Хорвоод тавтай морил, энэ амьдрал шүү

UB Info

Өө, сайн уу? Төрчхөв үү? Баяр хүргэе. Хорвоод тавтай морил. Суугаарай. Хараахан алхаж чадахгүйгээс хойш. Ирэх хэдэн жилдээ утга учир нь ойлгогдохгүй өнгө чимээгээр дүүрсэн психеделик ертөнцөд амьдрах байх шүү.

Гэхдээ өмдөндөө шээхэд чинь хэн нэгэн цэвэрлээд өгөх юм чинь нэг их учир утгад санаа зовоод байх шаардлагагүй. Харин үүнийгээ дадал болгож болохгүй шүү. Хэт удаад байлгүй бие засах өрөө ашиглаж сурахыг шаардаж эхэлнэ. Тэгж байгаад үржүүлэхийн хүрд, цагаан толгой гэх мэтийн юм хум сургана гээд нэг байшинд аваачаад тавьчихна. Тэндээ нэг хэсэгтээ өөрийгөө ертөнцийн төвд гэж төсөөлж байж магадгүй (зарим хүмүүс нарсан туршдаа тэгдэг... дуракууд).

Үүнээс болж тэр байшинд байгаа бусад бяцхан хүн төрөлхтнүүдийг уурлуулж эхлэх байх. Тиймээс даруу төлөв байдал бас сураарай, за юу? Хэсэг хугацааны дараа чамайг дахиад л сургахаар өөр нэг байшинд аваачиж тавина. Энэ байшинд суралцах сэдэв, ойлголтууд нь өмнөхөөсөө чүт чүт хүнд байж болзошгүй шүү. Тэгсэн мөртлөө амьдралд хэрхэн ашиглахыг заахгүй ч байж мэднэ. Ойрын хугацаанд ангийн хүүхдүүдээрээ оролдох сэдэл төрч эхлэх байх шүү. Ер нь бол үүнээс хойш насан туршдаа нэг тоглоом тоглож эхэлнэ. Тоглоомын зорилго нь хэн нэгэнтэй дотносох. Харамсалтай нь чиний дотносохыг хүссэн хүн бүрд эргүүлээд чамтай дотносохыг хүссэн сэдэл төрөхгүй. Тиймээс нууж сурна.

Тиймээс болзоо, 'биеийн хэл', бэлгийн харилцааны ертөнцөд тавтай морил. Сүүлийнх нь чамд таалагдах байх. Ер нь үзэх ихэнх кино, унших номын чинь төрөл, агуулгыг дарангуйлах байх даа. Өө, за. Тригонометр, үелэх систем, нийгмийн тогтолцооны үндсэн ойлголтуудаа авчхав уу? Сайн байна.

Одоо их, дээд сургууль гэдэг байшин руу явна даа. Ингэх нь тун чухал. Яагаад гэвэл... Ммм... Зүгээр л чухал. Ер нь бол хүн бүр баян байхдаа аз жаргалтай байдаг юм шиг байгаа юм. Тиймээс дуугүй нэг чиглэлээр мэргэшээд ав. Гэхдээ чиглэлээ бас аятайхан сонгоорой доо. Нийгмийн ухаан энэ тэр биш хууль, математик ч юм уу. Их, дээд сургуулиа дуусгачхав уу? Болж дээ.

Одоо ажлын байран дээр гарна даа, хө. Өөрийгөө бусадтай сайн ажилладаг, хувийн зохион байгуулалттай, түргэн сэтгэдэг энэ тэр гээд зарчих. Өөрийн хувийн сонирхол энэ тэрийгээ дурдаад яах вэ дээ. Хамгийн түгээмэл, нийтлэг төрлийн хүн мэт л бай. Тэгээд л өгчихвөл 30 орчим жилийн дараа овоо гайгүй цалинтай болно биз. Одоо нөгөө бэлгийн харилцаа гэдэг юм чинь жоохон хоосон болж байж магадгүй.

Тиймээс эсрэг... эсвэл ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаа гэхээс илүү зүгээр л дотносож, ойртохыг хүсэж магадгүй. Өөр нэг хүнийг өвөртлөх хэцүү гэж бодож байсан бол насан туршдаа хамт байх, дурлаж хайрлах нэгнийг олно гэдэг бол... Хэхэ. Хааяа тэр хүнээ олсон мэт байдаг боловч өөр нэг хүнтэй яваад өгөх тохиолдол ч гарна. Гэхдээ тэр эрсдэлийг хүлээж авч чадаж байвал болох биз. Ер нь амьдрал шиг гэх юм уу даа. Зарим хүмүүсийг чиний насан дээр... амьд байдаггүй. Гэтэл чи амьд байна шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийгөө дундаж, уйтгартай, бусдад таалагдахгүй гэсэн балай үзлээ тэврээд өрөөний буланд суугаад байх юм. Гэтэл тэр өрөөний булан нь энэ хязгааргүй мэт орших, 14 тэрбум жилийн туршид хувьсаж өөрчлөгдсөн орчлон ертөнцийн хаа нэгтээ хөвж яваа хийн аварга биетийг тойрох шороон бөмбөлөг дээр бий.

