Жилд дунджаар 500 лиценз цуцлагдаж байна
ЗГМ: Сэдэв
- Хоёрхон жилийн дараа Монгол Улсад хайгуулын зөвшөөрөл байхгүй болох нь
- Улсын хэмжээнд 50 гаруй хайгуулын төсөл бий. Энэ жил УУХҮ-ийн сайдын багцад 26.6 тэрбумыг геологи хайгуулд зориулан баталсан
Төрөөс уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, хайгуулын лиценз олгохоо зогсоосон үед COVID-19 вирусийн халдвар тархсанаар хүнд байдалд ороод байсан геологи хайгуулын салбарыг улам хумьж эхэллээ. Энэ талаар Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр энэ янзаараа үргэлжилбэл хоёрхон жилийн дараа хайгуулын лиценз огт байхгүй болно гэв.
-COVID-19 вирусийн нөхцөл байдал Монголын геологи хайгуулын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Орон даяар дэглэм тогтоосон шийдвэрээс үүдэж хөдөлгөөн саарсан. Геологи хайгуулын ажилд ч энэ нь нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд хайгуулын зөвшөөрөл шинээр олгохгүй байгаатай холбоотойгоор энэ салбарын хөрөнгө оруулалт асар суларлаа. Жилдээ дунджаар 500 гаруй зөвшөөрөл ямар нэгэн байдлаар цуцлагдаж байна. Сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгох асуудал бүрэн зогссон. Өргөдлөөр хайгуулын зөвшөөрөл олгодгийг сэргээнэ гэсэн боловч УИХ, Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй байна. Одоо байгаа мянга орчим лицензийг ангилан харвал өргөдлөө өгсөн, эсвэл олон жил болсон талбай байна. Ийм нөхцөлд айхтар хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцолтгүй.
-Сонгон шалгаруулалтын журамд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Салбарынхны саналыг хэр тусгаж чадсан бол?
-2018 оноос сонгон шалгаруулалт явагдах болж, 2019 он гэхэд нийт 60 орчим лиценз олгосон. Одоогоор шинэчилсэн журмыг ХЗДХЯ руу санал авахаар явуулсан, хариу хүлээж байгаа гэсэн мэдээлэлтэй л байна. Сонгон шалгаруулалтын журамд зөрчилтэй байсан асуудлуудыг залруулах байх. Тухайлбал, талбайн сонголт, бусад бүрдүүлэх материал, үнэлгээний аргачлалд өөрчлөлт оруулах байх гэж хүлээж байна.
-Уул уурхайн компаниудын ТЭЗҮ, ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэзээнээс хуралдах бол. Энэ талын мэдээлэл танд бий юу?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурал хоёр сар орчим хуралдахгүй байж байгаад өчигдрөөс онлайн хэлбэрээр эхлүүлсэн. Төсөл хөтөлбөрүүд, хайгуулын ажлын тайлан, ТЭЗҮ-ийг хэлэлцүүлж байна. Эдийн засгийн нөхцөл байдал уурхайн ажлыг эхлүүлэхээс аргагүйд хүргэсэн тул Эрдэс баялгийн зөвлөл зайнаас хуралдаж эхэллээ.
-Одоо хэрэгжиж байгаа геологи хайгуулын төслүүдээс улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй ямар хөтөлбөрүүд байна вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад улсын төсвийн хөрөнгөөр 20 төсөл шинээр зарлагдаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд чадварын мэдээлэл хангалттай 12 төсөл шалгарч, дараагийн сонгон шалгаруулалтад бэлтгэж байна. Үлдсэн хэсэг нь чадварын мэдүүлэг, тоо хэмжээ нь хүрээгүй учраас дахин зарласан. Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа болон тайлантай 50 гаруй хайгуулын төсөл бий. Энэ жил УУХҮ-ийн сайдын багцад 26.6 тэрбум төгрөгийг геологи хайгуулд зориулан баталсан. Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийхдээ дөрөвдүгээр сарын 15- ны дотор АМГТГ-аар батлуулсан байх ёстой. Тиймээс ААН-үүд төлөвлөгөөгөө холбогдох газарт өгсөн байх.
-Хямралын үед алт худалдан авалт идэвхждэг. Үүнийг дагаад ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орж ирж байгаа тайланг харахад алтны жижиг шороон орд юмуу захын хэсэг дээр хийсэн тодотгол тайлан 20-30 хувийг эзэлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн их хэмжээгээр экспортлох боломжгүй байгаа өнөө үед алтны салбарыг дэмжих нь маш чухал. Валютын нөөц бүрдүүлэх, гадаад худалдааны тэнцлийг барихад алт маш их нөлөө үзүүлэх учраас Засгийн газраас алтны хайгуул, олборлолтыг дэмжсэн шийдвэр гаргах нь зүйтэй. Гэтэл өнгөрсөн жил нэлээд олон алтны тусгай зөвшөөрлийг цуцалсан. Харин одоо сонгон шалгаруулалтаар, өргөдлөөр алтны хайгуулд тусгай зөшөөрөл олгох шаардлага үүссэн нь үүгээр харагдаж байна.
-УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногт төр алтны хайгуул хийнэ гэдэг мэдээлэл өгсөн. Төр энэ салбарт орж ирэх нь хэр зөв шийдэл вэ?
-Улс мөнгөө гаргаад хайгуул хийх боломжтой. Гэхдээ хайгуулын салбар маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг ч тухайн газар нь орд болох хэмжээний нөөцтэй, үгүй нь тодорхойгүй учраас энэ эрсдлийг хүндрэлтэй байгаа төсөв дааж чадах эсэх нь эргэлзээтэй. Түүнээс биш төсвийн хөрөнгөөр хайгуул хийхэд болохгүй гэх газаргүй. Геологийн мэргэжлээр ажиллаж, туршлагажсан баг бүрэлдэхүүн тэнд байгаа.
-COVID-19-ийн нөлөөгөөр компаниуд ажилтнуудаа цомхотгож, хүний нөөцийн салбар хүнд байдад орж байгаа. Геологи хайгуулын салбарт байдал ямар байна?
-Хувийн хэвшлийнхний өмнө ажилчдынхаа цалинг тавьж, цомхотгол хийхгүй байх асуудал тулгарч байна. Хайгуулын ажил зогсонги байдалд орсон нь манай салбарыг “барьц алдуулж” байна. Энэ маягаараа цаашид дахин хоёр жил болоход л Монгол Улсад геологи хайгуулын зөвшөөрөл огт байхгүй болно. Хайгуул хийсний үр дүнд урт хугацаандаа уул уурхайн олборлох, бүтээгдэхүүний нөөц бэлдэх ажлыг тогтвортой хадгалж үлдэх боломжтой.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй