Чимх зөвлөгөө: Харанхуй орчин яагаад чухал вэ?

UB Info

Шөнө хангалттай унтах чухал гэдгийг бид мэддэг ч гэсэн чанартай нойрсоход харанхуй орчин хэрхэн нөлөөлдөг вэ? гэдгийг бид төдийлөн сайн ойлгодоггүй. Гэрэлтэй орчинд байх нь бидний тархинд илүү соргог сэрэмжтэй байх дохиог өгдөг бол эсрэгээрээ харанхуй орчин унтах цаг болсон гэсэн дохиог өгдөг аж. Дээрх үйл явцыг хоногийн хэмнэл (circadian rhythm) гэдэг байна. Уг хэмнэл нь шөнө унтахдаа гэрлээ унтрааснаар дуусаж өглөө нарны гэрэлд дахин эхэлдэг бөгөөд алдагдуулснаар хэт таргалалт, чихрийн шижин, хөхний хорт хавдар гэх мэт өвчтэй болох эрсдэлтэй.

Харанхуй бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Шөнө бидний биеийн дулаан буурч, бодисын солилцоо удаашран нойрны гормон болох мелатонин өсдөг. Харин өглөө болмогц металонины хэмжээ бууран бид сэрдэг байна. Мөн юм идэх хүслийг удирдагч гормон болох лептиний хэмжээ харанхуйд багасдаг бөгөөд шөнө оройн цагаар гэрэлтэй орчинд байснаар уг гормоны хэмжээ ихсэж шөнө дунд юм идэх хүсэл төрдөг аж.

Бүх гэрэл адилхан биш

Зарим гэрэл таныг илүү соргог сэрэмжтэй болгох бол зарим нь огт нөлөө үзүүлдэггүй. Жишээ нь: нарны гэрэл нь цэнхэр туяа болон богино долгионы гэрлээр баялаг тул биднийг илүү сэргэг болгож өгдөг. Мөн гар утас, таблет, компьютер, зурагт гэх мэт зүйлс нь цэнхэр туяа ялгаруулдаг тул харанхуйд ашиглах нь нойронд маш муу нөлөөтэй.

Эрчим хүч бидний нойронд ихээр нөлөөлдөг

Хүмүүс эрчим хүч ашиглаж эхлэхээс өмнө өдөр гэгээлэг орчинд ажиллаж шөнө нь харанхуй орчинд унтдаг байсан. Гэтэл 19-р зууны сүүлээр эрчим хүчийг нээснээс хойш шөнө бүр улам л гэгээтэй болсоор байгаа билээ. Харин өнөөдөр бид өдөр нь оффис дотроо нарны гэрлээс хол байж, шөнө нь нарны гэрэлтэй адилхан нөлөөтэй тоног төхөөрөмж хэрэглэн хоногийн хэмнэлээ орвонгоор нь эргүүлэх тохиолдол их болсон. Хэрвээ таны нойр тогтмол хулждаг бол нарны гэрэлд өнгөрөөх цагаа ихэсгэж шөнө цэнхэр туяа ялгаруулагч зүйлсээс аль болох зайлсхийгээрэй.

САНАЛ БОЛГОХ