийн харьяа Компьютерийн ухаан, хиймэл оюуны лабораторийн (CSAIL) эрдэмтэд танилцууллаа. Энэхүү хиймэл оюуны технологийг анх архаг хууч өвчтэй хүнийг хянахад зориулж бүтээсэн ч цар тахал дэлхийг хамарсан онцгой нөхцөлд нийцүүлэн хэрэглээг нь өөрчлөхөөр шийджээ. Жижгэвтэр хайрцаг хэлбэртэй төхөөрөмжөөс цацах дохио өвчтөний бие махбодод ойно. Ойсон дохионд үүссэн өөрчлөлтийг хиймэл оюун бүртгэн цуглуулж өвчтөний амьсгалын давтамж, хөдөлгөөний идэвхийг бүртгэнэ. Эмч төхөөрөмжийн цуглуулсан өгөгдөлд тулгуурлан өвчтөний амьсгал хэвийн, унтаж чадах байгаа эсэхийг тодорхойлох юм. WiFi дамжуулалттай төхөөрөмжөөс цацаж буй радио долгион ердийн гар утасныхаас 1000 дахин сул. Emerald системийг одоогоор Массачусетс муж улсын нийслэл Бостон хотын хэд хэдэн эмнэлэгт туршилтын журмаар ашиглаж байна. Эмнэлгийн ажилтнууд уг төхөөрөмжийг COVID-19 өвчин тусаж гэртээ тусгаарлагдсан өвчтөний гэрт суурилуулжээ. Өвчтөний амьсгалын давтамжийг байнга хянаж буй төхөөрөмж мэдээллээ эмнэлэгт байгаа хариуцагч эмчид нь дамжуулдаг юм. Өвчтэй эмэгтэйн амьсгалын давтамж хэвийн хэмжээнд буурч, тайван унтах боломжтой болсныг хиймэл оюун хэдийн тодорхойлжээ. Халдвартай хүний гэрт очилгүйгээр зайнаас харьцаж буй хариуцагч эмч биеийн байдал сайжирсан өвчтөнд холбогдох зөвлөгөөг хиймэл оюунаас авсан мэдээллийн дагуу өгч байна. Emerald технологийг өргөн хэрэглээ болгож чадвал эмч нар хариуцаж буй өвчтөнөөсөө COVID-19 халдварлах эрсдэл эрс буурна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй