Яагаад хамгийн энгийн тайлбарууд үнэн байх магадлал хамгийн ихтэй байдаг вэ?

UB Info

Оккамын тонгорог (Occam's razor/Ockham's razor/Ocham's razor) нь "хамгийн энгийн шийдэл бол ихэвчлэн хамгийн зөв шийдэл байдаг" хэмээх санааг илэрхийлсэн асуудал шийдвэрлэх зарчим юм. Энэхүү санааг анх философич William of Ockham (1287–1347) гаргажээ. Мөн тонгорог хэмээсэн нь магадлал багатай, эмпирик баталгаагүй таамаглалуудыг "хусаж авах" утгаар ийн нэрлэжээ.

Оккамын тонгорог нь зөвхөн нэг үзэгдлийг тайлбарлах ялгаатай таамаглалуудад хамаарах бөгөөд хоёр ба түүнээс дээш үзэгдэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл аливаа нэг үзэгдлийг тайлбарласан асар олон комплекс, боломжит хувилбарууд дундаас хамгийн энгийн, ad hog таамаглалгүй тайлбар нь шалгаж болохуйц учраас комплекс тайлбаруудаас илүү үнэн хэмээн үздэг.

Анагаах ухааны судлаач Theodore Woodward "Туурайн товшилт сонсвол үүнийг эрээн тахь биш, адуу гэж бод" хэмээсэн нь Оккамын тонгоргийн нэг жишээ юм. Танд эрээн тахьны туурайн товшилт сонсогдсон гэж үзье. Тэгвэл тэр эрээн тахь эхлээд ямар нэг аргаар амьтны хүрээлэн дэх хашаанаасаа гараад, ямар нэг байдлаар хамгаалагчдад баригдалгүй амьтны хүрээлэнгээс гарч, ямар нэг байдлаар танай гэрийн хажуугаар явж таарсан болно. Харин эрээн тавь биш, адууны товшилт сонсогдсон гэвэл, адуу эрээн тахьнаас түгээмэл, бас ихэвчлэн амьтны хүрээлэнд байдаггүй учраас зүгээр л танай гэрийн ойролцоо явж таарсан болно. Энэ хоёр таамаглалаас хамгийн энгийн нь адууны товших чимээ байсан тул адуу явж байх нь үнэнд ойр юм. Яг үүнтэй адилаар, эмч нар өвчтөний шинж тэмдгүүдийг харгалзан үзэж, боломжит хамгийн түгээмэл өвчнөөр онош тогтоодог.

Мөн магадлалын онолоор Оккамын тонгоргийг дэмжиж болно. Бүх таамаглал буруу байх боломжтой байдаг бөгөөд, буруу байх өндөр магадлалтай олон таамаглал байх тусам онолоо худал болгодог. Өмнөх жишээн дээрх тахь өөрөө амьтны хүрээлэнгийн хашаанаасаа гараад, амьтны хүрээлэнг орхиж явна гэдэг бараг боломжгүй тул товших чимээ эрээн тахьны байх магадлал буурна.

Бас нэгэн өөр жишээ авъя. Нарны аймгийн гелиоцентр (heliocentric) болон геоцентр (geocentric) загварууд аль аль нь "зөв" таамаглалууд байсан ч, геоцентр загвар нь илүү олон хөдөлгөөнт нэгжүүдтэй, мөн гарагуудын хөдөлгөөнийг шинжлэх ухааны бус байдлаар илэрхийлсэн. Харин гелиоцентр загварт гарагууд илүү энгийн, ойлгомжтой байдлаар хөдөлдөг тул Оккамын тонгоргийн дагуу гелиоцентр загвар илүү үнэн юм.

Хамгийн энгийн тайлбар бол бурхан бүхнийг хийсэн гэх таамаг билээ. Бороо орох зэрэг олон үзэгдлүүдийн шалтгаан нь бидний дэвшүүлсэн таамаглалууд бус, зүгээр л бурхан бүтээсэн гэх тайлбар хамгийн энгийн буюу зөв байх магадлал өндөр болно. Гэхдээ бид бурхан байдаг эсэхийг шинжлэх ухаанаар туршин, шалгаж үзэх боломжгүй учраас энэ тайлбарыг батлах боломжгүй юм. Оккамын тонгорог нь гарцаагүй зөв тайлбарыг олох шалгуур биш бөгөөд зөвхөн аль тайлбар буюу таамаг илүү үнэн байх магадлалтайг олдог зарчим гэдгийг ахин сануулъя.

(ad hog таамаглал (ad hog hypothesis) - тухайн онол/тайлбарыг няцаагдахаас сэргийлж нэмэгдсэн таамаглал)

Эх сурвалж: irishphilosophy.com, mathdept.ucr.edu, plato.stanford.edu

САНАЛ БОЛГОХ