Одооноос намайг өөрийнхөө ой санамж гээд бодчих

UB Info

Генералын эхнэр болгоноо гэдэг байлдагч хүүтэй үерхдэг байж билээ. Нөхөр маань багаасаа л жижигхэн цэргүүд, танкаар тоглодог, Генерал болох чин хүсэлтэй хүүхэд байсан гэсэн.

Мөрөөдлийнхөө дагуу Оросод Ерөнхий цэргийн их сургууль төгсөж ирээд Монголд тусгай баталеонд шүхэрчин болсон юм. Дүрэмт хувцас нь жигтэйхэн зохидог залуухан дэслэгч. Бид хоёр 2 хүүтэй боллоо. Бусдын жишгээр ипотекийн зээлээр авсан нэг өрөө байрандаа аз жаргалтай амьдарна. Бидний хамгийн том үүрэг хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх, байрны зээлээ хугацаанд нь төлөх л байв.

Нэг өглөө нөхөр маань ажилдаа явах гээд бид гурвыг гурвууланг нь үнсдэгээрээ үнсээд гараад явлаа. Тэгснээ хэдхэн минутын дараа хонх дараад буцаад ороод ирсэн. Яасан бэ? Хайраа юмаа мартчихсан юм уу? гэсэн чинь надаас "Би хаачих гэж байлаа" гэж асуусан. Тэр өглөөнөөс бидний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн.

Дандаа сэргэлэн цовоо, чанга чанга инээж, том том алхсаар орж ирдэг нөхөр маань нэг л ядруу, нүд нь үргэлж гархилсан байдаг болов. Биднийг эрхлүүлж тоглох цөөрөөд унтаад л, унтаад л байна. Ажил дээрээ даргынхаа нэрийг мартах, хамт ажилладаг хүнээ гудамжинд танихгүй зөрөх зүйлс тохиолдох болов. Нэг орой хоолны үеэр аяга руугаа таг гөлөрчхөөд юу ч сонсохгүй, юу ч ярихгүй, харц нь юу ч өгүүлэхгүй суугаад байсан. Яг өөр гаригаас ирсэн хүн шиг. Тэгснээ бүгдийг нь гайхаж харснаа юу ч болоогүй мэт босоод буйдан дээр очоод шууд л унтчихсан.

Энэ бүхнийг ажиглаад дарга нь ч эмчид үзүүл гээд ээж бид 3 эмнэлэг явсан юм. Оношийг нь сонсоод дэлхий хөмрөх шиг л болсон. Эпилепси. Унаж татаж, ой санамжаа алддаг өвчин. Ийм өвчтэй хүмүүс Монголд их байдаг юм байна лээ. Хүмүүс сэтгэцийн өвчинтэй андуурах нь иx.

Түүнийг шүхрээр үсрэхийг хориглов. Үсэрч байхдаа таталт өгвөл шууд үхнэ шүү дээ. Ганцаараа гадуур явж болохгүй, жолоо барьж болохгүй. Ууртай болно гэсэн уурандаа юу ч хийж мэднэ. Тайван байлгахгүй бол амиа хорлох нь элбэг байдаг гэв. Энгийн зүйлсийг ч ойлгохгүй, элдэв дурсамжаа бүгдийг нь мартаж магадгүй гэсэн. Шүхрээр анх удаа үсэрсэн тухайгаа, тэр үеийн мэдрэмж, айдас таашаалаа бусдад ярихаараа гэрэлтдэг байсан нүд нь ихэнхдээ гунигтай эсвэл ямар ч утгагүй хоосон гөлөрдөг боллоо. Өдөрт 4, 5н удаа амьдралаас ор мөргүй тасраад алга болно. Хөвгүүдэд маань хэн дугуй унах, сагс тоглохыг заах юм, хэн намайг хорин настай сахилгагүй охин байсныг тэдэнд ярих юм гэж бодохоор миний дотор харанхуйлна.

Солонгос кинон дээр дандаа ой санамжаа алддаг шүү дээ тэгэхээр нь би энэ зохиолчдод нь өөр санаа олддоггүй юм байхдаа гээд гоочилдог байсан юм. Тэгсэн тэр бүх кинон дээрх зүйлс амьдралд маань өдөр болгон тохиолддог болсон. Нөхөр сууж байснаа гэнэт эргэн тойрноо ажиглаад хаана байгаагаа таах гэж ядна, хэдэн оны хэдэн сар билээ гэж толгойгоо гашилгана. Өөрт байдаг зүйлсийг анх удаа харж байгаа юм шиг л сониучирхана. Анх удаагаа л "Би юу ч хийж чадахгүй нь" гэсэн аймар мэдрэмж надад төрж байсан.

Нөхөр ажлаасаа гараад энэ тэрүүгээр баахан эмнэлгээр явсан. Бид 2 энэ нөхцөл байдалдаа шаналаад байхгүй харин дасан зоxицож аз жаргалтай амьдрахыг сонгосон юм. Өдөр бүр юу хийсэн, юу мэдэрсэн, юу тохиолдсоныг цаг минутгүй санах гэж тэмдэглэлийн дэвтэртэй их найзлах болсон. Удалгүй буцаад хамтдаа түүнийгээ уншина. Notebook гээд кинон дээр гардаг шиг хамтдаа л үхэх юмсан гэж ярина. Намайг мартчих вий гэдгээс би үхтлээ айна. Нусаа татаад уйлж суух үе зөндөө байсан ч бид бие биедээ байгаадаа хязгааргүй их талархана. Энэ хооронд олон эмнэлгээр явж байгаад нэг сайн эмч олсон. Тэр эмчийн бичиж өгсөн эм маш сайн таараад өвчнийх нь шинж тэмдгүүд бага багаар алга болж эхэлсэн. Гэхдээ ядраад ачаалал аваад эхлэвэл буцаад л сэдэрнэ гэсэн л дээ. Эмээ сайн ууж, гам сайн барьсныхаа ачаар одоо 2дох жил дээрээ таталт өгөхгүй, юм мартахгүй эрүүл хүн шиг явж байна.

Одоо бид нар бүр зургуулаа болчихсон, нөхөр маань дахиж шүхрээр бууж чадахгүй болсон ч гэсэн өөр цэргийн ангид ажилд ороод бид Дорнодод нүүж ирсэн. Түүний минь өвчин дахиж сэдрэх вий гэсэн айдас мэдээж байдаг.

Нөхөр маань нэг удаа “Би ингээд өвдчихдөг муу хүн юмаа. Хамт байхаас цаашгүй хэрэггүй амьтан болчихлоо” гэж хэлэхэд нь би "Би чамд юу ч болсон хайртай. Одооноос намайг өөрийнхөө ой санамж гээд бодчих. Би бүгдийг санаж байх болно. Би юуг ч мартахгүй. Чамд үргэлж сануулж байх болно. Болно биз дээ" гэж хэлж байсан юм. Ирээдүйд юу ч болсон тэр үг минь үргэлж үнэн байх болно.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