Файнман ах дүүсийн тухай

UB Info

Файнман гэдэг нэрийг физикийн шинжлэх ухаанд дуртай хүн бүр андахгүй биз ээ.

Мэдээж хамгийн түрүүнд толгойд орж ирэх эрхэм бол энэ зурагт инээмсэглэн сууж харагдах Нобелийн шагналт алдарт физикч Ричард Файнман байх болов уу. Харин түүний хажууд сууж буй дүү Жоан Файнман нь мөн л ах шигээ шинжлэх ухааны салбарт ул мөрөө тодоос тод үлдээсэн нэгэн болохыг бид энэ оны сүүлчийн нийтлэлээрээ онцолж байна.

Ричард миний хамгийн анхны багш маань байсан. 14 настай байхдаа тэр унтлагын өрөөндөө электроникийн лаборатори байгуулаад намайг долоо хоног нэг центийн цалинтай туслахаа болгож билээ,” гэж Жоан Файнман ахыгаа дурсан ярьсан байдаг. Ээж нь түүнийг ахынхаа мөрийг дагаж мөн физикч болох хүсэлтэй болохоо илэрхийлэхэд нь нэг их дэмжээгүй гэдэг. Гэсэн ч тэрээр ахынхаа сүүдэр дор орохоос эмээлгүй шинжлэх ухаанд тэгж их дурласны хүчээр бид үзэсгэлэнт туйлын туяа болон амьдралыг тэтгэгч нарныхаа тухай ихийг олж мэдэж чадсан юм.

Аурора буюу туйлын туяа нь нарны идэвхжилтэй хамааралтай болохыг судлаачид олон жилийн турш таамаглаж ирсэн боловч 1960-аад онд сансарт хиймэл дагуулуудыг илгээж судлах хүртэл түүнийг баттай тогтоогоогүй байсан юм. 1977 онд Файнман болон түүний багийнхан хиймэл дагуулуудын 14 жил цуглуулсан мэдээллийг хянаж үзээд нарны соронзон шуурганы цэнэгтэй бөөмсийн хурд өндөр байх тусам туйлын туяа эрчтэй үзэгддэг болохыг ажигласан байна. Өөрөөр хэлбэл хамгийн хол үзэгддэг, хамгийн тод туйлын туяа нь нарны идэвхжил өндөр байх үед бий болдог ажээ. Ингэснээр туйлын туяаг нарнаас үүдэлтэй болохыг баттай тогтоосон байдаг.

Жоан Файнманы нээлт үүгээр зогссонгүй. Туйлын туяаны эрч болон нарны идэвхжил хоорондын хамаарлыг ашиглан нарны циклүүдийг тэрээр судалж эхэлсэн байна. Тухайн үед судлаачид нар 11 жилийн өндөр болон нам идэвхжил бүхий циклтэй болохыг тогтоосон байсан. Гэвч түүнээс урт 88 жилийн цикл бас байх магадлалтай гэж үзэж байсан ч бидэнд тэр урт хугацааны циклийг батлах нарны идэвхжлийг хэмжсэн хангалттай олон жилийн дата байсангүй. Файнман харин туйлын туяаны тухай бичиж үлдээсэн тэмдэглэлүүдийг ашиглан нарны идэвхжил тухайн үед ямар байсныг шалгаж эхэлжээ. Хоёр туйлаас хол газарт туйлын туяа үзэгдсэн гэж тэмдэглэгдэн үлдсэн бол уг туйлын туяа нь илүү эрчтэй явагдсан байх бөгөөд түүнтэй хамааралтайгаар нарны идэвхжил мөн өндөр байсан гэсэн үг болно.

Дээрх аргыг ашигласнаар Файнман болон түүний багийнхан 88 жилийн нарны урт цикл үнэхээр байдаг гэдгийг нотолсон байна. Дээрх нээлт нь бидний технологиор “амьсгалсан” эрин зуунд нэн шаардлагатай мэдээлэл болсон юм. Нарны идэвхжил, соронзон шуурганы улмаас цахилгаан болон холбооны төхөөрөмжүүд гэмтэх магадлалтай. Жишээлбэл 1989 онд нарны шуурганаас болж Канадын Квебек хот 12 цагийн турш тэр чигээрээ цахилгаангүй харанхуй болсон байдаг. Иймд, нар маань 88 жилийн өндөр болон нам идэвхжлийн циклтэй болохыг тогтоосноор бид ирээдүйд болох соронзон шуурганд илүү бэлтгэлтэй байна гэсэн үг юм.

Бидний ард улиран одож буй 2020 он ихийг бодогдуулж, ихийг ч авч одлоо. Харамсалтай нь тэдгээрийн нэг нь Жоан Файнман байсан юм. Жоан Файнман 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 93 насандаа нас барсан. Зургаахан настайд нь ах нь түүнийг шөнө дунд сэрээж, туйлын туяаг анх үзүүлж байсан гэдэг. Шинжлэх ухаанд ухаангүй дурласан бяцхан охин том болоод тэр л туйлын туяаныхаа нууцыг тайлна гэж хэн тааварлах билээ. Эмэгтэй хүн гэрийн ажлаас өөр зүйл хийх ёсгүй гэсэн нийгмийн хандлагыг үл тоож, их сургуульд хүйснээсээ болж гадуурхагдаж байсан ч шинжлэх ухаанд өөрийгөө чин үнэнчээр зориулсан Жоан Файнман цаашид олон олон охидод үлгэр дуурайл болох биз ээ. Мөн дүү нараа шөнө дунд туйлын туяа үзүүлэх гэж босгож, лабораторидоо хамт тоглож, одон орон, математикийн үндэслэлүүдийг тайлбарладаг Ричард Файнман шиг ах, эгч нар улам олон байгаасай.

2021 он бидний, та бүхний болон шинжлэх ухааны хувьд ололт амжилтаар дүүрэн байна хэмээн найдаж байна. Шинэ оны мэнд!

Эх сурвалжууд: aps.orgswpc.noaa.govscied.ucar.edunytimes.comhackaday.com

САНАЛ БОЛГОХ