Би хүүгийнхээ хажууд уйлаагүй

UB Info

Хүү бид 2 амралтын өдрүүдээр хөлбөмбөг тоглох дуртай байлаа. Би залуудаа улсын шигшээд тоглодог байсан юм. Хүү минь багаасаа л бэлтгэл дээр дагаж ирээд тоглодог байсан сан. Хөлбөмбөгчин болно гэж хэсэг 16 хүртлээ ч билүү ярьснаа ээжийгээ өөд болсноос хойш эдийн засагч болно гэж ярьдаг боллоо. Хүүгийн минь өсвөр нас гундуухан өнгөрсөн. Хүүгээ бага байхад бид хоёр их дотно байж. Хамт хөлбөмбөг, писи, сега гээд янз янзаар тоглож цагийг өнгөрөөнө. Ээжид нь тоглоом наадгай чинь ихэдлээ, гэрт арзганалдлаа гэж байнга загнуулна. 15 дөнгөж хүрснийхээ дараа тамхи татаж байгаад надад баригдсан юм. Би огт зэмлээгүй "Би ч яахав дүүрч. Чамаас ч жоохноосоо татсан. Ээж чинь харин юу гэж хэлдэг билээ. Мэдвэл гомдох л байхдаа. Баригдаваа" гэсэн.

16 хүрдэг жил нь хань минь ослоор өөд болсон. Нутаглуулах гээд хотоос гарсан. Хүү минь оршуулгын дараа над дээр ирснээ тамхи асуув. Өгсөн тамхийг минь тал хүртэл нь татаад "Та ээжид битгий хэлээрэй. Энэ угаасаа миний сүүлийн тамхи” гэсэн. Нээрээ ч тэрнээс хойш татаагүй болов уу, хувцаснаас нь дахиж тамхи үнэртээгүй. Тэрнээс хойш бид хоёр ер нь хөндийрчихсөн. Хүүгийн минь өсвөр нас даруухан, дотогшоогоо өнгөрсөн шиг санагддаг. Би сэтгэлээ нээж ярьмаар байдагтай адил, хүүд маань ч бас тийм байдаг байсан байх. Даанч хоёр талд хоёр насанд хүрсэн эрчүүд нэрэлхээд ярилцдаггүй байсан. Бид хоёрыг холбодог, ойртуулдаг ганц зүйл үлдсэн нь хөлбөмбөг. Олон ч жил хамт тоглосон. Миний нас жаахан яваад, хүү маань сургуулиа төгсөх гээд 2 сар л завсардсанаас биш сүүлийн бараг 10 гаруй жилийн турш 7 хоног бүр тоглосоор ирсэн байх шүү.

Их эрт, 20 хүрэхээсээ өмнө тусдаа гарсан. Надтай байхаар би гэж уруу царайлсан хүн дүнсийгээд суухаар төвөгтэй байдаг байсан байх. Гэхдээ бид хоёр хэзээ ч ямар ч асуудал дээр ам зөрж байгаагүй. Хүү минь тусдаа гараад жил болсон байв. Бид хоёр маргааш тоглох уу барих уу гэж ярихаа ч больчихсон шууд л тоглодог талбай дээрээ уулздаг болсон байлаа. Хааяа би өглөө шартаад босохгүй, хааяа хүү минь ажилдаа дарагдаад ирдэггүй ч гэсэн хоёулаа очихгүй байна гэж бараг байдаггүй.

Тэгсэн нэг мэдсэн хүүтэйгээ хоёр долоо хоног таараагүй, холбоо бариагүй өнгөрөөчихсөн байна. Түүнийг тусдаа гарснаас хойш бидний уулзах, холбоо барих бараг цорын ганц шалтгаан нь хөлбөмбөг байсан юм. Би эхний долоо хоног хүүгээ ирээгүйг хараад нэг их юм бодоогүй явж байлаа. Харин 3 дахь 7 хоног дээрээ хэл сураггүй байхаар нь санаа зовж эхлэв. Гэсэн хэдий ч эр хүмүүсийн хооронд байдаг нэг тийм нэрэлхүү зангаас болоод залгаж чадсангүй.

Тэрнээс хэд хоногийн дараа хүү минь өөрөө залгаад “Ааваа та 1-р эмнэлэг дээр хүрээд ирээч" гэж байна. Би тодорхой шалтгааныг асуулгүй шууд л яваад очтол эмнэлгийн үүдэнд найз охиноороо түшүүлээд хар шил зүүчихсэн зогсож байна. Юм харахгүй байгааг нь би шууд гадарласан. Найз охин нь дохио өгсөн бололтой хүү минь “Өө, аав. За дээшээ эмчтэй орж уулзъя. Харин хэд хоногийн өмнө хүмүүстэй муудалцаад нүд өвдчихөөд байна. Гэр бүлийн гишүүнээ уулзуул гэсэн юмаа” гээд юу ч болоогүй юм шиг байх гэж хичээж байгаа нь илт. Эмчийн гадаа ойр зуурын үг солих зуур найз охиных нь нүдэнд нулимс цийлэгнэж байгаа нь харагдаад дотор пал хийгээд л явчихлаа. Эмчийн өрөөнд орлоо. Өвгөн доктор охин хүү хоёрыг танимхайрч надтай мэнд мэдээд цайгаар дайлах гээд ус буцалгав. Хэзээ улсын эмнэлгийн эмч нар тэгж байлаа даа. Байдал биш байгаа нь ойлгомжтой. Эмчээс асууж амжаагүй байтал “Хараагүй боллоо гээд одоо гутарч гуниад яахав. Аймшигтай ч гэсэн цааш амьдрах хэрэгтэй. Одоо юм хөгжсөн үе. Гэрээсээ хийдэг ажлууд олдож юуны магад” гээд яриад эхэллээ. Арай ч үгүй байлгүй гэж бодоод эмчээс юу яриад байгааг нь асуутал, "Өө чи чинь аавдаа хэлээгүй байгаа юм уу?" гээд уртаар санаа алдсанаа хоёр долоо хоногийн өмнө хүмүүстэй зодолдоод хүнд бэртэл авч яаралтай хагалгаанд ороод хоёр нүднийхээ хараагаа бүрэн алдчихсан тухай нэг амьсгаагаар хэлчихдэг юм байна.

