Ээжийн нэр “Хайраа”

UB Info

Өчигдөр /2020.10.27/ орой 18.00 цагийн үед өнөөх л Зүүн салааны автобусандаа сууж явлаа. Эх нялхсын буудлаас охиноо хөтөлсөн залуухан аав, ээж орж ирэхэд дөрвөлжин харц цүнх үүрсэн залуу тэдэнд суудал тавьж өглөө. Ээж, охин хоёр суугаад аав хажууд нь зогсов. Гурав эсвэл дөрөв орчим насны жаахан охин нь шулганаад л байна. Тэр гурвын дунд ийм яриа өрнөв.

Ээж: Миний охины нэрийг хэн гэдэг билээ?

Охин: Мижээл /Мишээл байх /

Ээж: Аавыг нь хэн гэдэг билээ?

Охин: Пүевсүеэн

Ээж: Пүрэвсүрэн, тийм ээ. Тэгвэл миний охины ээжийг хэн гэдэг билээ?

Охин: Хайраа

Охиныхоо ийн хариулахыг сонссон аав “Тэр хар даа. Чи дандаа намайг паспортны нэрээр дууддаг. Харин би чамайг дандаа хайраа гэж дууддаг. Хөөе Пүрэвсүрээн, Хүүш Пүрэвсүрээн гэсээр байгаад хүүхдийн чихэнд хоногшчихсон байна шүү дээ. Тэгэхэд би чамайг уурласан ч хайраа л гэж дууддаг, тийм биз. Охин чинь нотлоод байна. /инээв/

Илч дулаан гэр бүлийн ийм нэгэн яриа автобус хүлээсээр даарсан, арай гэж суугаад чихцэлдсэнээс болсон уу? бие биедээ сайн дураараа дургүйлхэж явсан биднийг гэнэтхэн гэнэхэн инээмсэглүүлж чадлаа.

Баярлалаа, Пүрэвсүрээн. Ээжийнхээ нэрийг охин тань марттал эхнэрээ дулаахан дууддагт тань.

Баярлалаа, Пүрэвсүрээн. Болж бүтэхгүй эцгүүдийн дүрсэлсэн энэ нийгмийн хар бараан, таагүй өнгийг цагаанаар сүлсэн, орчлон дүүргэх “Хайраа” гэх халамж дүүрэн үгэнд тань.

Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Бүх залуус бяцхан охиныхоо "хайраа" нь байгаасай.

Эх сурвалж: Автобус Тэмдэглэл

САНАЛ БОЛГОХ