Чимх зөвлөгөө: Дуугүй байхын хүч

UB Info

Таны дэргэд хэн нэгэн бүдүүлэг зүйл хэлэхэд өөдөөс нь нэн даруй хариу баримаар санагддаг л биз? Гэвч ихэнх тохиолдолд амаа бариад тоохгүй байх нь илүү ашигтай.

Мэдээж чимээгүй тэвчээд өнгөрөх нь хэлэхэд амар хийхэд хэцүү зүйл л дээ. Учир нь хүн дайралт мэдрэх юм бол өөрийгөө хамгаалах арга хэмжээ автоматаар авахаар цаанаасаа програмчлагдсан байдаг.

Гэхдээ дайралт мэдрэх болгондоо эсрэг цохилт хийгээд байх нь яг ямар ашигтай вэ?

Ихэнхдээ асуудлыг улам дэвэргэх, өөрсдийгөө эвгүй байдалд оруулах, өрөөнөөс уурлан гарах эсвэл хэлсэн зүйлдээ харамсаад үлддэг. Эцсийн эцэст энэ нь таны эрч хүчийг сорно уу гэхээс өөр ашигтай зүйл байхгүй. Нэгэн судалгаагаар бүдүүлэг аашилж буй хүмүүсийг огт тоохгүй байх нь сэтгэл санааны болон биеийн эрч хүчээ хадгалж үлдэх нэг арга гэдгийг тогтоосон байна.

Хүн бүхний хэлсэн зүйлд хариу барих албагүй гэдгийг ойлгох нь танд маш их эрх чөлөөг авчирна. Таны сэтгэл доторт нөлөөлж буй зүйлс болгонд гадна талаараа хариу барих шаардлагагүй. Дуугүй өнгөрөөх гэдэг нь эрч хүч анхаарлаа хандуулахгүй байснаар тухайн таагүй мэдрэмжийг хурдан алга болгох гэсэн үг юм.

Чимээгүй байна гэдэг нь маш их сэтгэлийн тэсвэр тэвчээр, хүч чадлын илрэл

Байдал ширүүдэх үед эрүүл ухаан биш сэтгэл хөдлөл биднийг удирдах үе их байдаг. Тиймээс дараагийн удаа уг байдал давтагдах үед сэтгэл санаагаа сайтар бэлдсэн байх нь чухал.

Доорх маш энгийн дүрслэх аргийг туршаад үзээрэй

- Бусдын өмнө хэн нэгэн таныг үл хүндэтгэж байгаа дүр зургийг төсөөл
- Дотор чинь буцалж эхэлж буй уур хилэн, хариу цохилт үзүүлэхийг хүсэж байна гэж бод
- Хариу цохилт үзүүлэхийн оронд зүгээр л чимээгүй тэсээд өнгөрч байна гэж бод
- Дотор чинь уужирч, хурсан тэр их уур хилэн замхарч алга болж байна гэж төсөөл

Энэ мэт түр хугацааны дүрслэлүүдийг тогтмол хийх юм бол жинхэнэ амьдрал дээр дээрх байдалтай нүүр тулах үед гарз хохиролгүйгээр давж гарах илүү бэлтгэлтэй, илүү тэвчээртэй болох болно.

Гэхдээ чимээгүй тэсэх, үл тоох хоёр хоорондоо асар том ялгаатай гэдгийг санаарай. Үл тоох гэдэг нь хэн нэгэнд уурласнаас болж тэдэнтэй харьцахгүй байх, утсаа авахгүй байх гэх мэт жаахан хүүхэд шиг ааш авир юм. Харин чимээгүй тэсэх гэдэг бол анхаарал хандуулаад байх шаардлагагүй зүйлийг үл тоож буй боловсронгуй арга юм. Дэмий зүйлийг тоохгүй байж сурмаар байвал дээр хоёрын ялгаа сайн ойлгох хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, чимээгүй тэвчих тал дээр хамгийн сайн багш нар бол бидний хамгийн дургүй хүмүүс. Чимээгүй байхыг хэвшил болгож эхлэх үеийн хамгийн том сорил бол байнга бидний дургүйг хүргэж, тэсвэр тэвчээрийг барж байдаг хүмүүс юм. Үүнийг Далай Лам дайсны бэлэг гэж нэрлэдэг. Дуугүй байхын хүчийг хэзээ ч бүү басаарай. Учир нь дуугүй байх гэдэг нь харилцаа холбооны мөн таны өдөр тутмын амьдрал, сэтгэл санааны эрүүл мэндэд маш тустай чухал чадвар юм.

САНАЛ БОЛГОХ