Тийм аймаар мэдээг хүлээж авахад бэлтгэлгүй байсан болохоор цочирдоод амнаас үг гарсангүй. Хүү маань ганц үг ган хийхгүй, найз охин нь нулимсаа арчиж суугаа харагдсан. Амьдралын утга учир минь, бахархал минь, ханийн минь захиж үлдээсэн ганц эрдэнэ минь... Алгын чинээ байсан амьтан эрийн цээнд хүрчихлээ гэж санаад хэнтэй нөхөрлөж юу хийж явааг нь тоохгүй байтал насаараа хүний гарт орох болчихсон байсан. Би хүүгийнхээ хажууд уйлаагүй. Уйлах ч үгүй. Өмөг түшиг эцэг нь уйлж унжаад байвал хүү минь амьдрах итгэлгүй болчих вий гэж айсан.

Хүүг минь хохирогч гэж цагдаагийн байгууллага тодорхойлоод хохирол төлүүлнэ гээд бид хоёр зөндөө явсан. Хүү минь надад хэлэхээсээ өмнө хохирлын нэхэмжлэл дээр тодорхой юм бичээгүй, хуулийн байгууллага шударга оновчтой шийдвэр гаргана гэж итгэж байна ухааны юм бичээд өгчхөж. Тэгсэн хоёр нүднийхээ харааг алдчихсан хүний хохирлыг 479,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би дэндүү бага байна гээд өмгөөлөгч хөлслөөд гомдол гаргасан. Өмгөөлөгч маань өөр нэг хэрэг дээр нэг нүдээ алдсан хүнд 20 гаруй сая төгрөгийн хохирол тооцож төлүүлсэн тохиолдол байсан гэж хэлсэн. Хүмүүс намайг заргач, нэхэл хатуу гээд янз бүрээр л бодсон байх. Гэхдээ амьд хүн хорвоог харж чадахаа больчхоод байхад яаж хэдхэн төгрөгөөр амаа таглуулчхаад сууж байдаг юм. Зодсон залуу нь жил 6 сар аваад давж заалдаж байсан. Тэр хүний шоронд сууна уу, хоёр нүдээ ухаад өгнө үү бидэнд падлий байхгүй. Хүүгийн минь амьдрал орвонгоороо хөмөрчхөөд байхад гуравхан сая төгрөг аваад одоо яая гэх вэ дээ гээд суувал дэндүү шударга бус санагдсан учраас эцсийг нь хүртэл явахаар шийдсэн.

Бараг бүх шатанд заргалдсаны эцэст хохирлыг 3 сая төгрөг болтол л нэмүүлж чадсан. Хүү минь банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж эхлээд 5 сар болж байсан юм. Гэтэл энэ 3 сая төгрөг тэр 5 сард авсан цалинг нь ч давахгүй шүү дээ. Хүү минь хэдий хэр дэвшиж хичнээн жил ажиллах байсан бол? Би хүүгийнхээ өмнөөс асар их гомдолтой байна. Гэхдээ хүүг минь зодсон залууд биш Монголын хуулийн тогтолцоонд гомдож байна. Ядаж л өөр хүний нэг нүдийг 20 саяар үнэлсэнтэйгээ дүйцүүлээд үнэлсэн бол гэж хааяа гомддог юм.

Одоо хүү минь гэрээсээ онлайн дэлгүүрийн мэдээлэл өгдөг ажил хийж байгаа. Аав дээрээ ирээд амьдар гэхээр нэрэлхээд ирдэггүй. Хараагаа алдаад жил гарам болсон болохоор аргаа олоод сурчихсан. Намайг байн байн очихоор бас дургүйлхэнэ. Мөнгө төгрөг өгье гэхээр бас их ёозгүй. Арга ч үгүй биз дээ. Саяхан мэргэжлийнхээ ажлыг хийгээд гялалзаж явсан хүн чинь шалдаа буухгүйн тулд чадах ажлаа хийгээд хичээж л байна.

Найз охинтой нь хэдэн сарын өмнөөс таарахаа огт больсон. Тэр охиныг буруутгаж чадахгүй л дээ. Харин ч эхэн үедээ сэтгэл санааны хямралд орсон байхад нь хань болж их тус болсон. Би ч яахав дүүрч, залуу хүн насаараа нэг хүнийг асраад явна гэж юу байхав. Надаас хойш хүү минь яах бол, аргаа олоод зүдрэхгүйхэн амьдраад сурчхаасай л гэж боддог юм. Дараагийн амьдрал гэж байдаг бол хөөрхий ижийнх нь царайг яаж харна даа гэхээс л яс хавталзах юм.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