Сант сургуулийн төгсөгч С. Санаасайн: Өөртөө үнэнчээр зүтгэнэ гэдэг дүнгээс илүү шагнал

UB Info

Сайн байна уу. Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Ярилцлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?

Би Сайнбилэг овогтой Санаасайн байна. Сант сургуулийн 2018 оны төгсөгч. Одоо “Америкийн Тэнгисийн Усан Цэргийн Академи”-д эхний жилдээ суралцаж байна. Саяхан зуны цэргийн бэлтгэлээ дуусгасан. Одоо яг хичээлийн жилдээ орох гээд байж байна даа.

Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?

Клуб гэвэл Debate club-ийн гишүүн байсан. Англи хэлний олимпиадад зөндөө оролцож байсан. Мөн сургуулийн сагсны шигшээ багт байсан боловч хичээл ном гээд тэмцээн уралдаанд оролцож чадаагүй. Өөр сайн дурын ажиллагаанд бас зөндөө оролцож байсан. Дурдвал дуусахгүй байх.

Ахлах сургуульд байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт гэвэл та юуг нэрлэх вэ?

Debate-ийн багаараа Senior debate-д орж байсан. Сантын нөгөө баг маань түрүүлээд, манайх хасагдаж байсан ч багийн амжилт л хамгийн чухал гэж боддог.

Их сургуулиудын ѳргѳдлөө явуулах үйл ажиллагаа гэдэг ѳѳрѳѳ нэлээн том даваа. Тиймээс та ер нь хэзээнээс шалгалтуудаа өгч, ѳргѳдлөө бэлдэж эхэлсэн бэ?

Би нэлээн эрт SAT-гээ өгч эхэлсэн, 11-р ангиасаа. Гэвч сургуулиа төгстөл миний оноонууд тийм ч сайн байгаагүй. “Санхүү эдийн засгийн сургууль”-д 1 жил сурсны дараагаар гадаад явах хүсэл минь төрж, их хичээж эхэлсэн. Миний одоо сурч буй сургууль маань зүгээр нэг оноогоо явуулаад тэнцчихдэг сургууль биш. Эхлээд биеийн тамирын шалгалт авна, дараагаар америк офицерүүдтэй ярилцлагад орж, улмаар онлайнаар өргөдлөө бөглөн явуулах эрхээ авдаг. 3 эссэ бичин явуулдаг. Бусад сургуулийг бодвол илүү олон шалгууртай гэж хэлж болно.

Танай их сургууль бусад сургуулиас юугаараа онцлог вэ?

Миний сургууль бол Америкийн 3 том цэргийн академиудын нэг. Цэргийн дэглэмтэй, өглөө 5:30-д босно, байнгын бэлтгэлтэй, бүх юм цагийн хуваарийн дагуу явагддаг, ер нь их завгүй байдаг. Энгийн сургуулиудыг бодвол нэлээн хэцүү гэж хэлж болно.

Ѳргѳдлийн үйл явц, гадаадын их сургуульд элсэх гээд олон бэрхшээл саад гарч ирдэг шүү дээ. Та ер нь яаж үүссэн бэрхшээл, стресстэй нүүр тулдаг байсан бэ?

Надад тулгарсан хамгийн том бэрхшээл бол сургуульдаа тэнцэхгүй бол яана? гэдэг байсан. Гэвч дахиад оролдоод үз, дахиад оролдоод үз гэж байнга өөртөө хэлэн зоригжуулдаг байсан. Би SAT, TOEFL- ийг 3,3-н удаа өгсөн. Эхний 2 TOEFL-оор миний оноо дээшлээчгүй , доошлоочгүй байхад их сэтгэлээр унаж байсан.Гэхдээ хэрвээ чи үнэхээр хүсэж л байвал юу ч боломжтой байдаг юм байна лээ. Хэчнээн бүтэлгүйтсэн ч бос, хамгийн гол нь босох л хэрэгтэй.

Сургуулийн тань хариу ирэхэд ямар мэдрэмж авсан бэ?

Их гоё байсан. Би Westpoint-д 2 жил дараалан өргөдлөө явуулж байсан. Эхний жилдээ тэнцээгүй, дараа жил нь Naval Academy (USNA)-д давхар явуулсан. Westpoint-д 2 дахь удаагаа тэнцээгүй хариу аваад л, “За за ер нь Монголдоо л суръя” гэж бодож байтал USNA-аас тэнцсэн хариу ирээд маш их баярласан. Олон жилийн хөдөлмөрийн минь хариу шиг л санагдсан даа.

Их сургуулиуд ер нь vibe нийлдэг хүүхдүүдээ авдаг гэж яригддаг. Танай их сургууль таны юуг харж элсүүлсэн гэж боддог вэ?

