Гоё бичвэр түгээе!

UB Info

Орчлон ертөнцийг судлан, түүнийг дүрслэх нарийвчлалаа сайжруулахыг хичээх явцдаа тайлбар гэдэг зүйл ерөнхийдөө хоёр төрлийн болохыг бид анзаарна.

Эхнийх нь аль болох олон тооны ажиглалтуудыг хамран дүрсэлж чадах хууль дүрмүүдийг томьёолоод тухайн үзэгдлээ тэдэнтэй харьцуулах. Энэ оролдлогыг зарим нь физикийн нэгтгэх арга, зарим нь эмхтгэх гэж нэрлэдэг.
Жишээ нь: Теннисний бөмбөгний нисэлт, далайн түрлэгийн хөдөлгөөн, мөстлөгийн үеүд тохиох хугацаа гэх мэт үзэгдлүүд нэг хуулиар дүрслэгддэг ба өөрөөр хэлбэл бүгдээрээ ертөнц дахины таталцлын үр дагаврууд мөн.

Үүнтэй адил нүдний өнгө, цахилгаан цахих үзэгдэл, хоол боловсруулалт, тархины үйл ажиллагаа гэх зэрэг нь нэг хууль дүрмээр буюу квант электродинамик гэдэг хуулиар дүрслэгдэнэ. Нэгтгэх аргын хамгийн гайхамшигтай нь урьд өмнө ажиглагдаагүй үзэгдлийг урьдчилан таамаглахад байдаг. Үүний алдартай жишээ гэвэл Дирак ердийн материйн нарийн хөдөлгөөнийг дүрсэлдэг тэгшитгэлийн шийдүүдийг судалж байхдаа урьдчилан таамаглаж хэлсэн антиматери оршин байх тухай таамаглал билээ.

Тайлбар олж авах хоёр дахь аргачлал бол жинхэнэ, зөв шийдээ ялгаж авахын тулд бусад бүх төсөөлөгдөж болох хувилбаруудыг хасаад явах арга юм. Үүнийг физикийн хуулиудыг ангилан ялгах арга гэдэг. Гэрэл хүрэх газартаа хүртлээ аль болох богино хугацаа зарцуулах замыг сонгож явдгийг, хөдөлгөөн хамгийн бага үйлчлэлийн зарчмаар явагддагийг, мод салаалахдаа хамгийн бага хүчээр хамгийн их өөрчлөлт олж авах замыг сонгон салаалдгийг нээхэд физикчид ангилан ялгах аргыг хэрэглэсэн. “Яагаад” гэдэг асуултад хариулдаг нэгдэл, “яагаад биш” гэдэг асуултад хариулдаг ангилан ялгалт хоёр нь физикийн шинжлэх ухааны түүхэнд хөгжил дэвшлийнх нь гол тулгуур нь байсан.

Нэгтгэх ба ангилан ялгалт гэсэн энэ хоёр талт үзэл бол физикийн шинжлэх ухааны бүрдүүлэгч ба сөргүүлэгч онцлогуудыг бүтээдэг гэж хэлж болно. Эдгээр нь хүн төрөлхтний бүгдийг мэдэх гэсэн хүсэл эрмэлзлээс үүдэлтэй. Нар дэлхий хоёрын хоорондох зай одоогийнхоос өөр байсан бол дэлхий дээр үүсэх температурын ялгаа нь усыг үүсгэхгүй байх байсан ба ус байж бий болдог амьдрал үүсэх боломжгүй болгох байв.

Сар дэлхийг тойрдоггүй байсан бол хүний тархи ажилладаггүй байх байсан. Манай нарны аймагт одоогийнхоос цөөн тооны том том гаригууд байсан бол хүний үүсэл хөгжил боломжгүй байх байсан. Учир нь том том гаригууд олон тооны солирын чиглэлийг өөрчилж дэлхийг мөргөхгүй болгох байв. Хүний бодол тэр чигтээ нэгтгэх, ангилан ялгах процесс байдаг ба хүний тархи нэгтгэх, ангилан ялгах үйлдлийг тасралтгүй хийж байдаг байна.

Эх сурвалж: ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Онолын физикийн лабораторийн эрхлэгч Ч. Содбилэг

САНАЛ БОЛГОХ