Хоёр бүлэглэлийн дунд хоногтоо цуцсан Монгол төр минь...

UB Info

Оюутолгойн бүлэглэл буюу Рио Тинтогийн гар хөл бологсод санасандаа хүрч, сарвайснаа халааслаад мордонгуут Монголын төрийг зайдлаад авсан Эрдэнэтийн 49%-н бүлэглэл гэж бий. Үндсэндээ хоёр өөр бүлэглэлийн дарамт шахалт, хуйвалдаан, хутгуур дунд сүүлийн 30 жилийг барж байна даа, Монголчууд.

Эхэндээ технологийг нь танихгүй тооноо хазайлгаж, тогоотой сүүндээ сүүдэр унагаасан. Яаж ч таних билээ. Тал нутагт дураар давхих адууг барьж сургаад, чөдөрлөж ногтлоод, тэжээлд дасгаж, ташуурт сургаж, тааваараа эдлэх гэж хэдэн жилийг зарцуулдаг юм байгаа биз дээ. Хоёр бүлэглэлийн дундаас хоншоороо цухуйлгаж чадахгүй, хоорондоо алалцаад, хоёр гурав талцсаар явтал эхний бүлэглэл Дубайн гэрээгээ үзэглэж аваад дуугүй болж чих амраав.

Олны анхаарал Оюутолгойд төвлөрч, өр зээл, ажлын байрны хэрүүлтэйгээ зүдэж байх зуур хоёр дахь бүлэглэл толгойгоо өндийлгөж, тогоотой өрөм хамаад амжих нь тэр. Энд яригдаад байгаа сахал хочит Эрдэнэбилэг М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Худалдаа хөгжлийн банкыг хувьчлаад авчихсанаар бүлэглэл бүдүүрэх эхлэл тавигдав. Нэгэнт банктай болж бэлээ базаасан мөнөөх Бүлэглэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг үнэгүйдүүлэн зутрааж байгаад өвөртөө шургуулав. За ингээд бүлэглэл бүдүүрэх ажиллагаа гараанаас гарч, гялалзтал хурдалсаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын цахилгаан станцыг халааслаад авлаа. Тэгсэн нөгөө Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемэнт хоёроос чинь хэдэн зуу дахин том хөрөнгө болох Эрдэнэт ард нь данхайж байдаг байгаа. Ц.Элбэгдорж парламентийн чуулган дээр хэлсэн үгэндээ Эрдэнэт гэдэг саалийн үнээ хөгширч, заазлах дөхөж байгаа тухай хавчуулсан нь харайх зайгаа, хураах хөрөнгөө бэлдсэн хэрэг. Нөгөө муу Н.Алтанхуяг шавар хаагаад Эрдэнэтийг өгдөггүй дээ. Тэр мууг юухан байхав, нүүрстэй нэр холбон зайлуулж хаяад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож байгаад ажлаа амжуулдаг юм байгаа биз дээ. Ч.Сайханбилэгийн үед хоёр бүлэглэл хоёулаа хожсон. Дубайн гэрээ хийгдэж, Эрдэнэтийн 49 хувийг ХХБ оросуудаас авсан даа. Монголдоо аваад ирээ л биз гээд баахан тархи угааж, тариа тоншуулсан. Гэтэл яав?

Бүлэглэлийн бүдүүн даргын өмч гэгдээд байдаг ХХБ чинь аль эрт хүнийх болчихсон юм байж. ХХБ-ны 65.83 хувь нь Люксембургийн оффшор бүсэд бүртгэлтэй Globull investment development SCA компанийн эзэмшилд оччихсон тууж явбал яах уу? За ингээд нэгдүгээр бүлэглэл, хоёрдугаар бүлэглэл хоёр хоёулаа хожоод, Монгол өөрийн гэх өнгөтэй өмчгүй, үнэтэй хөрөнгөгүй үлдэв. Ингэж байтал манай энхрий хайрт Ерөнхийлөгч "Монгол ялна" гээд л мандуулаад гараад ирэлгүй хаачихав. Үндсэндээ нам дамнасан бүлэглэлүүдэд боорлуулаад өөрийн гэх Монгол төргүй байсан монголчууд дэмжээд босголоо, тулаад авлаа. Хоёр бүлэглэл хожоондоо цадаад алхайж байх зуур хөөрхий муу Хүрэлсүх хоншоороо өндийлгөж, за бараг л 30 жилийн дараа арай гэж Монгол төртэй болов оо. Монгол төр Оюутолгойн гэрээг сайжруулахаар сарвайтал зүтгэж, Эрдэнэтийгээ олж авахаар сардаа шогшив. Энэ нь хоёр бүлэглэлд хоёуланд нь таалагдсангүй. Тиймээс тус бүрийн ажлын хэсэг ахалсан нөхдүүдийг харлуулав, муулав. Монголчуудыг монголчуудаар нь алуулж байж ашиг гаргах нь тодорхой шүү дээ.

