Инженер, ШУ-ны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

UB Info

Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран дотооддоо инженер, шинжлэх ухааны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтаа зарлаад байна.

Энэ хөтөлбөрийг анх 2010 онд Азийн сан болон Мерали сангийн дэмжлэгтэй эхлүүлж байсан ба одоог хүртэл нийт 160 эмэгтэй оюутнууд хамрагдаж сонгосон мэргэжлээрээ амжилттай сургуулиа төгсөх боломжоор хангагдсан байдаг юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тухайн салбар дахь эмэгтэйчүүдийг чадваржуулж, оролцоог нэмэгдүүлэн, байр суурийг бэхжүүлэх замаар улс орны шинжлэх ухаан, инженерийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм.

Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр нь 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна жилд хоёр удаа ном сурах бичгийн мөнгө, орон нутгаас хүрэлцэн ирж суралцаж байгаа оюутнуудад дотуур байрны төлбөрийн тэтгэлэг олгодог байна.

Хөтөлбөрт тавигдах шалгуур нь МУИС эсвэл ШУТИС-д инженер, шинжлэх ухааны чиглэлээр энэ хичээлийн жилд нэгдүгээр курст суралцаж байгаа эмэгтэй оюутан байх ба сурлага, нийгмийн идэвхээрээ бусдыгаа манлайлж байгаа хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг хамруулах юм байна.

Мөн сонгон шалгаруулалтад тухайн сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байгаа эсэх, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэх юм.

Дээрх шалгууруудыг хангаж байгаа оюутнууд ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээлэл авч, өргөдлийн маягтыг бөглөж болох ба материалыг 1-р сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авахаар зарласан байна.

Хэрэв та бүхэнд энэ талаар нэмж тодруулах зүйлс байвал Зориг сангийн scholarship@zorigfoundation.org мэйл хаягаар холбогдож мэдээлэл аваарай.

САНАЛ БОЛГОХ