Чимх зөвлөгөө: Сэтгэл санааны ухаан гэж юу вэ?

UB Info

Бид бүгд IQ гэж мэддэг. Тэгвэл EQ (сэтгэл санааны ухаан) гэж юу вэ? EQ гэдэг нь өөрийн сэтгэл хөдлөл, төрж буй мэдрэмжүүдийг барих, тэвчих, удирдахыг хэлнэ. Хамгийн энгийнээр хэлэхэд өндөр EQ-тэй байна гэдэг нь аливаа зүйлийг удирдах чадвар өндөр байна гэсэн үг.

Гэвч хүн бүрийн сэтгэл санааны ухаан тийм өндөр биш. Учир нь хүн бүрд сэтгэл хөдлөлөөсөө зугтах, түүнийгээ буруу зохицуулах тохиолдол байдаг. Түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөрөө шийдсэн асуудлаас болж маш их эд хөрөнгөөр хохирох эсвэл хайртай хүнээ алдах гэх мэтээр насан туршдаа харамсах үйлдэл хийдэг хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ сайн мэдээ юу вэ гэвэл EQ-г хөгжүүлэх боломжтой юм.

Хэрвээ та өөрийгөө сэтгэл хөдлөл зохицуулах тал дээр тийм ч сайн биш гэж бодож байгаа бол доорх таван асуултыг өөртөө тавиад үзээрэй. Хэрвээ тийм гэж хариулж байгаа бол тухайн хэсэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг.

Та ажил дээрээ өөр хүн болж жүжиглэдэг үү?

Өндөр EQ-тэй хүмүүс огт баг зүүдэггүй. Та хүн болгонтой сайхан харьцах, бусдын анхаарлыг яаж ч хамаагүй өөртөө татах мөн тэдэнд таалагдах гэж хичээдэг үү? Тэгвэл өндөр EQ-тэй хүмүүс зүгээр л өөрөөрөө байдаг аж. Тиймээс бусдад үгүй гэж хэлж сурах, эсрэгээрээ сайн ч бай муу ч бай тэдэнд шударгаар сэтгэлээсээ хандах мөн өөрийн сул талаа далдлах гэж хичээхгүй байх нь EQ-ээ хөгжүүлэх анхны алхмаа хийж байна гэсэн үг.

Та хэрүүл маргаанаас зугтдаг уу?

Ажлын байран дээрх хэрүүл маргаан бол зайлшгүй гарах үзэгдэл. Тэгвэл маргалдсан хүнтэйгээ үг дуугарахгүй байх, зайгаа барьж тунирхах гэх мэт шимж тэмдгүүд ажиглагддаг бол сэтгэл хөдлөл чинь таныг удирдаж байна гэсэн үг. Эсрэгээрээ асуудлыг шийдэхийн тулд хэлэх үг байвал өөртөө итгэлтэйгээр дуугарч асуудлын төврүү шууд шумбан орох нь шийдэх хамгийн үр дүнтэй арга юм. Өндөр EQ-тэй удирдагчид түрхэн зуурын эвгүй байдал нь удаан хугацааны тунирхахаас хавьгүй илүү гэдгийг ойлгодог байна.

Та бусдын үзэл бодлыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргадаг уу?

Өндөр EQ-тэй хүмүүс ямар нэгэн шийдвэр гаргахдаа эргэн тойрны бүх зүйлийг авч хэлэлцдэг. Тэд асуудлыг тал талаас нь харж өөрийн болон бусдын бодлыг авч үзэн хамгийн ашигтай шийдвэрийг гаргаж чаддаг. Тиймээс арга хэмжээ авч эхлэхээсээ өмнө цол хэргэм өндөр, доогуур гэлгүй аль болох олон хүмүүстэй заавал хэлэлцэж, тэдний хэлэх үгийг сонсож байгаарай. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах гэж бүү яар.

Та бусдын бодлыг үл тоодог уу?

Ялангуяа өнөөгийн цар тахал дэгдэж буй үед хүмүүс маш их айдас түгшүүртэй байна. Тэгвэл үйлчлүүлэгч, хамт ажилладаг хүн, эсвэл өөрийн дотнын хүний юу мэдэрч байгааг ойлгохын тулд тэдний оронд өөрийгөө тавьж чаддаг байх нь өндөр EQ-ийн нэгэн илрэл юм. Үүнийг чадварлаг удирдагчид маш сайн чаддаг. Тэд хэн нэгний сэтгэл санаа болон тулгарч буй асуудлыг маш сайн ойлгож нөхцөл байдал хэчнээн хүнд байсан ч эргэн тойрны хүмүүсийг нэгтгэж чаддаг аж.

Та тэвчээргүй юу?

Өндөр EQ-тэй хүмүүс тэвчээрээ давуу тал болгон ашигладаг. Тэд нөхцөл байдал дордох гэж байгааг урьдчилан мэдэрч эртнээс заавар зөвлөгөө авч, өөртэй нь санал нийлэхгүй байгаа хүний үзэл бодлыг эмзэглэлгүйгээр сонсож, ямар ч зүйлд нэн даруй хариу үйлдэл үзүүлэхгүй тэвчиж чаддаг байна. Тиймээс илүү хүлээцтэй байж асуудлыг тайван, бодит нүдээр харж чадсанаар илүү сайн шийдвэрийг гаргаж чадах юм.

САНАЛ БОЛГОХ