Урьдчилсан байдлаар МАН 20 аймгийн ИТХ-д ялалт байгуулжээ
Сонгуулийн Ерөнхий Хороо аймгуудын ИТХ-ын сонгуулийн дүнг эцсийн байдлаар нэгтгэн гаргаж байгаа бөгөөд удахгүй танилцуулахаа мэдээллээ. Урьдчилсан байдлаар аймгуудаас ирүүлсэн мэдээллээр 20 аймгийн ИТХ-д МАН ялалт байгуулж, зөвхөн Завхан аймагт Ардчилсан нам ИТХ-ыг тэргүүлэхээр болсон байна. Харин Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг аймагт гол хоёр нам болох Ардчилсан нам, Монгол Ардын намаас сонгогдсон нэр дэвшигчдийн тоо ойролцоо гарсан байна. Уул уурхайн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн ИТХ-д МАН 15, Ардчилсан нам 14 суудал, Дундговь аймагт МАН 19, Ардчилсан нам 16 суудал авсан бол бусад аймагт Монгол Ардын намын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тухайлбал Орхон аймгийн ИТХ-ын 33 суудлын 28-ийг нь МАН, гурвыг нь Ардчилсан нам авсан байна. Монгол Ардын нам, Ардчилсан намаас гадна Дундговь, Говь-Алтай аймагт МАХН-ын гурван нэр дэвшигч сонгогджээ. Мөн урьдчилсан дүнгээр есөн аймгийн ИТХ-ын сонгуульд бие даагчид ялалт байгуулсан байна. Ялангуяа Дорнод аймагт хамгийн олон бие даагч сонгогдсон талаар “Монцамэ” агентлаг мэдээллээ Тухайлбал Дорнод аймгийн ИТХ 35 суудалтайгаас Монгол Ардын намын 23 нэр дэвшигч, Ардчилсан намын таван нэр дэвшигчээс гадна зургаан бие даагч сонгогдсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй