Чимх зөвлөгөө: Хүчээр эерэг байх нь маш хортой

UB Info

Та "эерэг талаас нь хар", "битгий сэтгэлээр уна" гэх мэт үгсийг зөндөө л сонсож байсан байх. Өнөө үед хүмүүс яаж ч зовж байсан эерэг байхыг хичээдэг хандлагатай болоод байна. Тэгвэл энэ нь маш буруу юм. Өөрт төрж буй сөрөг мэдрэмжүүдээ үл тоож хүчээр дарах нь огт эрүүл биш. Ингэснээр бид байгаа байдлыг бодитоор хүлээж авах чадвараа алддаг аж. Удаан хугацаанд ийм маягтай явснаар улмаар тэсвэр тэвчээр муудаж, сэтгэл санаагаар унах болон сэтгэлийн түгшүүрийг илүү хүндээр тусгаж авдаг болоод зогсохгүй бидний харилцаа холбоо болон зорилгодоо хүрэх чадваруудад маш муугаар нөлөөлдөг.

Төрж байгаа мэдрэмжээ ялгаж сур

Сөрөг мэдрэмжүүдээ үл тоож хүчээр эерэг байх гэж оролдохын оронд ялгаж сурах нь маш чухал. Хүмүүс төрж буй мэдрэмжээ тодорхой тайлбарлаж чаддаггүй. Жишээ нь хүн болгон л стресстэх талаар ярьдаг. Гэвч дийлж баршгүй асуудлаас болж стресстэх, урам хугарснаас болж стресстэх эсвэл буруу ажлаа хийх, буруу харилцаанаас болж стресстэх мэдрэмжүүд хоорондоо асар том ялгаатай шүү дээ. Тиймээс өөрт төрж буй мэдрэмжүүдээ ялгаж чадсанаар тухайн мэдрэмжийг давж гарах арга зам хайхад илүү хялбар болдог байна.

Өөртөө энэрэнгүй ханд

Сэтгэл хөдлөлөө ялгаад дараа нь тухайн сэтгэл хөдлөлдөө энэрэнгүй сэтгэлээр ханд. Ихэнх хүмүүс энэрэнгүй сэтгэлийг сул дорой байх, залхуурах эсвэл өөртөө худлаа ярихын нэг хэлбэр гэж боддог байж магадгүй. Үнэндээ өөртөө энэрэнгүй хандах нь сэтгэл дотор тайван амгалан орчин бүрдүүлдэг. Уг орчин бүрдсэнээр хэрвээ байдал таны хүссэнээр эргэхгүй бол улам нэмж хямрахгүй эсрэгээр нь өөрийгөө уучилж чадна гэсэн үг юм.

САНАЛ БОЛГОХ