Бельги улс зай барих хяналтын бугуйвч туршина
COVID-19 цар тахлын үед бусдаас зай барихад тустай бугуйвчийг Антверпен хотын усан боомтын захиргаа ирэх сараас ажилчдадаа туршихаар шийдлээ. Тус бугуйвчийг үйлдвэрлэсэн Белгийн Rombit компани урьд нь ч Антверпений боомтын захиргаанд тээврийн хэрэгсэл ойртох үед, хөлөг онгоцны тавцангаас хүн усанд унах үед анхааруулах, ажлын тусгай бүсэд нэвтрэх хүмүүсийг хянах чадвартай бугуйн зүүлт нийлүүлж байжээ. Шинэ бугуйвчийн программ хангамж нь хэрэглэгч аюулгүйн зай барьж буй эсэхийг байнга хянаж явна. Жишээ нь ажилтан бусадтай 1.5 метрээс ойртох тохиолдолд дуут дохио өгч анхааруулах юм. Бугуйвчийг ашиглан хэрэглэгч ямар хүмүүстэй ойр зайд харилцсаныг ч илрүүлж болно хэмээн хөгжүүлэгчид нь тайлбарлаж байна. Боомтын ажилтнаас коронавирусийн халдвар илрэх тохиолдолд компани юм уу эрүүлийг хамгаалах байгууллага тухайн хүн ажлын долоо хоногт хэн хэнтэй контакт үүсгэснийг бугуйвчных нь мэдээллээр тодорхойлох боломжтой. Антверпений боомтын 60 мянга орчим ажилтан, ажилчид Rombit компанийн хяналтын бугуйвчийг коронавирусийн цар тахлаас ч өмнө ашиглаж ирсэн. Өдгөө цар тахлын нөхцөлд ажилчдын бугуйвчны программ хангамжид бусдаас зай барих хяналтын функц нэмж суулгаад турших юм. Бугуйвчийг компаниуд ажилчдаа хаа байгааг хянах, илрүүлэх үүднээс ашиглахгүй гэдгийг Rombit-ын ерөнхий захирал Жон Бекелманс тайлбарлав. Уг бугуйвч интернэт болон төвлөрсөн серверээр дамжихгүйгээр шууд хоорондоо харилцдаг.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй