Хотын удирдлагуудын эв нэгдэл нийслэлд МАН ялахад нөлөөллөө

UB Info

Нийслэлийн МАН-ын хороо түүхэндээ байгаагүй 91,7 хувийн ялалтыг энэ сонгуулиар байгууллаа.

МАН сонгуульд ялсан он жилүүдэд зөвхөн хөдөө орон нутгийнхан нийслэлийнхнээ чирч гаргаж байсан бол, энэ удаагийн сонгуульд МАН нийслэлийн 24 нэр дэвшигчээс 22 нь ялалт байгууллаа.

МАН нийслэлчүүддээ хийсэн юмтай, хэлэх үгтэй энэ сонгуульд нүүр бардам орсон. Тэдний хамгийн том оноо утаагүй Улаанбаатар болгож чадсан явдал байлаа. Хоёрдугаарт, цар тахлын үед дэглэмийг ягштал мөрдүүлж, нийслэлд короновирусийг алдахгүй хамгаалж чадлаа. Монгол Улсын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод цар тахлыг алдсан бол төсөөлшгүй үр дагаварт хүрэх байсан. Гуравдугаарт, Налайхын зам, Сонсголонгийн гүүр, Олимпийн гүүр гэх мэтчилэн дэд бүтцийн, тэр дундаа иргэдийн хүсэн хүлээсэн бүтээн байгуулалтуудыг хийж чадсан нь 91,7 хувьтай ялалтад хүрэх үндэс байлаа.

Нийслэлийн МАН-ын энэхүү үнэмлэхүй ялалт МАН-аас явуулсан шийдвэртэй бодлого, нийслэлийн өнөөгийн удирдлагын үйл ажиллагаа, түүний үр дүнтэй шууд холбогдоно. Тэд гар, сэтгэл нийлж, үр дүнтэй ажилласан учраас ард түмэн тэдэнд дүн тавьж өгсөн нь энэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/ нарын “хоршил” Улаанбаатарыг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн том асуудал болох утаанаас салгаж чадсан юм. Тэд үнэхээр гар нийлж ажилласан. Хотын дарга С.Амарсайхан болон түүний багт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цаг үеэ мэдэрсэн, оновчтой, үр ашигтай бодлого шийдвэр гаргаж, үүрэг чиглэл өгч энэ нь эргээд нийслэлчүүдийн ажил амьдралд эергээр нөлөөлж байсан нь сонгуулийн ялалтын ноён нурууг тодорхойлж чадсан. Агаарын бохирдлыг бууруулах 62 дугаар тогтоолын хэрэгжилт бол өнгөрсөн өвлийн НИТХ-ын хэлэлцэх асуудлын нэгт эрэмбэлэгдэж ирсэн. НИТХ энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн хоёр хүчин бие биедээ маш сайн хяналттай байхаас гадна нэг цул болон ажиллаж байв. НИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдсоноос хойш Хурал ажил хэрэгч болсон. Улстөрийн хоёр хүчний бодлого, санал, хүсэлтийг эн тэнцүүлэн тэрбээр авч явсан юм. Намын бүлгүүд аливаа асуудалд шийд гаргахад хүлээлт үүсгэж, бичиг шидэлцсээр хэдэн сарыг үддэг байсан НИТХ эмхэрч цэгцэрсэн. Үүний хүчинд ч Засаг дарга С.Амарсайхан болон түүний багийнхан улс төрийн нөлөөнөөс ангид байж жинхэнэ “аж ахуйн” ажлаа сайн гүйцэтгэсэн билээ.

Аливаа юманд цаад учир шалтгаан, үр дагавар, нийлэмж гэж бий. Тиймээс нийслэлийн МАН-ын хорооны ялалтад НИТХ-ын гаргасан бодлого, шийдвэрийн үр нөлөө чамгүй бий гэж харж байна.

Утаагүй болгож, бүтээн байгуулсан, ухаалаг, нэг стандарттай Улаанбаатар хотын хөгжлийн бодлогууд УИХ-ын 2020 сонгуулийн ялалтад маш том хувь нэмэр оруулж, хяналт, ойлголцол, шийдвэр ямар үр дүнд хүрдэг болохыг энэ удаагийн сонгууль бэлхэн харууллаа.

САНАЛ БОЛГОХ