Дэвид Кесслер: Танд мэдрэгдээд байгаа тавгүй мэдрэмж бол шаналал юм

UB Info

Өөрт мэдрэгдэж буй зовлон шаналлаа хүлээн зөвшөөрөх, хэрхэн аргалах талаар сэтгэл зүйч Дэвид Кесслерийн Харвардын Бизнесийн Тоймтой хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна

ХБТ: Хүмүүс маш олон зүйлийг мэдэрч байгаа. Зарим нэгийг нь шаналал гэж хэлж болох уу?

Кесслер: Тийм ээ, бид хэд хэдэн төрлийн шаналлыг мэдэрч байгаа. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Уг мэдрэмжийг түр зуурынх гэдгийг бид мэдэж байгаа ч гэсэн тийм санагддаггүй. Хүмүүс бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг ойлгож байгаа. Яг л 9 сарын 11-ны явдлаас хойш онгоцны буудал явах гэдэг ойлголт эрс өөрчлөгдсөн шиг. Энгийн байдлаа алдах, эдийн засгийн хямрал, бусдаас хөндийрөх гэх мэт зүйлсээс болж бид олуулаа шаналж байгаа.

ХБТ: Бид олон янзаар шаналж байгаа гэв үү?

ДК: Тийм. Бид мөн ирээдүйн шаналалд автсан. Ирээдүйн шаналал гэдэг нь ирээдүйд юу болохыг мэдэхгүйн улмаас шаналахыг хэлж байгаа юм. Ихэвчлэн үхэлтэй холбоотой байдаг. Жишээ нь дотны хүн хүнд өвчин тусах эсвэл хэзээ нэгэн цагт бидний эцэг эх байхгүй болно гэж бодох гэх мэт. Ирээдүйн шаналлыг мөн илүү ерөнхий тайлбарлаж болно. Ковид-19 тахлаас болж дэлхий дээр муу зүйлс маш их тохиолдож байна. Гэвч бид өмнө нь ийм том хэмжээний тахалтай нүүр тулж үзээгүй учраас гайхшралд орсон байгаа. Бидний оюун ухаан муу зүйл тохиолдоод байгааг мэдэж байгаа ч бид өөрсдийн нүдээр харах боломж бүрдэхгүй байна.

Уг гайхшралаас болж бид аюулд өртсөн мэт санагдаад байгаа юм. Хүмүүс өмнө нь ингэж үй олноороо аюулгүй мэдрэмжээ алдаж байсан гэж бодохгүй байна. Ганц нэгээрээ эсвэл хэсэг бүлгээрээ бол ийм байдалд орж байсан. Гэхдээ ингэж үй олноороо шаналж байгаа нь шинэ үзэгдэл юм.

ХБТ: Энэ их шаналлыг яаж зохицуулах вэ?

ДК: Шаналлын үе шатлалыг ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь заавал уг дарааллаар явагдана гэсэн үг биш. Зүгээр ойлголт өгөх л зорилготой эд юм.

Хамгийн эхэнд үгүйсгэдэг: энэ тахал бидэнд нөлөөлөхгүй гэж бодно. Мөн уурлана: намайг гэрт хорьж эрх чөлөөнд минь халдаж байна. Дараа нь тохиролцоно: хоёр долоо хоног гэртээ байхад бүх юм дээрдчих байлгүй дээ. Гуниглах: хэзээ дуусахыг би мэдэхгүй юм байна. Эцэст нь хүлээн зөвшөөрнө: нөхцөл байдал нэгэнт ийм болчихсон юм чинь яаж давахаа бодъё. Хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрснөөр нөхцөл байдлаа удирдах боломж бүрдэнэ. Би гараа угааж чадна, бусдаас зайгаа барьж чадна, гэрээсээ ажиллаж чадна гэх мэт.

ХБТ: Шаналж байх үед бидний сэтгэл санаа тогтворгүй болдог. Үүнийг илүү хөнгөлөх арга байгаа юу?

ДК: Ирээдүйн шаналлын талаар дахиад ярья. Чиний яриад байгаа зүйл чинь сэтгэлийн түгшүүр юм. Бидний оюун ухаан хий хоосон төсөөллүүдийг харуулж эхэлдэг. Жишээ нь бидний эцэг, эх өвчин тусах гэх мэт байж болох хамгийн муу зүйлсийг харуулдаг. Энэ бол бидний оюун ухаан хамгаалалтын арга хэмжээ авч байгаа хэрэг. Энэ үед тэдгээр дүр зургуудыг үл ойшоох эсвэл хүчээр дарах гэж оролдох хэрэггүй, оролдсон ч бүтэхгүй хүчлэх тусам улам их бодогддог. Харин төрж буй бодлуудаа тэнцвэртэй байлгах нь чухал. Маш муу зүйлийн талаар бодоод байвал эсрэгээр нь маш сайхан зүйлийг бод. Бид өвдсөн ч эдгэрдэг. Хайртай хүн болгон чинь үхнэ гэсэн үг биш гэх мэт. Сайн, муу бодлуудын алийг нь ч үл ойшоож болохгүй гэхдээ аль нэгийг нь хэт давамгайлуулж бас болохгүй.