Мэдээж надаас хурдан гүйдэг, надаас өндөр оноотой, надаас сайн олон хүүхдүүд байсан. Гэхдээ үнэхээр бусдаас ялгарч чадсан зүйл маань гэвэл миний эссэ юм уу даа. Би эссэ-н дээрээ их ажилласан. Naval academy-ийн 2 асуултад нэг эссэ бичдэг нь их хэцүү байсан. Navаl academy-д өргөдлөө явуулж буй хүүхдүүдэд хандаж хэлэхэд эссэн дээрээ хэт яруу биш, яг л genuine, шулуухан, товч тодорхой байгаарай гэмээр байна. Яагаад энгийн сургууль биш, цэргийн сургуульд орсон бэ гэдэг дээр их шулуун, өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Ер нь ямар ч эссэ тийм байх хэрэгтэй. Хүн болгон өөр өөрийн гэсэн style-тай байдаг ч, genuine л байх нь хамгийн чухал.

Их сургуульдаа тэнцээд ямар хүлээлттэй байсан бэ?

Манай сургуульд зуны 6 долоо хоногийн бэлтгэл явагддаг. Өглөө 5:30-д босож бэлтгэл хийж, олсоор авирна, шавраар гүйнэ, буугаар буудна. Acceptance aa хараад л шууд түүнд сэтгэлзүйгээ бэлдэж эхэлсэн. Мөн Монголд 4 долоо хоногийн цэргийн анхан шатны сургалтад хамрагдсан нь их тустай байсан. Удахгүй хичээл орж эхэлнэ. Өмнө хэлсэнчлэн их хүнд. Гэхдээ Сантынханд бол шинэ юм биш, гайгүй байна гэж найдаж байна. Ачаалал даах тал дээрээ бол өөртөө итгэлтэй байна даа.

Их сургуульдаа ороод бүтээсэн таны хамгийн гоё зүрхэнд хоногшсон дурсамж юу вэ?

Би сургуульдаа ороод их удаагүй, сар л болж байна. Манай сургууль цэргүүдээ салаа, бригад гэж хуваарилдаг. Би салаандаа ороод Харвардад тэнцсэн, улсын чөлөөт бөхийн аварга гэх мэт олон мундаг хүмүүстэй танилцсан, түүндээ ч их баяртай байна. Одоогоор бол хамгийн гоё дурсамж энэ байна.

Их сургуулийн энэ их стресс дарамттай үйл явцад эцэг эхээс гадна хэн танд хамгийн их тус дэмжлэг болж байсан бэ?

Манай найз нөхдүүд. Би хувьдаа хамгийн үнэнч, хамгийн хүн чанартай, хамгийн тусч, өгөөмөр хүмүүстэй нөхөрлөдөг гэж боддог. Надад миний найзууд үнэхээр их тус болж байсан. Гэхдээ мэдээж гэр бүл маань 1-т орно л доо. Аав минь намайг багаас маань л бэлтгэсэн. Ээждээ бол хэрхэн яаж талархахаа ч мэдэхгүй байна. Манай найз охин бас надад их тус дэм болж байсан. Үргэлж л урмын үгээр тэтгэж, дэмжиж ирсэн.

Ѳѳрийнхѳѳ суралцаж буй сургуульд бид нар ѳргөдлөө явуулаад тэнцмээр санагдтал рекламдаач.

Манай сургууль бол дэлхийн хамгийн шилдэг цэргийн академиудын нэг. Америкдаа 17-т ордог, Engineering , Economics гэх 2 мэргэжлийн сургалтаараа тасарчихсан сайн. Хэрвээ чи манай сургуульд тэнцвэл насаараа эрүүл, чийрэг амьдарна гэдгийг би баттай хэлж чадна. Мөн тэнцсэн л бол үнэ төлбөргүй, бүх юмыг цаанаас нь хангадаг. Дээрээс нь үнэхээр сайн сургалттай, бас цэргийн дэглэмтэй. Мөн нэг юм нэмж хэлэхэд, манай сургуулийн нэг зорилго бол удирдагчид гарган авах. 4 жилийн хугацаанд ямар ч хүнийг удирдагч, манлайлагч болгодог гэх юм уу даа.

Хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ зорилго?

Би дараагийн 4 жилдээ сургуульдаа сайн суралцаад, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд, мөн өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна даа. Манай сургууль их олон дугуйлантай. Ялангуяа спортын. Тиймээс шинэ спортоор хичээллэж, эсвэл шинэ хөгжмийн зэмсэг сурч өөрийгөө соримоор байна. Ер нь. ирснээсээ өөр шинэ хүн болоод л гарах хүсэлтэй байна даа.

Холын зорилго мѳрѳѳдлөөсөө хуваалцаач?

