Чимх зөвлөгөө: Зөв хүнд зөв ажлыг даалга

UB Info

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Түүний хувьд амжилтад хүрэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн чадваруудын нэг бол бусдад зөв ажил даалгаж сурах аж. Тэрээр бүх цагаа програм бичихэд зориулах юм бол компаниа удирдах цаг түүнд гардаггүй байсан учраас програм бичих ажлаа бусдаар хийлгэхээс өөр аргагүй болжээ.

Өөрөөр хэлбэл Гэйтс бууж өгч сурах хэрэгтэй болсон аж. Хэрвээ таны бизнес маш хурдацтай хөгжиж байгаа бол бүх зүйлийг ганцаараа хийх гэж зүтгэх хэрэггүй. Хамгийн түрүүнд чадварлаг баг хамт олонтой бол. Мөн удирдагч хүн багийнхандаа ямар нэгэн санаа зовох явдалгүйгээр ажил даалгадаг байхын тулд харилцан итгэлцэл шаардлагатай. Тэгвэл бусдад зөв ажил даалгахдаа доорх таван аргыг хэрэглээд үзээрэй.

1. Яагаад гэдгийг тайлбарла

Тухайн ажил яагаад чухал болох, яагаад заавал тухайн багийн гишүүн хийх ёстой гэдгийг ойлгохгүй байгаа ажилтан таны даалгаж өгсөн даалгаварт тийм ч хариуцлагатай хандахгүй. Ажлыг сайн даалгаж чаддаг удирдагчид яагаад хийх ёстой, яаж хийх, үүнийг хийснээр юунд хүрэх гэх мэт зүйлсийг сайтар тайлбарлаж өгдөг. Тухайн даалгаврын яагаад чухал гэдгийг сайтар ойлгуулснаар урам зориг болон амжилттай гүйцэтгэх магадлалыг ихэсгэдэг байна.

2. Тодорхой зорилго, итгэл найдварыг бий болго

Багийн гишүүдийг илүү идэвхтэй ажиллуулахын тулд эцсийн зорилгоо тайлбарлаж тухайн ажилтны үзүүлж буй хувь нэмрийг тайлбарлаж өг. Дараа нь тухайн ажилтнаас яг юу хүсэж байгаагаа мөн маш тодорхой тайлбарла. Эцэст нь юу ч хаягдаагүйг бататгаж ажилтнаас юу хийх ёстойг нь асуу.

3. Зөв хүнд зөв ажлыг даалга

Тухайн ажлыг хамгийн тохиромжтой хүнд даалгахад мэдлэг, туршлага болон чадвар гэх мэт зүйлс нөлөөлдөг. Та багийн гишүүдийнхээ чадвар, туршлага болон ажиллах хэв маягуудыг хэрхэн сайн мэдэх вэ? Таны даалгаж өгөх гэж байгаа ажлаас гадна тухайн хүн өөр ямар даалгавартай байгааг мэдэх үү? Нэмэлт ажил авах цаг түүнд байгаа юу гэх мэтийг харгалзаж үзээрэй.

4. Үр дүн хамгийн чухал

Даалгасан ажлыг хэрхэн хийж байгаа дээр биш ямар үр дүн гаргаж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. Заавал өөрийнхөө үзэл бодол, арга барилыг тэдэнд шахалгүйгээр өөрсдийнхөө мэдлэг чадвар, бүтээлч байдлаа ашиглан өөрийнхөөрөө хийх боломжийг олго. Багийн гишүүддээ тодорхой хэмжээний эрх мэдлийг олгох нь амжилт, харилцан итгэл, ажлын идэвх гэх мэт зүйлсийг бий болгодог.

5. Тэднийг сайшаахаа бүү март

Удирдлагадаа магтуулж, сайшаагдахыг ажилтан бүр хүсдэг. Магтуулах нь хүний тархинд допаминыг ялгаруулж сэтгэл хангалуун байдал болон таашаал гэх мэт мэдрэмжийг төрүүлдэг. Мөн ажилтны гаргасан амжилтыг сайшаах нь таны бизнест сайнаар нөлөөлдөг. Учир нь судалгаагаар ажил хаях болсон гурав дахь хамгийн том шалтгаан нь хийсэн зүйлийг нь үнэлэхгүй байх гэдгийг тогтоожээ.

САНАЛ БОЛГОХ