Ирээдүйн шаналал гэдэг нь бидний сэтгэл санаа ирээдүйд болох зүйлсээс хамгийн мууг нь төсөөлж байна л гэсэн үг. Өөрийгөө тайвшруулахын тулд сэтгэл санаагаа яг одоо байгаа үедээ авчир. Бясалгал хийж сурсан хүмүүс үүнийг маш сайн чаддаг. Бусад хүмүүст бол уйтгартай санагдаж магадгүй. Өрөөндөө байгаа таван зүйлийг нэрлэ. Компьютер, сандал, зураг, хивс, аяга гэх мэт. Гүнзгий амьсгаа аваад төсөөлөөд байгаа зүйлс чинь биелээгүй байгаа гэдгийг сана. Яг одоо та болон таны эргэн тойрны хүмүүс зүгээр байна, танд хоол хүнс байна. Мэдрэхгүйгээ ашиглан ширээний хатууг, хивсний зөөлнийг мэдэр. Авч буй амьсгаагаа мэдэр. Гэх мэтээр анхаараа яг одоо болж буй зүйлс дээр төвлөрүүлснээр мэдэрч буй шаналал хөнгөрдөг.

Мөн өөрийн удирдаж чадахгүй зүйлсийн талаар бодохоо боль. Таны хөрш юу хийхийг та удирдаж чадахгүй. Харин та өөрийгөө удирдаж тэднээс хол байж, гараа угааж чадна. Ийнхүү удирдаж болох зүйлс дээр л анхаарлаа төвлөрүүл.

Энэ үе бол сайхан сэтгэл гаргахад хамгийн тохиромжтой цаг. Хүн бүр өөр өөр хэмжээний айдас, шаналал мэдэрч байгаа. Мөн тэдгээр нь өөр өөрөөр илэрнэ. Хамт ажилладаг хүн маань өчигдөр надтай гэнэт маш ширүүн харьцсан. Уг нь тийм ууртай хүн биш. Зүгээр л мэдэрч буй айдас, түгшүүрээ гадагшлуулж байгаа нь тэр юм. Тиймээс тэвчээртэй бай, яг одоо хэн бэ биш, ердийн үед ямар хүн бэ гэдгийг нь л бод.

ХБТ: Уг тахлын нэг хэцүү зүйл нь тодорхойгүй байдал мөн үү?

ДК: Энэ бол түр зуурын л нөхцөл байдал. Би эрүүл мэндийн салбарт 10 жил ажилласан. Иймэрхүү нөхцөл байдалтай нүүр тулахад бэлтгэгдсэн хүн л дээ. Мөн 1918 оны тахлын талаар сайтар судалсан. Бидний авч буй арга хэмжээнүүд бол зөв юм. Түүхэн туршлагаас харахад бид үүнийг даваад гарна. Энэ бол сайтар сэргийлэх цаг болохоос хэт их санаа зовох үе биш ээ. Мөн үүнд утга учир бий гэж бодож байна. Элизабет Күблер-Россын гэр бүл надад шаналлын үе шатлал дээр 6 дахь үеийг нэмэх зөвшөөрлийг олгосон. Энэ нь утга учир юм. Би Элизабеттай хүлээн зөвшөөрлийн дараа ямар үе шат байдаг талаар удаан ярилцсан. Би өөрөө шаналж байхдаа зөвхөн зөвшөөрөл дээр зогсохыг хүсээгүй. Тухайн хэцүү цаг үед би утга учрыг хайж олсон байх. Одоо ч гэсэн хүмүүс технологи ашиглан хоорондоо холбогдож болж байна шүү дээ. Бодож байгаа шигээ алслагдсан явдал огт байхгүй. Утсаараа удаан хугацааны турш ярилцаж байна. Гадуур алхах ч боломжтой. Одоо, мөн уг нөхцөл байдал дуусахад ч бид утга учрыг хайж олсоор байх болно.

ХБТ: Уг нийтлэлийг уншсан ч шаналсан хэвээрээ байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

ДК: Оролдоод л бай. Үүнийг шаналал гэж нэрлэх нь хүчирхэг зүйл юм. Үүний ачаар бид өөрсдийн дотор байгаа зүйлсээ мэдэрч байна. Өнгөрсөн долоо хоногт надад маш олон хүмүүс хандсан. "Хамт ажилладаг хүмүүстээ хэцүү байгаа талаараа ярьсан" эсвэл "би урд шөнө уйлаад" гэх мэтээр. Мэдэрч буй зүйлээ нэрлэх нь гадагшлуулах нэг арга юм. Сэтгэл хөдлөлөө гадагшлуулах хэрэгтэй. Бид төрж буй мэдрэмжүүдийнхээ талаар хэт их зүйл боддог. Бид өөрсдөдөө "Надаас хэцүү амьдралтай хүмүүс байхад би гуниглаж болохгүй" гэх мэт зүйлсийг хэлдэг. Энэ нь маш буруу. Гуниг, айдас, уураа зүгээр л хүлээн зөвшөөр. Бусад хүмүүс ямар байх танд огт хамаагүй. Таниас л гарч буй сэтгэл хөдлөлүүд учраас эсэргүүцэх хэрэггүй. Хэрвээ бид төрч буй мэдрэмжүүдээ эсэргүүцэхгүй бол эмх цэгцтэйгээр гарч дуусах ба энэ нь биднийг илүү хүчирхэг болгодог.

ХБТ: Эмх цэгцтэйгээр гэв үү?

ДК: Тийм. Заримдаа бид төрсөн мэдрэмжээ эсэргүүцдэг. Яагаад гэвэл нэг л гуниглачих юм бол гунигласаар л байх болно гэж боддог. Энэ худлаа. Таны сэтгэл хөдлөлүүд гадагшилна, мэдэрч буй зүйл чинь дуусаад дараагийн мэдрэмжээ мэдэрч эхэлнэ. Мэдрэмжээ эсэргүүцэх хэрэггүй.

Эх сурвалж: hbr.org

САНАЛ БОЛГОХ