Н.Өлзиймаа: “Дэлхийн зөн”-гийн тусламжийг хамаатан садандаа тараагаагүй

ЗГМ: Сэдэв
  • Бид төслийн хүрээнд тарааж буй тусламж эзэндээ очиж байгаа эсэхийг хянаж байгаа

  • Гэхдээ иргэдийн хэрэгцээ дан ганц хүнс биш учраас мөнгөн тусламж үзүүлж байгаа. Нэг өрхөд 270 мянган төгрөг өгсөн. Хот, хөдөөгийн нийт 5000 өрхийг хамруулсан. Зарим айл эм тариагаа ч авч чадахгүй байна

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага гишүүн улсууддаа COVID­-19-­тэй холбогдуулан хүнсний болон мөнгөн тусламж үзүүлж буй. Монгол дахь “Дэлхийн зөн”-­гөөс өнгөрсөн саруудад 7010 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна. Харин саяхан 5000 айлд мөнгөн тусламж өгчээ. Гэвч энэ мөнгө зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэх хардлага гараад байгаа юм. Энэ талаар “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хүмүүнлэгийн онцгой байдлын тусламж хариуцсан менежер Н.Өлзиймаагаас тодрууллаа.

-Танай байгууллагаас эмзэг бүлгийн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлсэн гэж байсан. Гэхдээ энэ тусламжийг эзэндээ хүрсэнгүй, МАН-ын хүмүүс өөрсдийнхөө хамаатнуудад тараалаа гэсэн мэдээлэл тархаад байна. Танай байгууллага тусламж эзэндээ очсон эсэхийг хянадаггүй юм уу?

-Мэдээж хяналгүй яах вэ. Манай байгууллага 2019 онд эмзэг бүлгийн хүүхдүүдийн талаар судалгаа хийсэн. Энэ судалгаан дээрээ үндэслэж иргэдэд тусламж үзүүлж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гурваас дээш хүүхэдтэй, гэр бүлийн нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бид тусалсан. COVID-19 халдвараас болоод дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байна. Иймээс манай төв байгууллагаас өөрийн үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй улсад тусламж үзүүлж байгаа юм билээ. Бид халдварт өвчин тархсанаас хойш эмзэг бүлгийн зарим иргэдэд хүнсний тусламж үзүүлсэн. Гэхдээ иргэдийн хэрэгцээ дан ганц хүнс биш учраас мөнгөн тусламж үзүүлж байгаа. Нэг өрхөд 270 мянган төгрөг өгсөн. Хот, хөдөөгийн нийт 5000 өрхийг хамруулсан. Зарим айл эм тариагаа ч авч чадахгүй байна. Тиймээс эм тариа, хүнсээ өөрсдөө авах нь зүйтэй байх. Айл бүрийн хүнсний хэрэглээ харилцан адилгүй учраас бэлэн мөнгө өгөх нь зөв юм байна гэж шийдсэн. Бид төслийн хүрээнд тарааж буй тусламж эзэндээ очиж байгаа эсэхийг хянаж байгаа. Манай байгууллагын тусламжид нам, улс төрийн ямар нэг нөлөө ороогүй. Бас танил талаа харж тараасан зүйл гараагүй гэдгийг хэлмээр байна.

-Танил талаа харж тараагаагүй гэдгийг та яаж батлах вэ. Тусламж үзүүлэхээр болсон айлтайгаа эргээд холбогдсон уу?

-Тийм. Бид мөнгөн тусламж үзүүлэхээсээ өмнө тандалт хийгээд сонгосон айлтайгаа утсаар холбогдож, амьжиргааных нь талаар мэдээлэл авсан. Мөн бидний мөнгө өгсөн айлууд дэлгүүрээс хэчнээн төгрөгөөр юу худалдаж авснаа тэмдэглээд бидэнд мэдээллээ ирүүлэх юм. Үүн дээр нь бид мониторинг хийнэ.
САНАЛ БОЛГОХ