Чимх зөвлөгөө: Таныг хойш татаж буй 7 зүйл

UB Info

Та ухаантай мөн маш хөдөлмөрч. Гэвч амжилт гаргаж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл амжилтад хүрэхийн тулд зөвхөн ухаалаг байж, илүү их хөдөлмөрлөхөөс гадна өөр бусад хүчин зүйлүүд ч мөн нөлөөлдөг.

1. Та шинэ хүмүүстэй харилцаа үүсгэдэггүй

Нэгнийхээ зан ааш, түүхийг мэддэг учраас удаан хугацааны танил хүмүүстэйгээ зууралдах амархан. Гэвч хуучин танилуудын асуудал юу вэ гэхээр нөгөө нэг байдаг л хэдэн санаанууд дээрээ дахин дахин эргэлдсээр байдаг ба хайрцаганаасаа гарч бусад хүмүүсийн шинэ санаа, харах өнцөг, туршлага гэх мэт зүйлсийг судалдаггүй. Анхандаа танихгүй хүмүүстэй шууд холбоо тогтоох нь хэцүү санагдаж магадгүй. Тиймээс долоо хоногт дор хаяж нэг хүнд өөрийгөө танилцуулахыг хичээгээрэй.

2. Та өөрчлөлтөд дургүй

Нэг л орчин тойрондоо хэт удаан байх нь шинэ зүйлд дасан зохицоход хүндрэл учруулдаг. Харин сайн мэдээ гэвэл өөрчлөлтийг дагаад шинэ боломжууд нээгдэх магадлалтай. Тиймээс өөрчлөлтийг эсэргүүцэхийн оронд тухайн байдалд дасан зохицох гэж үз. Магадгүй бий болж буй бизнесийн хэрэгцээг олж харах ч юм билүү. Шинэ санаанд нээлттэй хандаж ертөнцийг илүү сониуч нүдээр хараарай.

3. Та эрсдэл хүлээхийг хүсдэггүй

Ухаалаг хүмүүс ихэвчлэн эрсдэлгүй замыг сонгодог. Тэд бусдын боломжтой гэж үзсэн карьерыг сонгодог. Хэдийгээр энэ нь эрсдэл багатай ч гэсэн уйтгартай байх тохиолдол бий. Та ажлаасаа залхсан хүмүүстэй зөндөө л таарч байсан биз? Хэрвээ та өөр шинэ зүйл хөөхөөр зэхэж байгаа бол одоогоос хэдэн жилийн дараа таны амьдрал ямар байх вэ? гэдгийг бодоод үзээрэй. Шинэ зүйл хөөсөндөө харамсах болов уу? эсвэл баярлах болов уу?

4. Та өөрийгөө амжилтад хүрэх эрхтэй гэж боддог

Онц сурдаг хүүхдүүд хамгийн дээр байгаад сурчихсан учраас бүх зүйлийг хүртэх эрхтэй гэсэн хандлагатай болох тохиолдол бий. Энэ нь тийм ч муу зүйл биш ч гэсэн хэд хэдэн муу талтай. Ухаалаг эсвэл алдартай сургууль төгссөн учраас амжилтад хүрэх ёстой гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Тэд бүх зүйлсийн учир автоматаар олдоно гэж боддог. Гэвч амьдрал тийм амархан биш шүү дээ. Зөвхөн сайн дипломтой байлаа гээд амжилтад хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Амжилт бол хөдөлмөр, стратеги, аз гурвын нийлбэр юм.

5. Та амархан сатаардаг

Амжилттай хүмүүс цаг дэмий үрдэггүй. Тэд цагийн үнэ цэнийг маш сайн мэддэг ба нэг зүйл дээр цаг үрснээр өөр зүйлсийг алдаж байдаг гэдгийг ойлгодог. Энэ хэдийгээр сайн ч гэсэн моданд орсон юм бүхнийг хөөх эрсдэлтэй. Нэг зүйл дээр төвлөрөн түүн дээрээ үр дүн гартал зүтгэхийн тулд тэвчээртэй байх хэрэгтэй. Гэсэн ч нэг юм хөөгөөд түүнээсээ уйдахаараа өөр зүйлруу орохоос илүү нэг л юман дээр тууштай байх нь удаан хугацааны амжилтыг авчрах магадлалтай.

6. Та шийдвэртээ бат зогсдоггүй

Ухаалаг хөдөлмөрч байх нь маш олон хаалгыг нээж өгнө. Гэвч хэтэрхий олон сонголттой байх нь тийм ч сайхан зүйл биш. Сонголтууд ихэдсэнээр шийдвэр гаргахад хүндрэл учирна. Үүнээс болж юм болгонд хошуу дүрж цаг дэмий алдах эрсдэл үүсдэг. Тиймээс том шийдвэр гаргахаасаа өмнө хангалттай судалгаа хийж, бусад хүмүүстэй зөвлөлдөж байгаад хийгээрэй.

7. Та өөртөө итгэдэггүй

Ухаалаг хүмүүс өөрсдийн чадвараа дутуу үнэлэх тал бий. Тэд өөрсдийгөө маш их шүүмжилж яваандаа өөрийн мэдэлгүйгээр аливаа зүйлийг хийж чадахгүй гэж өөртөө итгүүлчихсэн байдаг. Мөн тэд ажил тал дээр маш өндөр стандарттай учир ажлаа хийж байхдаа хэтэрхий нухацтай судалж анхны үр дүнд сэтгэл хангалуун байх нь ховор. Энэ нь гаднаа сайн зүйл мэт харагдах боловч яваандаа ажлаасаа залхах мэдрэмжийг авахад хүргэнэ. Тиймээс "ингэчихвэл яана аа? тэгчихвэл яана аа?" гэх мэт дэмий асуултууд дээр санаа зовж цагаа өнгөрөөхийн оронд хэдэн жилийн дараа ямар амьдралтай болмоор байгаагаа бод.

Амжилтад ойртохын тулд та өнөөдөр юу хийх вэ? Юу таныг хойш татаж байна вэ?

САНАЛ БОЛГОХ