Их сургуулиа төгсөөд, Батлан Хамгаалахын яаманд 5 жил ажиллаж, төрийнхөө албанд зүтгээд Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахуйц нөлөө бүхий хүн болох зорилго тавьсан даа. Гэхдээ одоогоос 4, 8 жилийн дараа нөхцөл байдал ямар байхыг мэдэхгүй байна.

Гадаадад сурахад ямар бэрхшээлүүд таны хувьд тулгарсан бэ?

Одоо миний гадаадад сурч буй анхны тохиолдол биш л дээ. Анх 5-р ангидаа Австрали-д сурч байсан. Тэгэхэд надад тулгарсан бэрхшээл гэвэл, миний англи хэл сайн байгаагүй. Хэдий Сантад мундаг багш нар дээр сайн бэлтгэгдэж очсон ч хэтэрхий дүрэм, бичих тал дээр төвлөрсөн байсан. Австралид байх хугацаандаа би өөртөө итгэх итгэлийг олж авсан. Бага багаар өөртөө итгэлтэй болсны ачаар хүмүүстэй англиар ярилцаж сурсан. Миний англи хэлний хамгийн том чадвар бол speaking гэж хэлнэ. Түүн дээрээ би дөрөөлөөд маш их юм сурсан. Миний олон олон хувийн хөгжлийн гишгүүр байсан.

Гадаад сурахын бэрхшээлийн талаар хоёулаа ярьсан. Тэгвэл гадаад сурахын давуу тал юу байдаг юм бол?

Мэдээж өөр орчинд чи төлөвшинө. Миний бодлоор их сургуулийн он жилүүд хувь хүний төлөвшилд хамгийн чухал байдаг. Тэр төлөвших жилүүдэд байгаа газар, орчин, мөн өөрийн хичээл зүтгэлээс хамааран өөрийнхөө төрхөө олж аван, цаашлаад түүн дээрээ тулгуурлан хөгждөг. Шилдэг багш нар, шилдэг сурагчдын хажууд төлөвшинө гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг л дээ.

Хэрэв та ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?

Цагийн юмыг цагт нь л хийх байсан. Яг хэлсэн амандаа хүрээд, урд дахиа хийгээд, өөртөө үнэнч байх байсан даа. Энэ занг би сургуульдаа ирээд салааны даргаасаа сурсан. Тэр “Don’t cheat the man in the class” гэж хэлж байсан. Их гоё үг шүү.

Доод ангийнхаа дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач гэвэл юу гэж хэлэх вэ?

Битгий бууж өг. Би зөндөө сургууль, тэтгэлэгт татгалзсан хариу авч байсан, тэр бүрийг тоочоод яахав. Гэвч хэчнээн хэцүү байсан ч өөрийнхөө төлөө хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө төлөө. Бусдад тэгж гадаадад сурдагтаа гоё харагдах нь биш , бусдад өөрийгөө батлан харуулахдаа биш. Бас нэг бяцхан зөвлөмж хэлэхэд, ном сайн уншаарай. Дуртай юмныхаа талаар ном унш, өдөр болгон өөрийгөө хөгжүүлэхийг хичээ. Цагийг зөв өнгөрөөх хэрэгтэй. Youtube-ээс хэрэгтэй бичлэг, мэдээ үзэх замаар цагаа үрэх, суралцах 2-ийг уусган нийлүүлэх аргыг олох хэрэгтэй. Надад энэ их тус болсон. Би ингээд юм сонсохоор нойр хүрээд байдаг байсан. Харин өөрийн сонирхолтой юмыг сонсоод ирэнгүүт илүү сайн төвлөрдөг. Ер нь тэгээд хүн мэдээ зэргийг үзээд ирэхээр өөрчлөгдөөд ирдэг.

Гоё унших ном санал болгож зѳвлѳвѳл?

Намайг үнэхээр сургуульд маань ороход тусалсан ном бол GRIT( by Angela Duckworth) гээд ном байгаа. Энэ нь хүүхэд залуучууд хэрхэн бууж өгөлгүй, тууштай байдаг талаарх судалгааны ном байдаг. Дуртай Self-improvement төрлийн ном маань юм. Дуртай зохиолын ном гэвэл 1984 (by George Orwell). Миний хамгийн анхны шимтэн уншиж байсан ном. Бас The Godfather байна.

Гадаад хэлээ хэрхэн сайжруулсан бэ? Ер нь гадаад хэл сурсан түүхээсээ хуваалцаач?

Миний англи хэл сурсан түүх бол ярилт. Би ер нь ярьсаар байгаад таарсан. Найзуудтайгаа, багштайгаа, Австралид гээд л. Яг өөртөө итгэлтэйгээр хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Миний англи хэлний түвшин миний ярианы англи хэлнээс болсон гэж би боддог. Debate club-т мөн яваарай. Надад маш их үр дүнтэй байсан, маш их тус болсон.