Ингээд бүлэглэл хоорондын дажин эхэлж, 2020 оны сонгуульд уралдаад л яваад орчихлоо. Манай энхрий хайрт Ерөнхийлөгч хоёрдугаар бүлэглэл буюу жолооч нь явсан сахал Эрдэнэбилэгийн талыг дэмжих янзтай, Оюутолгойнхныг хорих шинжтэй. УИХ-д аль бүлэглэл нь олонх болохоос бас их юм шалтгаална аа. Ийнхүү бүлэглэл хоорондоо бөлдөгцөлдөж байх зуур МАН М.Энхболд тэргүүтэй бүлэглэлийн төлөөлөгчдөөсөө салаад авлаа. Бүлэглэлээс намаа чадан ядан, хагас дутуу цэвэрлэсэн гэсэн үг. Гэтэл яав, нөгөө яруу алдарт Оюутолгой, Эрдэнэтийн гэх хоёр бүлэглэл чинь дүрсээ хувиргаад, нүүрээ нуугаад нам, эвсэл болгонд шингэж тарав, ширээ горьдож сонгуульдав. Электорат нэрээр Сангийн сайд асан Баабар баахан залуусыг хоморголон хажуудаа уяв. Эрдэнэбилэг харин АН-ыг Эрдэнэтэй нь барьж унав, барж халааслав. Ингээд энэ сонгуульд МАН ба Хүрэлсүхийн баг, Эрдэнэтийн бүлэглэл, Оюутолгойн бүлэглэл гэсэн гурван арми үзэж тарж, үсэрч наалдаж байна даа. Хамгийн их мөнгө зарж байгаа нь хоёрдугаар бүлэглэлийн бүдүүн дарга Эрдэнэбилэг. Хамгийн их нүүрээ нууж, нүглээ хаацайлж байгаа нь Баабар тэргүүтэй Оюутолгойн бүлэглэл. Манай Хүрэлсүх яахав дээ, монгол зүрх, монгол зориг, монгол итгэлдээ найдаад шуугиад орчихсон, шуударч явна.

Өнөө хоёр бүлэглэл хоёр талаас нь хүч хавсарч балбаад, Монгол төрийн амийг тавиулдаг дээрээ л тулж байна. Юу гээч? 2015 онд Эрдэнэт 500 тэрбумыг татварт төлсөн. Эрдэнэбилэг аваад 170 тэрбумыг л татварт төлсөн. Дундаас нь 330 тэрбум хааччихав? 49 хувийг төр авсны дараа Эрдэнэт улсад 1.0 их наядыг төлсөн. Дотооддоо нэмэлт хайгуул хийж 40 жил зогсолтгүй ажиллах нөөц илрүүллээ. Эрдэнэтийн төлсөн татвараас хөл хорионы үеийн хүүхдүүдэд сар бүр 100 мянгыг хуваариллаа. Тэрбум тэрбумаар, их наядаар яригдаж буй энэ их хөрөнгөний төлөө эх оронгүй болсон Бүлэглэлүүд үзэлцээд байхаас яадаг юм. Ингэхэд хөдөлгөөн, эсвэл ТББ-ууд УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй юү? Эвсэл байгуулж сонгуульд орохын тулд тухайн намуудтай Электорат хөдөлгөөн ямар тусгай гэрээ хийсэн бэ, энэ гэрээгээ хэзээ олон нийтэд дэлгэх вэ? Нэг ба хоёрдугаар бүлэглэлд нэг л ялгаа бий. Оюутолгойн бүлэглэл ямартай ч уурхай байгуулж байна. Эрдэнэтийн бүлэглэл зүгээр л улсын үйлдвэрийн газруудыг өөрийн болгоод өвөртөлдөг. MCS энэ тэр бол хажууд нь жижиг жараахай, живэлгүй үлдвэл их юм.

За ийм л байна даа. 2020 оны УИХ-ын сонгуульд Хүрэлсүхийн гардан хийж буй тулааны улаан шугамын утаатай дүр зураг энэ юм. Тэгэхдээ бүр эх орныг минь хагас зуун жил тэжээсэн Эрдэнэтийн мөнгөөр эрдэнэт төрийг минь худалдан авах гэсэн энэ санаархлын ард зүгээр л нэг хэсэг хүний баяжих сонирхол байгаа гэж би бодохгүй байна. Туурга тусгаар улсыг туулайчлан намнах гэсэн далд бодлого данхайтал томорч байна даа! Хоёр бүлэглэлийн дундаас хоншоороо цухуйлгаж ядан өндийгөөд хоногтоо цуцаж буй Монгол төр минь...монголчуудыг монголчуудаар нь намнуулж байгаад дундаас нь Монгол төрийг хулгайлна гэнэ ээ, тэгдэггүй байх шүү. Ямар ч парламент гарсан яг энэ үгийг би хэлэх болно.

Эх сурвалж: Эмүжин

САНАЛ БОЛГОХ