МАН: Эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах хөтөлбөр боловсруулна

Мэдээ

Эрх барихаар сонгогдсон МАН мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар" байгуулж өөрөөр хэлбэл “Давхар дээл”-ээс татгалзаж эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Тус нам хамгийн түрүүнд Засгийн газрын бүтцээ давхар байхааргүйгээр төлөвлөж байгаа ажээ. Үүнээс гадна эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах хөтөлбөр боловсруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн байна. Мөн бас нэг томоохон зорилт нь улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулж, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тогтвортой өсөлтийг бий болгоно гэж амласан юм. Түүнчлэн “Зээлийн хүүг бууруулна, валютын нөөцийг нэмэгдүүлнэ, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина, төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, зохистой түвшинд хадгална. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтворжуулан өсгөнө, хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээнэ” гэж тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт зааснаар өндөр хүүтэй зээл авахаас татгалзах бодлого баримтлахаар байна. Мөн төсвийн хэмнэлтийн горимд шилжиж нэгдмэл байдлыг хангаж төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсооно гэсэн байна. Үүнээс гадна Төрийн ажлыг гүйцэтгээд санхүүжилтээ авч чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд мөнгийг нь эргүүлэн олгох ажлыг шат дараатай зохион байгуулахаа амласан юм. Төсвөөс гадна нэг анхаарах зүйл бол импортын барааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэж тусгасан байна. Энэ нь одоогийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхээр байгааг харуулж байгаа аж. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй байхаар тусгасан төдийгүй өмнө нь яригдаж байсан бодлогоос, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг өөрчлөх төсөлд босгыг өндөрсгөхөөр заасан байсан бол одоо жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэж зааж өгсөн байна.


САНАЛ БОЛГОХ