"Өрх төсөл" Монгол Улс даяар хэрэгжиж эхэллээ

UB Info

Орон нутгийн хөгжлөөс шалтгаалан нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд руу шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдаж, хүн амын төвлөрөл ихэссээр байгаа өнөө үед “Өрх төв” ТББ-ын санаачилсан өрхийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой “ӨРХ” төслийг 2020 онд JCI Монгол байгууллага 12 аймагт хэрэгжүүллээ.

Уг төслийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, 12 аймгийн ЗДТГазар болон бусад ТББ-уудтай хамтран ажиллаж, орон нутагтаа өрхийн бизнес эрхэлж байгаа 303 бичил бизнес эрхлэгч, нийт 531 хүнд сургалт, зөвлөгөө өгч ажилласан ба өрхийн гишүүд бага боловч жигд орлоготой байх нь өрхийн нэг гишүүн тогтвортой бус өндөр орлоготой байхаас эрсдэл багатай, гэр бүлийн гишүүдэд эерэг нөлөөтэй гэдэг ерөнхий агуулгаар нэгдсэн сургалт аймаг бүрт зохион байгуулагдлаа.

Мөн бизнесээ хэрхэн зөв санхүүжүүлэх, ямар санхүүжилт хаанаас авч болох талаар мэдээлэл өгч, гэр бүлийн бизнесийн тухай үндсэн ойлголт өгөхийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл болон үйлчилгээгээр бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хэрхэн борлуулах талаарх бизнесийн нарийвчилсан сургалт явууллаа. Сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчдийн сарын дундаж орлого 3 сая төгрөг, харин дундаж ажилтны тоо 4 байсан бол үйл ажиллагаа явуулсан дундаж хугацаа 9 жил байсан. Эдгээр бизнес эрхлэгчдээс аймаг бүрт 2 өрх сонгон авч Улаанбаатар хотод бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох, хоорондоо туршлага солилцох боломж олгосон 2 өдрийн нэгдсэн арга хэмжээг мөн зохион байгууллаа.

“Өрхийн бизнес ба орон нутаг” сургалт, хэлэлцүүлэгт 12 аймгийн шалгарсан 23 бизнес эрхлэгч нар оролцож өөрсдийн бизнес тулгарч буй бодит бэрхшээлээ танилцуулж, холбогдох банк санхүү, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, Тусгаар тогтнолын талбайд сонгогдсон өрхүүд бараа бүтээгдэхүүнээ шууд худалдаалах, олон нийтэд сурталчлан таниулах “Бизнес экспо - 2020” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Орон нутгийн өрхийг чадваржуулах нь тухайн өрхийг санхүүгийн хувьд тогтмол орлоготой, гэр бүлийн гишүүдийг сурч хөгжих, боловсрох боломжтой болгох чухал ач холбогдолтой юм.

САНАЛ БОЛГОХ