Чимх зөвлөгөө: Та яг юуны төлөө ажиллаад байна?

UB Info

Сохор тэмүүлэл биш бодит зорилго

"Хийж байхад учир нь яваандаа олдоно" гэсэн алдарт онч үг байдаг. Ихэвчлэн залуу хүмүүс болон залуу бизнесүүд уг стратегийг ашигладаг билээ. Энэ нь хаанаас үсэрч байгаагаа бодохгүй, мөн хаана газардахаа мэдэхгүй үсрэхтэй яг адилхан юм.

Тэгвэл ингэж сохроор биш өөрөөр хэрхэн ажиллах вэ?

Яг ямар зорилготой ажиллаж байгаа вэ? гэдгээ тодорхойлох нь маш чухал.
Улс төрөөр жишээ авахад: АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон "Анас" хэмээн нэрлэсэн тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг байжээ. Тэр карьерынхаа туршид уг дэвтэр дээрээ өрсөлдөгчдийнхөө талаарх цуу яриа, шүүмжлэл, элдэв хов живийг дараа нь хэрэг болох үед ашиглах зорилготой тэмдэглэж авдаг байсан аж. Томас үүнийгээ цаг нь болохоор сонин хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслүүдэд өгч өрсөлдөгчдөө дарах стратеги хэрэглэдэг байсан байна. Харин АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч болох Билл Клинтон мөн л карьерынхаа туршид улс төрд ороход нь тус болж чадах хүмүүсийн нэр, утасны дугаарыг тэмдэглэж авдаг байв. Энэ нь түүнийг яваандаа ерөнхийлөгч болоход нь тусалсан ба тухайн үед 10000 гаруй хүмүүсийн утасны дугаарыг тэмдэглэж авсан байжээ.

Ийнхүү яг ямар зорилготой, юуны төлөө юуг хийж байгаа гэдгээ байнга мэдэж байхаас гадна зорилгодоо хүрэхийн тулд ямар стратеги ашиглах ёстойг байнга өөрөөсөө асуу.

Сохор ажиллах

Маш олон хүмүүс яг юуг хийж чадах, юу хийх ёстойгоо олох гэж хичээлгүй зүгээр л зөнгөөрөө ажилладаг. Тэд нэтүорк хийдэг ч яг ямар хүмүүс өөрт нь хэрэгтэй вэ? гэдгийг мэддэггүй. Яг юуны төлөө амьдраад байгаагаа мэддэггүй. Юу хийхийг хүсэж байгаагаа маш их ярьдаг ч хэрхэн зорилгодоо хүрэхээ мөн л мэддэггүй сохор зүтгэлийн циклд гацсан байдаг.

Тэгвэл та яг одоо өөрөөсөө доорх асуултуудыг асуугаарай

Таны эцсийн зорилго юу вэ?
Яагаад энэ таны зорилго вэ?
Түүндээ хэрхэн хүрэх вэ?

Ямар нэгэн том зүйлд хүрэхэд ганцхан хичээл зүтгэл хангалтгүй. Хүрэх замыг гэрэлтүүлдэг зүйл бол ухаан, хүргэж өгдөг зүйл бол стратеги юм.

САНАЛ БОЛГОХ