Хүүхдээ 3-4 наснаас нь эхлэн шинжлэх ухаанд “уруу татаарай”
ЗГМ: Сэдэв
Коронавирусийн халдвараас болоод гэртээ хорионд байгаа хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа талаар эцэг, эхчүүд хэлэх болсон. Хүүхдүүдээ хэдхэн хором гар утас, зурагтаас холдуулахыг хүсэж байгаа аав, ээжүүдэд зориулан “Хөөрхөн шар шувуу” сургалтын төвийн захирал Г.Төмөрзаяагийн зөвлөмжийг хүргэж байна.
Текст багатай, зурган чимэглэлтэй ном сонгох
Японы эрдэмтэд хүүхэд ямар нэг хичээлдээ сайн байх эсэх нь ном уншиж, ойлгодог, ойлгосон зүйлээ ярьж чаддаг байхтай шууд хамааралтай гэж үздэг. Тэгэхээр хүүхдээ зөвхөн ном унш гэж шаардахаас илүүтэй уншсанаа хэр зэрэг ойлгосон гэдгийг нь шалгах хэрэгтэй. Мөн ойлгогдохуйц ном санал болгосон эсэхээ нягтлах нь зөв. Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдэд нэг дор их агуулгатай ном өгвөл номонд дургүй болгох сөрөг талтай. Тиймээс нэгдүгээр ангийнханд текст багатай, зурган чимэглэлтэй, болж өгвөл дүрүүд нь дөрвөөс дээшгүй зохиол байх хэрэгтэй. Үүнээс олон байвал дүрүүд дундаа толгой нь эргээд зохиолоо ойлгохгүй болчихдог. Гэхдээ 3-5 настай байхад нь уншиж өгдөг байсан шиг заавал өнгөтэй, хуудас бүр тухайн тексттэй адил зурагтай байх албагүй.
Цуврал ном нь унших сонирхлыг нэмэгдүүлдэг
Та хүүхдээ номонд дуртай болгохыг хүсэж байгаа бол цуврал номыг сонгоорой. Ямар ном сонгохоо мэдэхгүй байгаа эцэг, эхчүүдэд “Таш”, “Шидэт модон байшин” зэрэг цуврал номыг санал болгож байна. Эдгээр ном нь мөр хоорондын зай ихтэй, текст багатай учир хүүхдэд залхахгүй уншдаг. Зургаан настнууд хөдөлгөөн ихтэйгээс гадна адал явдалд дуртай. Энэхүү ном нь эрэгтэй, 6-7 настай хүүхдэд тохиромжтой. Харин өөрөө бие даан унших чадвартай болсон долоон настай багачуудад “Ахмад Күүк”, “Робин Гүүд”, “Сарны тосгон”, “80 хоногт дэлхийг тойрсон нь” зэрэг дэлхийн сонгодог цувралыг санал болгож байна. Эдгээр ном нь хүүхдүүд уншиж болох стандартад нийцүүлээд хураангуйлсан боловч утга алдагдаагүй, зурган чимэглэлтэй, энгийн үг хэллэг хэрэглэсэн байдаг. Боломжтой бол ном уншсаны дараа киног нь хамтдаа үзээрэй. Ингэвэл хүүхэд номонд гарсан зарим зүйл байхгүйг анзаарах болно. Тэгээд номонд илүү их агуулга багтдаг учир ном илүү гоё гэдэг ойлголтыг дэмжиж өгөх боломжтой.
Хүүхэдтэйгээ хамтран унш
Харин 3-5 дугаар ангийн хүүхдэд “Хорвоотой танилцсан түүх”, “Төмөр ба түүний нөхөд”, “Хишигт тууж”, “Аав цэцэрлэгт орсон нь” зэрэг номыг санал болгож байна. 9-11 насны хүүхдийн унших ном заавал зурган чимэглэлтэй байх албагүй бөгөөд стандартын шаардлага хангасан тексттэй байхад л болно. Дээрх дэс дарааллаар номонд дуртай болсон хүүхэд тавдугаар ангиас эхлээд насанд хүрсэн хүнтэй адил энгийн хэвлэлтэй ном унших боломжтой. Тиймээс “Ээжтэйгээ унших үлгэр түүхүүд” зэрэг номыг сонгож болно. Хүүхэд 13 нас хүртлээ хэн нэгэнтэй хамтарч ном унших дуртай байдаг. Тэгэхээр ном авч өгчихөөд унш гэхээс илүү хүүхэдтэйгээ ээлжлэн уншаарай. Нэг хуудсыг нь ээж, эсвэл аав нь дараагийн хуудсыг охин нь гэх маягаар уншиж болно. Ингэснээр бие биедээ мэдээлэл хуваалцах юм. 8-10 настай хүүхэд насанд хүрсэн хүнээс хоёр дахин илүү ойлгож чаддаг. Тиймээс юу ч зааж өгсөн ойлгох бүрэн боломжтой учраас “Дэлхийн 100 баримт” зэрэг шинжлэх ухааны цуврал ном уншуулах хэрэгтэй. Харин 3-4 насанд хүүхдийн тархи хамгийн уян хатан байдаг тул “365 туршилт” номын туршилтыг гэртээ хийх боломжтой. Энэ нь таны хүүхдийг танин мэдэхүйд хөтөлдөг. Техник технологийн асар хурдтай хөгжлийн үе ирж буй тул аль болох шинжлэх ухаанчаар тайлбарласан ном сонгохыг зөвлөж байна.
Зөвлөгөө
Зөвлөгөө Бага насны хүүхдэд ямар ном сонгох вэ
3-6 сар
35 хуудастай, зөөлөн материалтай, өнцөг нь мохоо ба нэг хуудсан дээр гурваас илүүтэй өнгөтэй, зурагт нэг л дүрсийг үзүүлсэн, текстгүй (эсвэл нэгээс хоёр үгээр тайлбарласан) байна. Тоглоомын хэлбэр оруулсан дуугардаг, мэдрэхэд зориулан өөр өөр материал ашиглан хийсэн байж болно.
6-18 сар
Зөөлөн материал эсвэл хүүхдийн гарын ая даах хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй байна. Зургийн дүрсүүд том, хоорондоо уялдаа холбоогүй, текстгүй, эсвэл богино тайлбартай, 10 хүртэл хуудастай байвал зохимжтой. Сөхөгддөг, түлхдэг, дардаг дүрсүүдтэй байвал хүүхдэд илүү сонирхолтой.
18-24 сар
Мөн л хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй, байх ба дүрсүүд нь хоорондоо уялдаа холбоотой болж ирнэ. Мөн богино хэмжээний текст байж болно. Агуулга нь хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбоотой байх нь чухал.
Хоёроос дээш нас
Сэдвийн хувьд өргөжиж, богино дуу, шүлэг, үлгэр, танин мэдэхүйн холбогдолтой энгийн тексттэй болж агуулга нь баяжсан байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй