JCI RISE: COVID-19 дэгдэлтийн үед эдийн засгийг дэмжих JCI байгууллагын шинэ санаачилгыг JCI байгууллагын 2020 оны ерөнхийлөгч Итай Манере танилцууллаа

UB Info

JCI байгууллагаас Covid-19 цар тахалтай нүүр тулсан өнөө үед эдийн засаг болон ажиллах хүчийг дэмжих доорхи шинэ санаачилга дэвшүүлж байна.

RISE санаачилга нь:

Rebuild - Шинэчлэх, сэргээх
Invest - Санхүүжүүлэх, хөрөнгө оруулах
Sustain - Дэмжих, хамгаалах
Evolve - Өөрчлөх, хөгжүүлэх гэсэн үгийн товчлол юм. Энэ нь эдийн засаг болон идэвхтэй хүн амыг шинэ нөхцөл байдалд илүү уян хатан байж дасан зохицохын төлөө дэлхий дахины санаачлагатай залуу удирдагчдад чиглэсэн уриалга юм.

JCI байгууллагын 2020 оны Ерөнхийлөгч Итай Манере энэхүү санаачлагын зорилгыг танилцуулсан ба залуус ирээдүйн бизнесийн орчинг тодорхойлоход яагаад чухал болохыг тоймоллоо. Covid-19 цар тахал бидний бие болон сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлсэн төдийгүй эдийн засагт хүнд цохилт болоод байгаа.

RISE биднийг энэхүү сорилтыг даван туулахад хэрхэн туслах вэ? 

Дэлхий даяар мянга мянган гишүүнтэй олон улсын манлайллын байгууллагын хувьд JCI бол дэлхийн хэмжээнд нөлөө бүхий өөрчлөлт бий болгох онцгой чадамжтай юм. RISE санаачилга нь улс үндэстний хил хязгаарыг үл харгалзан хувь хүмүүс, албан байгууллагад хүрэх боломжтой.

Энэхүү санаачлагын хүрээнд бид 3 үндсэн зорилготой:

- Бизнес, эдийн засгийг дахин сэргэхэд дэмжлэг үзүүлэх

- Эдийн засгийн идэвхтэй хүн ам болох ажиллах хүчийг дэмжих

- Covid-19 өвчин нийт хүн амын сэтгэлзүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалж шийдэл боловсруулах

Эдгээр 3 талбарт бид анхаарал хандуулснаар хувь хүн болон аж ахуйн нэгж хэрхэн өөрчлөгдөх талаар төсөөлөлтэй болно. Энэ нь биднийг аливааг хийдэг уламжлалт арга барилаа дахин харах өвөрмөц боломж олгож байгаа ба үр дүнд нь энэ дэлхий дээр амьдарч буй бүх хүний хувьд өчигдрөөсөө илүү байх болно.

Яг одоо RISE санаачилга яагаад чухал вэ? 

Бидний амьдарч буй нийгэм үнэхээр их зүйлсийг бидэнд өгсөн, харин одоо бид эргээд санаа тавих цаг иржээ. Маш олон жижиг бизнесийн орлого үлэмж их хэмжээгээр тасалдаад байна. Эдгээр бизнесүүд нь орон нутгийн эдийн засгийн тулгуур төдийгүй бидэнтэй зэрэгцэн оршиж буй олон өрхийн амжиргааг залгуулдаг билээ. JCI-н манлайлагчид эдгээр жижиг бизнесүүдийг бизнес моделоо эргэж харан шинэ нөхцөл байдалд дасан зохицоход нь залж чиглүүлснээр амжилт гаргах боломжтой болно. Бид мөн ёс зүйтэй, тогтвортой бизнесийн туршлага ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх тал дээр анхаарах нь зүйтэй.

Мэдээж бид Covid-19 өвчнөөс үүдэлтэй асуудлын хүнлэг талд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Маш олон залуучууд болон эмзэг бүлгийн хүн ам ажлын байраа алдсан эсвэл тун удахгүй ажлын байраа алдах гэж байна. Дэлхийг хамарсан цар тахал, түүнээс үүдэлтэй тусгаарлалт нь айдас, түгшүүр, арга мөхөстөх, сэтгэл зовнил зэрэг ээдрээтэй сэтгэл хөдлөлийг нийгэмд үүсгэж байна. Үүнтэй тэмцэхийн тулд JCI-н гишүүд, хамтрагчид хамтдаа ажиллах хүчийг дэмжиж, залуу хүний хувьд хэн нэгэнд ажиллах нь өөрийгөө гутаан доромжилж буй үйлдэл биш гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар чөлөөтэй ярилцах нь ичмээр зүйл биш гэдэг ойлголтыг бид мөн ойрын хүрээлэлдээ түгээх нь зүйтэй. Бүх хүн төрөлхтний төлөө гэсэн сэтгэлээр л бид цар тахлын эдийн засгийн болон сэтгэл санааны хохирлыг даван туулж бүгдэд тустай шийдлийг бий болгож чадна.

Энэхүү санаачлагад хэрхэн нэгдэх вэ? 

Бид хамтдаа илүү хүчтэй, найз нөхөд болон хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар бид ганцаараа хийж чадахаасаа хавьгүй илүүг бүтээж чадна. Энэ сорилт дэлхий нийтийн өмнө тулгарсан бөгөөд дэлхийн нийтийн асуудалд бүх нийтээрээ оролцож хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Төрийн, хувийн хэвшлийн болон бусад байгууллагуудыг хамтран ажиллахыг JCI байгууллага уриалж байна, үүний дүнд бид асуудлыг хамтдаа шийдэх болно.

JCI-н гишүүд аль хэдийн орон нутаг, үндэсний байгууллагын хэмжээнд эдийн засгаа дэмжих төслүүд хэрэгжүүлж эхлээд байна. Жишээлбэл: JCI Швейцарын “Think Global, Buy Local” хөдөлгөөнийг дурдаж болж байна. Гишүүддээ хандаж хэлэхэд, та бүхэн байгаа газраа хийдэг зөв зүйлсээ үргэлжлүүлэн хийсээр байгаарай. Та бүхний хичээл зүтгэл нийлээд таны бодсоноос ч илүү эерэг нөлөөг авч ирэх болно. Мөн бусад бизнесийн төлөөлөл, төрийн түшээд та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.

RISE санаачлага нь JCI-ын бусад хөдөлгөөнөөс юугаараа ялгаатай вэ?

JCI-н гишүүд өөрсдийн оршин суугаа газар орны асуудлыг хамгийн сайн ойлгох ба ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь илүү ач холбогдолтойг мэднэ. Иймд JCI-н гишүүдийг энэхүү шинэ санаачлагыг манлайлан сорилтыг шинэ өсөлт хөгжлийн боломж болгохыг хүсч байна.

Харанхуй бүхэн арилж үүрийн гэгээ татах цаг ирдэг. JCI-н гишүүд бүтээлч санал санаачилгаараа нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг хэрхэн эхлүүлж манлайлахыг би сэтгэл догдлон хүлээж байна.

САНАЛ БОЛГОХ