Гэхдээ яах вэ дээ, тийм ээ? Уйдаж, өөрийгөө зовоож л байхгүй юу.

Уг нь хорвоо ертөнц, хийн аварга биет энэ тэр гэж бодохоор уг нь их л бахархаж, баясах хэрэгтэй юм шиг байтал сэтгэл санаагаар унаад л байгаа байх л даа. Наадахыг чинь биологи гэнэ дээ. Магадгүй найзууд чинь хүнтэй сууж, хүүхэдтэй болж, баяжиж байгаа байх. Харин чи ганцаараа л байдаг, хүүхэдтэй болно гэж боддог ч үгүй байж магадгүй. Эрхэм Карл Саганы агуу үгс хүртэл чамд нөлөөлөхгүй байж магадгүй. Энэ орчлон хорвоод цорын ганц ч гэлээ, уудам огторгуйд хөвж яваа ч гэлээ эдгээр зүйлс нь чухал биш харин оронд нь тав тухтай, аюулгүй амьдарч, их мөнгөтэй болмоор байж магадгүй. Хайрлаж дурлаж, үр хүүхэдтэй ч болмоор байж магадгүй.

Үүнийг засахад... ном уншиж болох юм. Түүхэнд чамайг энэ шороон бөмбөлөг дээр юугаа хийж яваа, яах гэж бий болсон гэх мэтийн асуултуудад хариулт өгөх гэж оролдсон хэд хэдэн овоо нөхдүүд бий шүү дээ. Гэхдээ тэд нарын санал, бодол нь хоорондоо нэлээн их зөрчилддөг болохоор ер нь эцэст нь чамаас л шалтгаалах юм л даа.

Чи өөрөө өөртөө л бурханд итгэх ч юм уу, мах идэх ч юм уу, абортыг дэмжих ч юм уу эсвэл амьдралд ямар нэгэн өгөгдсөн утга учир байдаг гэдэгт ч юм уу шийдэх л хэрэгтэй.

Үнэндээ чамайг юу ч хийсэн бай хүмүүс муулж, араар чинь ярих болно. Харамсалтай нь ялагч тодруулах боломжгүй тоглоом байгаа юм. Одоо харин чи та болж нас ахисан байгаа байх. Мөнгө хөрөнгөтэй ч болсон байх... болоогүй ч байж мэднэ. Эхнэр, нөхөр, хүүхдийн хувьд ч тийм.

Тиймээс одоо амьдралдаа юу хийсэн, хийгээгүйгээ эргэцүүлэн харж байгаа байх. Тэр нэг удаа сайн байсан хүнтэйгээ хоёулханаа байж байхдаа зориг гаргаж "Би чамд хайртай" гэж хэлээгүй байдаг. Гэтэл тэр хүн чинь одоо бас таны ижил өндөр настан болсон биз. Нэг их хугацаа үлдээгүй л байх даа... "Одоо яая гэх билээ дээ. Дараагийн удаа л зориглохоос" гэх гэтэл дараагийн удаа гэж байхгүй байдаг.

Дурак. Мэдсэн бол, тийм ээ? Уг нь сансарт хөвөх энэ бүдэг цэнхэр цэг дэх хамгийн ухаантай төрөл хэмээгдэх хүн гэдэг биет болж төрөөд, өдөр бүр ид шид мэтийн технологи ашиглаад, хүн төрөлхтөнд олгогдох боломжит бүхий л мэдээллийг гарын алгандаа авч яваа, амьд байх нь өөрөө ямар айхавтар гайхамшиг вэ? гэх тухай хэлэлцэж, мэтгэлцэх боломж байхад тэгж их санаа зоволгүй, бусад хүмүүс таныг юу гэж хэлэх тухай бодолгүй өгөгдсөн энэ богинохон хугацаанд уран бүтээж, өөр нэгний амьдралд эерэг өөрчлөлт оруулж эсвэл... ядаж л хогийн зан гаргадаггүй байсан бол. Одоо яая гэх билээ дээ. Мэдсэн бол, тийм ээ?

Бичвэрийг: exurb1a YouTube сувгийн бичлэгээс сэдэвлэв.

САНАЛ БОЛГОХ