Чимх зөвлөгөө: Хортой ажлын орчныг үгүй хийцгээе

UB Info

Вилланова Их Сургуулийн багш Манүэла Присмүтийн Харвард Бизнес Тойм дээр нийтэлсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Дэлхий даяар сая сая хүмүүс ямар нэгэн дарамт, доромжлол дор ажилладаг. Уг ажилчид дээд албан тушаалтнуудаас доромжилсон өнгө аястай үгсийг өдөр бүр сонсдог. Үүний улмаас тэдний үр бүтээмж муудаж, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бус болдог.

Муу боссын дор ажиллах нь ажилчдад хэцүү байдаг ч уг асуудал ганц хүнээр зогсох асуудал биш юм. Удирдагчид эрх мэдлээ урвуулан ашигласнаас болж компанийн уур амьсгал болон соёл тэр чигтээ маш хортой болж хувирдаг байна. Учир нь менежерүүд болон бусад дээд албан тушаалтнуудаас ажилчид байнга суралцдаг учраас иймэрхүү ааш авирыг хүлээн зөвшөөрөх хандлагатай болж улмаар өөрсдөө дээд албан тушаалд очихоороо тэдэнтэй адилхан авирладаг. Үүнээс болж бүхэл бүтэн компанийн соёл тэр чигтээ маш хортой болж хувирдаг аж.

Мөн хортой орчинд ажилласнаас болж баг хамт олны хамтаар ажиллах чадвар болон өөрсдөдөө итгэх итгэл үгүй болдог гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн, уг орчин нь хамт ажилладаг хүмүүсийн хоорондын чухал холбоог тасалснаар тэдний үр бүтээмж муудаж, нэгнээ тусалж дэмжих хүсэлгүй болдог аж. Мөн хортой ажлын орчин нь зөвхөн ажилд нөлөөлөхгүйгээр ажилчдын гэр бүлд хүртэл нөлөөлдөг гэдгийг тус судалгаагаар олж мэджээ. Судалгаанд хамрагдсан ажилчид сэтгэл санаагаар унах, эрүүл мэндээр хохирох мөн ажлаас болж гэр бүлийнхэнтэйгээ ихээр маргалдах болсон гэж мэдүүлсэн байна.

Тэгвэл уг асуудлыг хэрхэн зогсоох вэ?

Хамгийн сүүлийн судалгааныхнаа хүрээнд уг асуудлын талаар удирдагчид болон ажилчидтай ярилцаж үзсэн юм.

Эхлээд миний хамтрагч Бэйли Бигелоү бид хоёр яавал муу боссууд ааш авираа өөрчилдгийг ойлгохыг хүсэв. Тэгэхийн тулд бид удирдагчдаас ажилчиддаа муухай хандсан нэг тохиолдлоо бодоод түүнийхээ талаар аль болохоор тодорхой бичихийг хүслээ. Дараа нь тэднээс муухай хандсаны дараа ямар мэдрэмж төрсөн болон дахиж муухай аашлахаа больсон эсэхийг асуусан юм.

Уг судалгааны хариуд удирдагчид ажилчид даа эвгүй хандсаны дараа нийгмийн үнэлэмж нь буурсан сэтгэгдэл төрдөг бөгөөд уг мэдрэмж нь удирдагчдын гүйцэтгэлд муугаар нөлөөлж улмаар дахин муухай аашлах цикл үүсгэдэг гэдгийг олж тогтоосон юм. Мөн зарим боссууд уг явдлын дараа ажилчид даа зохисгүй авир гаргахаа бүр мөсөн больсон гэсэн хариу гарсан. Ингэснээр өөрийн нийгмийн үнэлэмж болон ажилчид даа санаа тавьдаг удирдагчид уг асуудлаа шийдэж чадсан байна.

Харин эсрэгээрээ нийт удирдагчдын 10% нь ямар нэгэн сэтгэцийн өвчтэй байдаг аж. Тэд нийгмийн хамгаалал, үнэлэмж гэх мэт зүйлсийг огт тоодоггүй ба хүйтэн хөндий, эрээ цээргүй, өрөвдөх сэтгэлгүй учраас ааш авираа засах хандлага огт ажиглагддаггүй байна.

Мөн надтай хамт ажилладаг Маршал Шминк бид хоёр удирдагчдын зохисгүй үйлдлээс болж хохирсон ажилчид нэгэндээ хэрхэн тусалдаг талаар судалсан юм. Үүний хүрээнд бид компанийн стандарт болон соёл хамгийн их нөлөөлдөг гэдгийг олж мэдсэн. Шударга байдалд ихээхэн ач холбогдол өгдөг компанийн ажилчид нэг нэгэндээ илүү туслах хандлагатай байдаг аж. Түүнчлэн эдгээр нормоос болж ажилчид бусдын амьдралд эерэг нөлөөг үзүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болж улмаар нэг нэгнээ хамгаалах, дэмжих хандлагатай болдог байна.

Тэгвэл уг хоёр судалгааны хариуг ашиглан компаниудыг хэрхэн зохисгүй авиртай тэмцэж болох талаар дурдъя.

Нэгдүгээрт: Компаниуд удирдагч, менежерүүддээ зохисгүй авираас болж гардаг хохирлын талаарх мэдлэгийг түгээх хэрэгтэй. Уг асуудлаар сургалт зохион байгуулснаар удирдагчид хэн нэгэнд муухай хандах нь тэднийг хохироогоод зогсохгүй өөрт нь ч муугаар нөлөөлдөг гэдгийг ойлгох юм.

Хоёрдугаарт: Компанийн ажилчид ямар нэгэн шийтгэлээс айлгүй санал гомдлоо нууцаар илэрхийлэх сувгуудыг нээж өгөх хэрэгтэй. Дараа нь хүний нөөцийн албаныхан уг санал гомдлуудыг тухайн удирдагчдад хүргэж тэдний гаргасан авир компанийн хууль дүрэмтэй нийцэхгүй гэдгийг ойлгуулна. Ийнхүү тухайн удирдагчийн авир бусдад таалагдахгүй байгааг мэдсэнээр өөрийгөө засах арга хэмжээг авахад хүргэж мэдэх юм.

Гуравдугаарт: Байгууллагууд шударга тогтолцоог бий болгох хэрэгтэй. Учир нь эдгээр тогтолцооноос хамаарч ажилчид нэг нэгнээ хамгаалж, дэмжих эсэх нь шийдэгддэг. Хэрвээ тэд компанийн тогтолцоог шударга гэж үзэж байвал зохисгүй авирыг эсэргүүцэж, хохирогч болж буй нэгнээ хамгаалах хандлага бий болно.

САНАЛ БОЛГОХ