Чимх зөвлөгөө: Усан цэргүүд даалгавар биелүүлэх үедээ ашигладаг 7 арга барил

UB Info

АНУ-ын усан цэргүүд алан хядагчдыг баривчилж, барьцааны хүмүүсийг аварсан талаар сонсохдоо тэдний хүч чадлыг шагшин магтдаг. Гэтэл 25 жил армид хүчин зүтгэсэн усан цэрэг Роб Роё-ын хувьд усан цэрэг байхын тулд чанга залуу байхаас илүүтэйгээр ухаалаг байх нь чухал аж.

Мэдээж далайн цэргүүд маш чадварлаг дайчид ч гэсэн тэдний үйл ажиллагаа асуудалгүй явагдахад гол үүргийг гүйцэтгэдэг хүчин зүйл бол стратеги аж. Ингээд тэдний даалгавар биелүүлэх үедээ ашигладаг 7 шат арга барилыг хүргэж байна.

1. Тодорхойлж асуу

Цэргийн үйл ажиллагааны үед буруу хүнээ баривчлахгүйн тулд даалгавар, зорилгоо мэдэх байж ёстой нь ойлгомжтой. Энэ энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд ч хамааралтай. Учир нь зорилгоо тодорхойлж чадахгүй бол зорилгодоо хүрч чадахгүй шүү дээ. Усан цэргүүд үргэлж яг юу хийх ёстойгоо байнга асуудаг байна. "Хэн, юу, хаана, хэзээ, яаж?" гэсэн таван асуултыг тогтмол өөрөөсөө асуу. Ингэж чадвал та зорилгодоо хүрэх эхний алхмаа авах болно.

2. Өөрт байгаа нөөцөө тодорхойл

Дараагийн алхам бол өөрт байгаа ашиглаж болох зүйлсээ бүгдийг тодорхойл. Эдгээрт мөнгө, технологи гэх мэт материаллаг зүйлсээс гадна чадвар, холбоо сүлбээ гэх мэт бодит бус зүйлс ч багтана.

3. Үүрэг хариуцлагаа тодорхойл

Далайн цэргүүд даалгаварт гарахын өмнө мэргэн буучаас авахуулаад эмч хүртэл хэзээ юу хийх ёстой гэдгээ мэдэж байгаа эсэхийг бататгадаг. Харин таны багын үүрэг даалгаварт буу, мэдээ алдуулагч хэрэг болохгүй байх. Гэхдээ үүнтэй адилаар багын гишүүн болгон эцсийн зорилгод хүрэхийн тулд хэзээ юу хийхээ мэдэж байх хэрэгтэй.

4. Зорилгодоо бүх анхаарлаа хандуул

Бүх удирдагчид ямар ч үр дүн гарсан бай хариуцлагыг хүлээдэг. Учир нь жинхэнэ манлайлагчид шалтаг хайлгүйгээр зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж тааралдсан саад тотгор болгоныг даван гарах аргыг хайдаг. Роёын хэлж байгаагаар усан цэргүүд нэмэлт хүч ирэх боломжгүй тохиолдолд байгаа хүмүүс болон нөөц бололцоогоо ашиглан даалгаврыг заавал биелүүлэхээр хичээдэг аж. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг бүү шалтаг болго.

5. Гарч болох бүх үр дүнг тооцоол

Гутрангуй бодлуудаа ашиглан замд чинь тохиолдож болох бүх саад тотгоруудыг нэрлэ. Мөн тэднийг давж гарах төлөвлөгөөг эртнээс боловсруул. Зам түгжрэлтэй байна уу? Тэгвэл алх. Гэтэл гадаа маш ширүүн бороо орж байна уу? Тэгвэл уг асуудлыг давж гарахаар эртнээс бэлдсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Хүнд байдал тулгарах үед юу хийх ёстой вэ гэдгээ тогтмол бодох хэрэгтэй. Учир нь эцсийн эцэст даалгавраа биелүүлэх нь хамгийн чухал юм.

6. Стресс нөлөөлөхгүй болтлоо өөрийгөө бэлтгэ

Зорилгоо тодорхойлсон, үүрэг хариуцлагаа ойлгосон, буруугаар эргэж болох бүх зүйлсэд зориулан төлөвлөгөө гаргасан. Тэгвэл дараагийн алхам юу вэ? Цаасан дээр төлөвлөгөө бичих амархан ч жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх үед маш олон хүмүүс бүтэлгүйтдэг. Ямар ч агуу зүйлийг бэлтгэлгүйгээр бүтээх боломжгүй. Учир нь чадварлаг болохын тулд бэлтгэл хийх хэрэгтэй. Мөн тогтмол бэлтгэл хийснээр зорилгынхоо төлөө зүтгэж байх үед тулгарах стрессийг давж гарах боломжтой болно. "Усан цэргүүд маш их бэлтгэл хийдэг. Нэг зүйлээ төгс эзэмштэлээ дахин дахин давтдаг. Хийж байгаа зүйлийнхээ талаар хэдий их чинээ мэдлэгтэй байна төдий чинээ үр бүтээмжтэй ажиллаж чадна" хэмээн Роё номондоо бичжээ.

7. Зорилгодоо хүрээд эргэж нэг хар

"Юу болж өнгөрсөн, хаана ямар алдаа гарсан гэх мэтийг эргэн тойрны хүмүүстээ заавал тайлбарла. Энэ нь бусдыг буруутгах зорилготой биш дараагийн удаа үүнээс илүү гүйцэтгэхийн тулд юм" гэж Роё тайлбарласан байна.

САНАЛ БОЛГОХ