Амласан ёсоор энэ удаагийн нийтлэлээрээ квазаруудын тухай хүргэж байна

UB Info

Идэвхтэй галактикийн тухай манай өмнөх нийтлэлээс та бүхэн ертөнцийн хамгийн тод объектуудын нэг болох квазарын тухай уншсан биз ээ. Квазараас цацарч буй асар их хэмжээний энерги бүхий туяа (рентген, радио, гамма долгион) нь тэднийг хэдэн тэрбум гэрлийн жилийн цаанаас ч харагдахуйц тод объект болгодог бөгөөд энэ хачирхалтай объект нь ертөнцийг бидний мэдэх өнөөгийн хэлбэрт оруулахад ч чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Тэгвэл чухам тэднийг юу ийм "хүчтэй" болгодог юм бол? Хар нүхний эргэн тойрон дахь accretion disk буюу татах хүчний улмаас хурдтайгаар эргэлдэж буй матери нь квазаруудын "түлш" гэж хэлж болно. Хэдэн тэрбум нартай тэнцэх жинтэй супермассив хар нүхний төвд ойртсон матери хар нүхний асар их татах хүчний улмаас өндөр хурдтай эргэлддэг. Яг л тосгуурын нүх рүү урсан орж буй ус шиг (мэдээж энэ тохиолдолд үйлчилж буй хүч нь татах хүчнээс тэс ондоо боловч та бүхнийг төсөөлөхөд амар байх болов уу гэж энэ жишээг бичсэн юм шүү). Ийм хурдтай эргэлдэж буй материуд үрэлтийн хүч болон бусад хүчнүүдийн улмаас хэдэн сая градус хүртэл халж маш тод үзэгдэнэ. Зарим квазаруудын туйлаас өндөр энерги бүхий цацаргалт (jet) мөн гарах бөгөөд тухайн цацаргалтыг бид ямар өнцгөөс харж байгаагаас хамаарч бидэнд ялгаатай харагддаг. Яг бидэн рүү өнөөх цацаргалт чиглэсэн байвал эдгээр объектуудыг блейзар (blazar) гэж нэрлэдэг.

Ертөнцийн үүслийн эхэн үед асар олон тооны аварга том хэмжээтэй одод үүсэж, үүний улмаас амьдрал цэцэглэхэд тийм ч тохиромжтой нөхцөл байдал бүрдээгүй байж. Чухам яагаад вэ гэж үү? Одод том байх тусам тэдний нас богино байх бөгөөд амьдралынх нь циклийн төгсгөл илүү хүчтэй тэсрэлтээр төгсдөг. Манай жил гаруйн өмнө оруулж байсан хар нүхний тухай цуврал нийтлэлд оддын амьдралын циклийн төгсгөлийн тухай цухас дурдсаныг санаж байгаа байх. Ертөнцийн үүслийн эхэн үед бий болсон өнөөх олон том одод нь супернова гэх хүчтэй тэсрэлт олноор явагдах нөхцөлийг бүрдүүлж байсан байна. Гэвч азаар эдгээр тэсрэлтээс үүссэн зарим матери нь галактикийн төвд байх хар нүхний эргэн тойрон дахь accretion disk дээр хуримтлагдсанаар хамгийн анхны квазаруудыг үүсгэсэн байна. Квазарууд ойролцоогоор 10 сая жил орчим хугацаанд идэвхтэй байж чаддаг. Энэ хугацаанд квазараас ялгарч буй цацаргалт нь өөрийн эх галактик тэр даяарх хийн мананцрыг халаах чадвартай бөгөөд ийнхүү халсан хий нь одод үүсэх явцыг удаашруулсан байх магадлалтай гэж зарим судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл оддын үүслийн циклийг удаашруулснаар харьцангуй "тайван" ертөнц үүсэхэд квазарууд чухал хувь нэмэр оруулсан байх магадлалтай ажээ.

Квазарууд нь галактик хоорондын мөргөлдөөнөөс бий болж болно. Ирээдүйд манай Тэнгэрийн Заадас галактик өөрийн хөрш Андромеда галактиктай мөргөлдсөний улмаас хоёр галактикуудын цөмд байх одоогоор "тайван" байгаа хар нүхнүүд нийлж, квазар болно гэж үздэг.

Эх сурвалжууд: nasa.govsyfy.comyoutube.comsciencedaily.comchandra.si.edu

САНАЛ БОЛГОХ