“Байгалийн инженер”-үүд өдгөө 82 болж өсжээ

ЗГМ: Сэдэв


  • Гурван бүл минж төллөж, одоогоор зургаан дүдэртэй болоод байна

Минж нь мэрэгчдийн багийн амьтдын дотроос хамгийн том биетэйд тооцогддог бөгөөд хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтан хэмээн “Улаан ном”-д тэмдэглэгдсэн билээ. Манай улсад Ховд аймгийн Булган сумын Булган голд 300 орчим минж байдаг хэдий ч сэлгэн нутагшуулах боломжгүй. Тиймээс найман жилийн өмнө 2012 онд Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхээр гаднаас минж авчирч нутагшуулах болсон билээ. Үүний хүрээнд Германы Бавари мужаас 14, ОХУ-ын Киров мужаас 15 бүл минж авчирч байв. Шинэ зочиддоо Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоноос 10 орчим километрийн зайтай газар байр барьж, үржүүлгийн төв байгуулсан билээ. Монголд ирээд найм дахь жилтэйгээ золгосон минжнүүд одоо нутагшжээ. Эдгээр минжийн тоо толгой хэд болсон талаар Нийслэлийн байгаль орчны газрын биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ч.Батсайханаас тодрууллаа.

-Минж Монголд хэр дасан зохицож байгаа вэ. Одоо хэд болж үржээд байна?

-2012 онд Тэрэлжийн голын зүүн хэсэгт цутгадаг Зааны голд найман хос буюу 16 толгой минж нутагшуулсан бөгөөд түүнээс хойш Хан Хэнтийн дархан цаазат газрын захиргаа, байгаль хамгаалагчидтай хамтран ажиглалт судалгааг тогтмол хийж ирсэн. Минж өдөр нь унтаж, шөнө идэвхтэй амьдардаг учир ул мөрөөр мөшгөн судалж шилжилт хөдөлгөөнийг нь тогтоодог. Мөн бид МУИС-ийн судлаачидтай хамтраад нэгдүгээр сард Туул голд тавьсан минжний талаар мониторингийн судалгаа хийлээ. Авчирсан минжнүүдээ Тэрэлж, Зааны гол, Туул гээд гурван газар тавьсан. Судалгаагаар Туул голд хамгийн сайн нутагшиж буй нь харагдсан. Одоогийн байдлаар гурван газар 38 толгой минж тавиад байна. Харин үржүүлгийн төвд 44 толгой минж амьдарч байгаа. Тэгэхээр ирсэн цагаасаа хойш 82 толгой болж өссөн гэсэн үг. Минж бүлээр амьдардаг амьтан шүү дээ. Нэг бүлд эцэг эх, нэг болон хоёр настай дүдрүүд багтдаг. Хоёр ба түүнээс дээш настай минж бие даан шинэ бүл үүсгэн амьдардаг. Одоогоор гурван бүл төллөөд байна. Эхний бүл нь нэг, дараагийн бүл нь гурав, удаах бүл нь хоёр дүдэртэй болсон. Ер нь нэг эм минж тав хүртэл дүдэр гаргадаг. Цаашдаа илүү нутагшаад ирвэл тоо толгой нь өсөх боломжтой. Өнгөрсөн жил зургаан минж Туул голд тавьсан. Энэ жил дахиад наймыг тавихаар бэлдэж байна. Бие дааж амьдрах чадвартай болоод ирэхээр нь гурван нас хүргээд голын усанд тавьж байгаа. Тэднийг байнга өвлийн байранд байлгаад байх нь зохимжгүй юм байна. Тиймээс зуны байр барих тендер зарлаад байгаа. Түүнчлэн Минж үржүүлэх төвийн ойролцоо мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөөд байна

 -Усандаа дасчихвал өөрсдөө маш гоё байр барьдаг амьтан шүү дээ. Одоо өөрсдөө хэдэн байр бариад байна?

-Голын эргийн ойролцоо далан босгосон байна билээ. Минжийг “Байгалийн инженер” гэж хэлдэг шүү дээ. Эр, эм хоёр минж нэг бүдүүн модыг хоёр талаас нь шүдээрээ мэрж унагаад далангаа барих газраа дамжилж аваачдаг. Модоо эхэлж бэлтгэчихээд дараа нь бургас тайрч жижгэвтэр үүр барьсан байсан. Энэ үүрийг нь далан гэж нэрлэдэг. Уснаас хол байж чаддаггүй амьтан шүү дээ. Усны урсацыг нэмэгдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж, экологийн доройтлыг нөхөн сэргээдгээрээ тун хэрэгтэй амьтан. Усны түвшинг нэмэгдүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй л дээ. Судлаачдын хэлж буйгаар 80-100 минж усанд тавьж нутагшуулж байж голын усны түвшин нэмэгдэж, гүний усны нөөц сайжрах юм билээ.
САНАЛ БОЛГОХ