Таны хувьд өөрийн гэсэн сурах тусгай арга барилтай юу?

Надад ч тийм сурах арга барил энэ тэр байдаггүй юм дөө. Сайн хуваарьтай л байх хэрэгтэй. Time-management is number one priority. Гэхдээ бас цагаасаа илүү чанар нь чухал. Өргөдөл явуулах тал дээр зөвлөгөө хэлэхэд, өнөөдөр би 2 жишиг тест хийнэ гэвэл цаг нь хамаагүй. Ардаас нь алдаагаа л ухаарах хэрэгтэй. Чанар л чухал юм. Өнөөдөр үнэхээр чи даалгавраа хийж чадахгүй байвал, аль болох чадахаараа хийгээд л хураалгах хэрэгтэй. Хүн амьтнаас хуулаад хэрэггүй. Өөртөө үнэнчээр зүтгэнэ гэдэг дүнгээс илүү чамд олдох хамгийн том шагнал. Тэрнээс кайф авч, цаашаагаа үргэлжлүүлж явна гэдэг маш том амжилт гэж би боддог.

Таны хувьд Сант сургуульд сурах ямар давуу талтай вэ? Та ѳѳртѳѳ ямар ямар зүйлсийг сурч авсан гэж боддог вэ?

Хамгийн том давуу тал гэвэл олон мундаг багш нар. Бүгд л мэднэ, манай сургуулиас маш олон Ivy League-ийн сурагчид төрөн гардаг. Манай сургуулийн шилдэг багш сургагч нар, мөн багаас нь сайн хүмүүжүүлж ойлгуулдаг захирал, цаашлаад сургуулийн ажилчид энэхүү амжилтын. хамгийн том credit-ийг авах хэрэгтэй гэж би бодож байна. Мөн түүнчлэн сургуульд маань суралцдаг сахилгагүй хэдэн хүүхдүүд байдаг ч, дотроо цайлган, хөөрхөн хүүхдүүд байдаг. Сантын системд нэгэнт орчихвол дайчин, өрсөлдөөнч болчихдог. Манай сургууль хурдыг их анхаардаг. Сургалтын программ нь маш хурдан. Тэр нь том том сургуулиудын оюутнууд төрүүлэхэд маш их хувь нэмэр оруулдаг. Сургуулийн багш ажилчид сурагчдыг бий болгоно, сурагчид цаашлаад хурдыг бий болгоно. Ийм нэг гинжин хэлхээгээр холбогдсон гэх юм уу даа.

Энэ бол манай хамгийн сүүлчийн асуулт. Сантад суралцаж байх хугацаанд бүтээсэн тэр нэг зүрхэнд хоногшсон хэзээ ч үл мартам дурсамжаасаа хуваалцаач?

Их гоё асуулт байна. Би энэ асуултад 2 янзаар хариулъя гэж бодож байна. Уламжлалт хариулт гэвэл, миний хамгийн анхны мэтгэлцээнд орсон үе. Би түүнд 4, 5-н хоног бэлдсэн. Хамгийн сонин нь би ерөөсөө сандраагүй байсан. Өөртөө аягүй итгэлтэй байсан. Би first speaker байсан болохоор хамгийн түрүүнд гарч ярьсан. Би тэр мэтгэлцээнийг хэзээ ч мартдаггүй. Яагаад гэвэл би Best Speaker болж байсан. Одоо яаж би Best Speaker болсноо ойлгодоггүй. Үнэнийг хэлэхэд миний өвдөг, хоолой чичирч байсан. 5 минут ярих байтал 3 минут 30 секунд ярьсан.Тэгсэн ч би Best Speaker болсон. Тиймдээ ч тэр явдал намайг үнэхээр өөртөө итгэлтэй болгосон. Манай англи хэлний багш Болормаа намайг сертификатаа аваад тайзнаас буухад надтай Hi-Five хийгээд, тэвэрч байсан тэр мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй.

Харин уламжлалт бус хариулт гэвэл, намайг 10-р ангид байхад манай сургуулийн сагсны шигшээ нийслэлийн аварга болоод, Улсын аваргад оролцох гэж байсан. Тэгтэл манай багийн ахлагч их завсарлагаар хүрч ирээд “Маргааш өглөө 8-аас Голомт дээр бэлтгэлтэй шүү” гэж хэлэхэд үнэхээр их баярлаж байсан. Хэзээ ч мартдаггүй. 10-р ангиасаа ганцаархнаа сургуулийн шигшээд орж байсан, гэхдээ яг тэмцээний line-up д орж чадаагүй л дээ. Гэвч надад маш том урам зоригийг өгсөн. Тухайн үедээ “Сантын Шонхрууд” гэж явдаг байсан. Өмсгөл аваагүйдээ л жаахан харамсдаг.

САНАЛ БОЛГОХ