Өглөөний газар хөдлөлийг мэдэрсэн хэр олон хүн байна?

UB Info

Газар хөдлөл яагаад болдог вэ? Дэлхийн царцдаст давхарга нь олон тооны том жижиг тектоник хавтангуудаас тогтох ба астеносферийн гэх дээд мантийн харьцангуй зуурамтгай давхарга дээр байрлахын хувьд үргэлжийн хөдөлгөөнд оршиж байдаг. Газар хөдлөл нь дэлхийн царцдаст хуримтлагдсан энергийн гадагшлах нэг хэлбэр бөгөөд чулуулгаар сейсмийн долгион тархан гадаргад чичирхийлэл үүсгэдэг. Царцдасын ямар ч гүнд газар хөдлөл үүсэх боломжтой ба ихэвчлэн тектоникийн хил заагуудаар үүсэх бөгөөд газар хөдлөлөөс улбаалж хагарлын бүсүүд бий болдог.

Сейсмийн судалгаа 20-р зуунаас эхлэн хөгжсөнөөр энэ салбарын мэдлэг өргөжиж эхэлсэн гэдэг. Дэлхий даяар жилд ойролцоогоор 50000 гаруй мэдрэгдэхүйц газар хөдлөл болдог. Тэдгээрээс 100 орчим нь онц аюул учруулахаар хүчтэй байдаг.

Газар хөдлөлийн голомтыг тодорхойлоход дор хаяж 3 сейсмийн станц ажиллаж байх ёстой ба сейсмийн долгионы бүртгэгдсэн хугацаа болон далайцын тусламжтай тооцоолон эпицентрийг тодорхойлдог. Газар хөдлөл явагдах процесс гурван хэсгээс бүрддэг. Эхэн үед Foreshock буюу Гол чичирхийлэл (Mainshock)-с өмнө мэдрэгддэг. Гол чичирхийллийн үеэр хамгийн их далайцтай долгион бүртгэгдэх бол төгсгөл хэсэгт Aftershock болдог.

Дэлхий даяар орчин үеийн 150 гаран сейсмограф байнгын ажиллагаатай чичирхийллийг бүртгэж хоорондоо мэдээлэл солилцож байдаг. Монгол орны хувьд нутаг дэвсгэрийн хэмжээнд 6-10 станцын бүрдэл бүхий 5 бичил сүлжээ станц, 3 байгуулагч бүхий өргөн зурвасын 17 станц, 3 байгуулагч байгуулагч бүхий 5 богино зурвасын станцууд нь Одон орон Геофизикийн Хүрээлэнгийн хяналт доор ажиллаж байдаг. Эдгээр станцуудын хүлээж авсан мэдээлэл нь өдөрт 1542МВ хүрдэг гэнэ.

Газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх боломжгүй бөгөөд ойролцоох тохиолдлуудаас шинжин таамаг төдийг л хэлж чадах юм. Ташрамд хэлэхэд Магнитуд бол сейсмийн багажид мэдрэгдэх хүчний хэмжигдэхүүн бол Балл нь хүн ам, хүрээлэн буй орчинд мэдрэгдэх нөлөөг илэрхийлэх хэмжигдэхүүн юм.

Хэрвээ та дэлхий даяар энэ мөчид болж буй газар хөдлөлийн мэдээллийг харахыг хүсвэл доорх холбоосоор орж хараарай: ds.iris.edu

Газар хөдлөл бол нэгэн төрлийн гамшиг. Энэ үеэр та юу хийх ёстойгоо мэдэж байгаа юу?

Зураг: filmabinitio.blogspot.com, iag.mn

Эх сурвалж: IRIS, ООГХ

САНАЛ БОЛГОХ