Чимх зөвлөгөө: Та хэр "toxic" вэ?

UB Info

Сүүлийн үед "Toxic" гэдэг үг залуусын дунд нэлээд моданд орж байгаа. "Toxic" гэдэг нь хортой гэсэн утгатай үг бөгөөд хүн болон зан ааш дээр хэрэглэсэн тохиолдолд шууд утгаараа "хортой хүн", "хортой авир" гэх мэт утгатай болдог. Гэхдээ хортой хүн болон хортой зан авир хоёрыг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Учир бидний хэн ч төгс биш, бүгд л алдаа гаргадаг бөгөөд хааяа нэг эвгүй аашиллаа гээд тэр хүн тэр чигтээ муу хүн гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл хортой хүний шинж тэмдгүүдийг дурдъя.

1. Хүмүүс танаас зайгаа барьж эсвэл харьцаагаа тасалдаг

Энэ бол ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн анхны шинж тэмдэг. Хэрвээ хүмүүс тантай уулзахаас жийрхэж байвал та тэдэнд ямар нэгэн эвгүй сэтгэгдэл төрүүлж байна гэсэн үг. Мэдээж тантай хамт байх дуртай хүн бол тэгэхгүй биз дээ? Эсрэгээрээ танд дургүй бол зайгаа барих гэж хичээх болно.

2. Та бусдыг хэт их шүүдэг

Бусдыг шүүх үед бид тэднээс илүү гэсэн санааг далдаар илтгэж байгаа л гэсэн үг. Хэн ч хүний доор орох дургүй. Хэн ч бай аливаа хүний шүүлтэд өртөхгүйгээр сонголтоо хийх эрх чөлөөтэй байх эрхтэй. Төгс хүн гэж байхгүй, бид алдаа гаргаж байж л хөгжинө. Тиймээс та ч гэсэн мөн адилхан алдаа гаргадаг байж бусдыг битгий шүүж байгаарай.

3. Та удирдамтгай

Та бусдыг өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг үү? Түүнээсээ болж бүдүүлэгдүү авирладаг уу? Хэрвээ та хэн нэгний алхаа гишгээ бүрийг заах гэж оролдож байгаа бол та удирдамтгай болсон байна. Та бусдыг өөрөөр нь байлгахгүй байгаа бөгөөд хэн ч хүчээр хүний хүссэнээр байх ёсгүй.

4. Та уучлалт гуйдаггүй

Уучлалт гуйх нь хэн нэгэнтэй гүнзгий холбоо тогтоох маш сайн арга юм. Хэн нэгний өмнө алдаа гаргасан гэдгээ хүлээх нь тийм ч таатай зүйл биш боловч дотно харилцаа үүсгэхийн тулд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хэрвээ таны буруу гэдэг нь тодорхой байсан ч уучлалт гуйхгүй байгаа бол та хэнтэй ч дотносож чадахгүй. Хэрвээ "намайг уучлаарай" гэдэг үг амнаас чинь гарахад хүндрэлтэй байдаг, эсвэл байнга шалтаг тоочиж байдаг бол хүн тантай дотносохыг хүсээд байх хүн биш гэсэн үг юм.

5. Та хариуцлага хүлээх дургүй

Амьдрал маш шударга бус. Гэхдээ хэрвээ та үргэлж хохирогч мэт санагдаж байгаа бол асуудал нь таны амьдрал биш таны хандлага юм. Жишээ нь: Та нэг өдөр түгжрэлээс болж ажлаасаа хоцорлоо. Тэгтэл захирал чинь таныг загнав. Үүнээс болж захиралдаа гомдож байгаа бол та хохирогч сэтгэлгээтэй байна. Яагаад гэвэл хоцорсон нь таны л буруу шүү дээ. Хохирогч сэтгэлгээтэй хүмүүс үл тоогддог. Учир нь амьдрал угаасаа хэцүү байхад хэн нэгний гомдлыг байнга сонсох нь хүмүүсийг танаас холдуулна.

6. Та бүх зүйлийг хүндээр тусгаж авдаг

Таны дотнын хүнд хувийн орон зай хэрэгтэй болжээ. Түүний хүслийг хүндлэхийн оронд түүнийг хувиа хичээж байна гэж бодож байгаа бол та хэтэрхий эмзэг байна. Бүх зүйл таны талаар байх албагүй, гэхдээ хүчээр өөрийнхөө талаар болгох гэж оролдвол хүмүүс аяндаа танаас холдох болно.

7. Та нууц хадгалж чаддаггүй

Эрүүл харилцаатай байхын тулд хэн хэндээ шударга, нээлттэй хандах хэрэгтэй. Танд итгээд хуваалцсан нууцыг өөр хүнд задлах нь урвалт л гэсэн үг. Хүн байгалиасаа хов базах дуртай байдаг. Хэрвээ хэн нэгэн танд бусдын нууцыг задалж байгаа бол тэд бусад хүмүүст таны нууцыг ч задлах болно гэсэн үг. Тиймээс эрүүл харилцаатай байх ганц арга бол итгэл даахуйц байх юм. Харин хэн нэгний талаар байнга хов базаад байх юм бол хэн ч танд итгэхгүй шүү дээ.

Хэрвээ дээрх зүйлс танд ажиглагдаж байгаа бол эдгээрийг засах анхны алхмаа авсан гэсэн үг. Мэдээж мэдэхгүй байгаа юмыг өөрчилж чадахгүй биз дээ? Эдгээр хортой араншинг зогсоохын тулд хэзээ хаана ийнхүү аашилдаг вэ? гэдгээ сайн бод. Бүх хүнд биш зарим нэгэн хүнд л уг аашаа гаргаж байна уу? Айж байгаа учраас уу? Эсвэл зүгээр л хувиа хичээгээд байна уу?

Эдгээр асуултад хариулж чадвал та ааш авираа засахад тун дөхсөн байна. Өөрийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь тийм ч сайхан зүйл биш. Гэвч удаан хугацааны том өөрчлөлт хийхийн тулд зайлшгүй шаардлагатай. Өөртөө сайхан сэтгэл гарга. Уг асуудал ганцхан шөнийн дотор шийдэгдэхгүй ч тууштай байж чадвал нэг л өдөр хэн ч таныг "toxic" гэж нэрлэмээргүй хүн болох боломжтой.

САНАЛ БОЛГОХ