Шөнийн тэнгэрт харагдах хамгийн тод од
Шөнийн тэнгэрт хамгийн тод харагдах одыг нэрлэвээс тэр нь Хөхдэй мэргэн буюу Сириус юм. Та хэд минь тагтан дээрээ гарч ирээд шөнийн тэнгэр өөд харж зогсоод Хойд зүгийн одыг зааж тэр хамгийн тод од байна гэж бодож байсан байлгүй дээ. Алтан гадас буюу хойд зүгийн од нь цөлд аялахад ач тустай, бусад оддоос ялгарч харагдах нь дамжиггүй. Эрт дээр үед, нийгэм маань хүндхэн байдалтай байхад оргосон боолууд энэхүү одыг олж зам зүглэхдээ эхлээд Шанага долоон одны ордоор баримжаалдаг байсан гэдэг. Гэхдээ Алтан гадас нь дэлхийгээс ажиглагдсан 50 дахь тод одоор үнэлэгддэг билээ.
Тэгвэл хамгийн тод од бол Хөхдэй мэргэн юм. Энэхүү од нь Канис мажор буюу Аварга нохойн одны ордод байрлах хос одны системт альфа од билээ. Дэлхийгээс 8.611 гэрлийн жилийн зайд орших ба нарнаас 25.4 дахин хүчтэй гэрэлтдэг байна.
Хөхдэй мэргэн нь Орионы бүстэй ойрхон орших бөгөөд хойд өргөрөгт ажиглагдна. Өвлийн улиралд тэнгэрийн өмнөд хэсэгт хамгийн сайн харагддаг.
Эрдэмтэд оддын тод байдлыг нэгээс зургаа хүртэлх магнитудаар хэмждэг байна. Энд магнитуд нь бага байх тусам илүү тод гэсэн үг (Хөхдэй мэргэн одны магнитуд 1.46). Гэхдээ энэ нь зөвхөн дэлхийн, бидэнд ажиглагдах хэмжигдэхүүн болохоос одны гэрэлтэлтийн тухай биш юм. Люминосити буюу одны гэрэлтэлт бол одноос ялгарах энергийн хэмжээний тухай ойлголт юм. Харин хамгийн их гэрэлтэлт бүхий одыг тодорхойлох нь маш төвөгтэй, орчлон ертөнцийн бүх одыг шинжих шаардлага гарна. 2004 онд одон орон судлаачид LBV 1806-20 буюу одоогоор мэдэгдээд буй орчлон ертөнцийн хамгийн их гэрэлтэлт бүхий одыг илрүүлсэн байдаг. Өнөө шөнө гараад нэг хараарай!
Зураг: earthsky.org
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй